Уншиж байна ...

Түнхэл тосгоныг сум болгох саналыг нутгийн иргэд илэрхийллээ

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Орон нутгийн хөгжил дэвшилд хориг саад болж буй асуудлаар Түнхэл тосгоны иргэд “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. 

Энэ үеэр Түнхэл тосгоныг сум болгох саналыг тэд илэрхийлж байсан юм. 

Тодруулбал "Засаглал болон тогтолцооны гажуудал, алдаа дутагдлаас болж Түнхэл багийн иргэдийн эрх ашиг зөрчигдөж, ая тухтай амьдрах орчин хүндэрч байгаа. 

Түнхэл тосгон нь нийслэл хотоос 130 километр, Сэлэнгэ аймгийн Мандал сумаас 40 километр зайтай байдаг. Нийт 900 гаруй айл өрхтэй, 3,100 орчим хүн ажиллаж, амьдардаг суурин.

Цаашид Түнхэл тосгоныг бие даасан сум болгосноор илүү хөгжих боломжтойг тосгоны иргэд зуун хувь дэмжиж байгаа" гэдгийг хэллээ. 

Түнхэл тосгоны иргэн н.Мягмарсүрэн "Дээр дурдсанчлан манай тосгон Мандал сумаас 40 гаруй километр алслагдсан. 

Тиймээс ч онцгой байдлын тусламж үйлчилгээ авахад хүндрэлтэй байдаг. Түүнчлэн зам харгуй муу зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан иргэд өмч хөрөнгө, амь насаараа хохирсны ард онцгойн тусламж ирж байна. 

Сүүлийн таван жилд айл өрх, албан байгууллага, дэлгүүр хоршоо галын аюулд өртөж, нийт найман удаагийн тохиолдлоор нэг иргэн эрстсэн. Энэ мэтчилэн иргэд эд хөрөнгө, амь насаараа хохирсоор байна.

Төрийн болон эмнэлгийн үйлчилгээ авахын тулд Түнхэл тосгоны иргэд сумын төв рүү олон удаа явах шаардлагатай болдог. Улмаар цаг хугацаа, мөнгө санхүүгээр хохирч байна. Иргэдэд тулгамдаж буй энэ бүх асуудлаас гарах гарц бол Түнхэл тосгоноо сум болгох явдал гэж үзэж байгаа" гэлээ. 

"Уулын мухарт хавчуулагдаад байгаа 3,100 хүний эрх ашиг маш хүндрэлтэй байна"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Түнхэл тосгоны иргэн н.Шижир "Манай тосгоны сургуулийн насны 600 гаруй хүүхэд, цэцэрлэгийн насны 200 орчим хүүхдийн эрх нэн түрүүнд зөрчигдөж байна. Сумаасаа алслагдмал учраас Сэлэнгэ аймгийн Мандал сумын засаг, захиргаа бидэнд хүрч ажилладаггүй.

УИХ-д сонгогдсон гишүүд хүртэл дөрвөн жилд нэг удаа үзэгдэж байна. 

Усанд хаясан чулуу шиг болсон, уулын мухарт хавчуулагдаад байгаа 3,100 хүний эрх ашиг, эрх зүйн орчин маш хүндрэлтэй байна.

Түнхэл тосгоныг сум болгох олон шалтгаан бий. 

Залуучуудын хөгжил орхигдсон. 25-30 насны залуу хосууд, 4-5 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйчүүдэд хүрч байгаа үйлчилгээ байхгүй. Эдгээр асуудлыг цэгцлэхийн тулд сум болгоё" хэмээн байр сууриа илэрхийлэв. 

Түнхэл тосгоны иргэн н.Бадамсүрэн "Түнхэл тосгон сумын статустай болох бүрэн боломжтой. Ийм нөхцөл бүрдсэн. 

Сум болсноор Түнхэлийн ард иргэдийн ахуй амьдралын шаардлагатай асуудлыг шийдвэрлэх нэн боломжтой. Жишээ нь зам харгуй тавих, зөгийн аж ахуй үржүүлэх, аялал жуулчлал ч хөгжих боломжтой" гэлээ.