Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/21-НД НИЙТЛЭГДСЭН

Ангол, Тунис... бас Монгол

Б.Болорсүх, iKon.mn
2017 оны 2 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хар тивийн Ангол, Тунистай хаа байсан Азийн Монгол юугаараа холбоотой вэ? Уг нь холбох юу ч үгүй л дээ. Гэвч бид өнгөрөгч Ням гарагаас хойш холбогдох зүйлтэй болсон. ОУВС-аас хөгжил буурай, төсвийн тэнцвэр алдагдсан, ядуу орнуудад олгодог “Санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөр”-т хамрагдах болсноор хар тивийн хоёр улстай ижил хувь заяатай болж ирлээ. Гэвч бид нэг зүйлийг анхаарахад илүүдэхгүй. Ангол, Тунис бол шашин хоорондын мөргөлдөөн, иргэний дайны хөлд нэрвэгдсэн тэмцлийн дунд байгаа улс. Тэнд эрх чөлөө, ардчилал бүү хэл энэ талаар хэлэх ч хориотой байгаа. Харин Монгол тэдэн шиг иргэний дайны хөлд дарлуулж, шашин хоорондын мөргөлдөөн гаарсан билүү?

Ангол ба Тунис

Ангол. Өмнөд Африкийн хамгийн хөгжил буурай орон. Өнгөрсөн 50 гаруй жилийн хугацаанд энхтайван гэдгийг бараг үзээгүй энэ улс 2016 оноос эхлэн ОУВС-ийн “Санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөр”-т хамрагдаж, 4.5 тэрбум ам.долларын тусламж аваад байна. Олон жил үргэлжилсэн иргэний дайн, дуусч өгдөггүй ган гачгаас болоод энэ улсад үйлдвэрлэл гэх юм бараг хөгжөөгүй.

Өнгөрсөн 25 жилийн хугацаанд тус улс гадаадаас 50 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний тэтгэмж авчээ. Дотоодын санхүүгийн байдал, санхүүгийн тэнцвэр алдагдсанаас шалтгаалан ОУВС хатуу бодлого баримтлах шаардлага тавьж улмаар тус улсын өмнөх удирдлага, сайдуудад сахилгын арга хэмжээ аваад  байна. ОУВС болон БНХАУ, ОХУ-ын тусламжтайгаар тус улсад хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн томоохон төслүүдийг ирэх 5 жилийн дотор хэрэгжүүлэхээр болжээ. 

Тунис. Хойд Африкийн хамгийн байрлал сайтай, Европ гарах гарц ч гэж хэлж болох энэ улс сүүлийн 20 жилийн туршид үндэстэн, шашин хоорондын мөргөлдөөний золиос болж буй.  Анголыг бодвол хүнд болон хөнгөн үйлдвэр, аялал жуулчлал ихээр хөгжсөн энэ улс дотоодын авлига, хүнд суртал, зохион байгуулалттай бүлэглэлийн харалган бодлогын улмаас ОУВС-аас тусламж авах дээрээ тулжээ.

ОУВС-ийн хөтөлбөрийн дагуу тус улсад гурван жилийн хугацаатай 2.9 тэрбум ам.долларын зээл олгоно.  ОУВС-ийн өгөх тусламжийн дагуу төрийн өндөр албан тушаал хашигсдын цалинг тодорхой хэмжээгээр бууруулан, элдэв халамжийг цөөлж, өндөр орлоготой иргэдэд тавих татварын хяналтыг сайжруулах шийдвэрийг гаргаад байна. 

Монголд өгөх хаялга

Олон Улсын Валютын Сангийн шаардлагыг хангаж, Сангийн яам нь хэдийгээр хүлээн зөвшөөрч, захирлуудын зөвлөл үүнийг эцэслэн шийдвэрлэнэ. Бид ОУВС-аас гурван жилийн хугацаатай 440 сая ам.долларын зээл авна. Зээлийг хэрэгжүүлэхийн тулд 7 төрлийн тэр дундаа шатахууны онцгой татвар, автомашины онцгой албан татвар, Хүн амын орлогын албан татварыг үе шаттайгаар нэмэгдүүлнэ.

