Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/03/09-НД НИЙТЛЭГДСЭН

"Хүүхэд хулгайлахыг завдсан хэргийг шалгаж байна, Төв талбайд жагссан 3 эмэгтэйг БАРИВЧЛААГҮЙ"

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 3 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улаанбаатар хотын Цагдаагийн Газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

2017 оны гуравдугаар сарын 8-ны өдөр олон нийтийн мэдээллийн хуудсаар бага насны хүүхдийг хулгайлах гэж байсан үйлдлийг хажуу айлынх нь хүн хараад таслан зогсоолоо гэсэн утга бүхий мэдээлэл гарсан. Энэ хэргийг Цагдаагийн байгууллагад шалгаж байна.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ё.Лхагвасүрэн “Энэхүү хэргийг Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн 1-р хэлтэст шалгаж байна. Гэмт хэргийн хохирогч Т гэгч хүүхэд Сүхбаатар дүүргийн 8-р хороонд оршин суугч, 11 настай. Хүүхдийн биеийн байдал сайн байна.

Иргэдэд хандан хэлэхэд аливаа онц хүнд гэмт хэргийн талаарх мэдээллийг юун түрүүнд нийгмийн сүлжээнд биш Цагдаагийн байгууллагад мэдээлж байх шаардлагатай байна.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлснээр тухайн гэмт хэрэгтэн хэргийн ул мөрийг арилгах, бүгэх, зугтах зэрэг сөрөг үр дагавар гардаг.

Тиймээс ямарваа нэгэн гэмт хэргийн талаарх мэдээлэл байвал нэн яаралтай цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд хандаж байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна” гэлээ.

Д.Сүхбаатарын талбай дээр эсэргүүцлээ илэрхийлсэн гурван эмэгтэйг баривчлаагүй

 
Гэрэл зургийг mpa.mn

Мөн гуравдугаар сарын 8-ны өдөр Д.Сүхбаатарын талбай дээр гурван эмэгтэй оффшорчдыг эсэргүүцэн, хагас нүцгэн байдалтайгаар эсэргүүцлээ илэрхийлсэн. Тэднийг Цагдаагийн байгууллагаас баривчилсан гэсэн мэдээлэл гарсан юм.

Энэ талаар Ё.Лхагвасүрэн "Д.Сүхбаатарын талбай дээр эсэргүүцлээ илэрхийлсэн гурван эмэгтэйг баривчлаагүй. Гэхдээ аливаа нэг жагсаал цуглаан хийх гэж байгаа бол хуулийн дагуу тухайн харьяалсан хороо, дүүргийн засаг даргад мэдэгдэх ёстой.

Ингэснээр Цагдаагийн байгууллагаас тэдгээр иргэний аюулгүй байдлыг хангах болон өөр бусад үйл ажиллагаатай давхцаж байгаа тохиолдолд зохицуулалт хийж өгдөг.

Тэгэхээр үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хааж боосон асуудал байхгүй, харин үүнийгээ мэдэгдэж байж үйл ажиллагаа зохион байгуулаарай гэж зөвлөж байна” гэлээ.