Уншиж байна ...

Ж.Ганболд: "Улаанбаатар 2024" марафонд оролцогчдод зориулж 30,000 энгэрийн дугаар бэлдсэн

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 4 сарын 30
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Улаанбаатар марафон 2024” олон улсын гүйлтийн тэмцээнийг тавдугаар сарын 25-ны Бямба гарагт зохион байгуулахаар товлосон билээ.

Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилгоор “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг 2014 оноос уламжлал болгон зохион байгуулах болсон юм.

Тэгвэл өнөөдөр тэмцээнийг зохион байгуулагчид Хангарди оронд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Энэ талаар Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд "Улаанбаатар марафоны бүртгэлийн үйл ажиллагаа гуравдугаар сарын 20-ноос эхэлсэн. Харин бүртгэлийн дугаар олгох хугацаа ирэх тавдугаар сарын 1-нээс 20-ныг дуустал үргэлжилнэ.

Марафоны үндсэн зай болон хагас марафон, 10,000 болон 5,000 метрт оролцох гүйгчдэд энгэрийн дугаар олгоно. 1,500 метрийн уралдаанд гэр бүл болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 800 болон 500 метрийн зайд тусгай олимпын иргэд оролцоно.

Иргэд урьдын адил "Hipay" аппликэйшнээр бүртгүүлээд дараа нь энгэрийн дугаар авч, бүртгэлээ баталгаажуулахдаа есөн дүүргийн биеийн тамирын хороонд бүртгүүлэх юм. Хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай олимпын төрөлд гүйх иргэд Нийслэлийн биеийн тамир спортын газарт бүртгүүлнэ.

Нийт 30,000 энгэрийн дугаар бэлдсэн. Өмнө нь дугаар давхардвал үсгээр ялгадаг байсан бол энэ жил дугаар давхцахгүй гэдгээр онцлог болж байна. Бүтэн марафон буюу 42 км-т гүйх иргэдэд 00001 - 00301 хүртэл дугаар бэлдсэн. Ингэснээр чип уншуулахад тоо давхардахгүй давуу талтай.

Гүйлтийн маршрутын хувьд төвийн зургаан дүүрэгт 10 км тойрог зам гаргасан. Энэ замыг бүтэн марафонд гүйгчид дөрвөн удаа тойрох бол хагас марафонд оролцогчид хоёр удаа тойрно.

Зургаан дүүргийн уулзвар бүрд иргэдэд зориулсан арга хэмжээ болно" гэж ярилаа.

Олон улсын марафонд ашигладаг finish camera-ыг хэрэглэнэ

зураг
 
Улаанбаатар марафон 2024
зураг
 
Улаанбаатар марафон 2024

Түүний дараа "Hipay" компанийн хэвлэлийн төлөөлөгч н.Санчирмаа "Манай компани Улаанбаатар марафонд гурав дахь жилдээ хамтран ажиллах гэж байна. Иргэдэд энэ өдөр хамгийн эрэлттэй байдаг зүйл бол хоолны асрууд байдаг. Энэ жилийн хувьд мэргэжлийн байгууллагаас автобусны буудал бүрд хоолны асрууд байрлуулна.

Сүхбаатарын талбайд 50 гаруй спорт клуб иргэдэд хямдралтай үнээр үйлчлэхээр төлөвлөж байна. Мөн эрүүл мэндийн байгууллага болон ивээн тэтгэгчдийн асрууд байх болно.

Энэ жил олон улсын марафонд ашигладаг finish camera-ийг хэрэглээнд нэвтрүүлж байна. Түүнчлэн гадаад иргэдийн бүртгэлийг хялбаршуулах үүднээс олон улсын төлбөрийн картыг системд холбосон. Тиймээс гадаадаас иргэд оролцох хүсэлтэй бол шууд төлбөрөө төлөх боломжтой. 

Бүртгэл эхлээд сар гаруйн хугацаа өнгөрөхөд бүртгүүлсэн иргэдийн 50 орчим хувь нь 10 болон түүнээс дээш зайд уралдахаар хүсэлтэй байгаа аж. Өнгөрсөн жилд ойрын зайд гүйх хүмүүс цагийг нь тулгаж бүртгүүлсэн асуудал их гарсан. Тиймээс иргэдийг хугацаа байгаа дээр бүртгэлээ хийлгэхийг уриалж байна.

Өнгөрсөн жил 500 гаруй оюутнууд сайн дурын ажилтнаар бүртгүүлсэн. Сайн дурын ажилтнаар бүртгүүлж ажилласан иргэд цахимаар сертификатаа авдаг. Үүнийгээ дараа гадаадад сургуульд явахдаа ашиглах боломж нь нээлттэй" гэж онцолжээ.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Тээврийн цагдаагийн албаны замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Б.Гомбосүрэн марафоны үеэр замын хөдөлгөөнд ямар арга хэмжээ авах талаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Өмнөх жилийнхтэй ижил Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх, Залуучуудын өргөн чөлөө, Сансрын тойрог, Бага тойруугаас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх болон Сөүлийн гудамж, Гэндэнгийн гудамж гэх мэтийн замууд хаагдана. Нийт 300 гаруй цэгт 450 орчим алба хаагчид өглөөний 06:00 цагаас 18:00 цаг хүртэлх хугацаагаар замын хөдөлгөөний хязгаарлалтад хяналт тавина" гэсэн юм.