Халамжийн давхардсан бодлогуудыг зогсоож, хүүхдийн мөнгөн тэтгэмж авагсдын 20 хувийг танана. Цалин, тэтгэврийн тухайд ойрын гурван жилийн турш нэмэх тухай ярих хэрэггүй болж байна.  

“Энэ тохиролцоог баталгаажуулахын тулд юуны түрүүнд дэмжлэг өгөхөө мэдэгдсэн олон талт болон хоёр талт байгууллагуудаас албан ёсны баталгаа гаргуулах ёстой. Мөн захирлуудын зөвлөлийн хурал хүртэл танай засгийн газар гурван арга хэмжээ авах үүрэг хүлээж байгаа. Нэгдүгээрт 2017 оны төсөвт тодотгол оруулах, хоёрдугаарт банкны салбарт хийх ёстой үнэлгээний процессыг эхлүүлэх, эцэст нь Монгол банкнаас санхүүжүүлдэг төсөвтэй адилтгах үйл ажиллагааг зогсоох гэсэн гурван арга хэмжээ авах шаардлагатай байна” гэж ОУВС-ийн Ажлын хэсгийн ахлагч Коши Матай мэдэгдээд байна. 

Ахын хаялга дүүд ирэхдээ нэлээд чангатгасан хөтөлбөрийн дагуу ирж байна. Үүний үр дүнд бид дараах асуудлуудыг даван туулах хэрэгтэй болж мэдэх юм. Энэ шаардлагын дагуу бензиний үнэ нэмэгдэнэ. Автомашины үнэ татвар нэмэгдсэнтэй холбоотойгоор нэмэгдэнэ. Хүн амын орлогын албан татвар нэмэгдсэнээр цалингаас авдаг хэд маань багасна. Цэргийн алба хаагчдад төрөөс олгох байсан орон сууцны хөтөлбөр бүрэн зогсоно. Хүний юмыг авах гэж байгаа бид одоо хүний тоглоомын дүрмээр тоглохоос аргагүй болж байна.

Бид тийм асуудалтай улс уу?

Дээр дурдсан Ангол, Тунис улсыг бодвол бидэнд шашин хоорондын тэмцэл, олон жил үргэлжилсэн иргэний ужиг дайн самуун, үндэстний цөөнхийн асуудалгүй улс.  Бидэнд ил харагдах зовлон байхгүй. Гагцхүү бодлого тодорхойлогчдын харалган бодлогын уршгаар ОУВС-аас тусламж гуйхад хүрээд байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бид “Чингис” болон “Самурай” бондыг гадны зах зээлээс босгосон. Чингис бонд нь 1.5 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа бол “Самурай” бонд нь 30 тэрбум иенээр хэмжигдэж байгаа. Бид үүгээр мөнгө болгочих юу ч бариагүй. Бүр тавдугаар цахилгаан станцын ч сураг алга.

Харин бид ийм мөнгө босгож байж дэд бүтэц сайжруулах, жижиг дунд бизнес эрхлэгчдэд зээл хэлбэрээр тараагаад дууссан. Бүтээх, босгох, мөнгө болгох юунд ч зарцуулаагүй гэдгийг санах хэрэгтэй. Гэвч дээрх хөнгөлөлттэй зээлд Монголын жирийн иргэд хамрагдаж чадаагүй гэдэг нь гашуун үнэн.

Төрийн тансаглалыг иргэд нь ирэх гурван жилийн дотор төлөх болоод байгаа нь хэний гавьяа вэ?


Жич: Ангол улс ирэх таван жилийн дотор хөнгөн үйлдвэрийн олон улсын хувь нийлүүлсэн таван томоохон төсөл эхлүүлэхээр өнгөрөгч 11-р сараас ажилдаа оржээ. Харин Тунис улс “Airbus”, “HP” компанийн үйлдвэрүүдийг улсдаа барихаар болж, 35 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг үйлдвэржилтийн төсөлдөө татахаар болоод байна.