Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

К.Кобландин: Казахстаны Ерөнхийлөгч зарим эрх мэдлээ ЗГ, ПАРЛАМЕНТДАА ШИЛЖҮҮЛНЭ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 2 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Казахстан улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд К.Кобландин өнөөдөр цаг үеийн асуудлаар сэтгүүлчидтэй уулзаж мэдээлэл өглөө.

Өнөөдрийн мэдээллийн гол сэдэв нь БНКазУ-ын Ерөнхийлөгч Н.А.Назарбаев ерөнхийлөгчийн гаргасан эрх мэдлийг дахин хуваарилах төлөвлөгөө, ард түмэндээ хандсан дараагийн илгээлтийн талаар байсан юм.

2017 он Казахстан улсын хувьд олон улсын хүрээнд чухал ач холбогдолтой жил болж байгаа ажээ. Учир нь тус улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдож, Сирийн хямралыг зохицуулах олон талт хэлэлцээрийг нийслэл Астана хотдоо зохион байгуулахаар болсон байна. Мөн улс төрд гарч буй нэгэн томоохон өөрчлөлт нь Ерөнхийлөгч Н.А.Назарбаев эрх мэдлийн заалтуудыг Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах замаар дахин хуваарилж, улс төрийн тогтолцоог Ардчилсан болгох төлөвлөгөөг гаргасан байна.

Энэ талаар Элчин сайд К.Кобландин “Засгийн газар болон парламентад ерөнхийлөгчийн 40 гаруй эрх мэдэл хуваарилагдана. Үүнтэй холбогдуулах Үндсэн хууль болон холбогдох бүх хууль тогтоомжинд өөрчлөлт оруулахаар нэгдүгээр сарын 26-наас дөрөвдүгээр сар хүртэл бүх нийтийн санал асуулга явагдаж байгаа.

25 жилийн өмнө Казахстан улс ерөнхийлөгчийн засаглалыг сонгосон. Энэ нь эдийн засгийн асуудлыг хурдан  шийдвэрлэх ач холбогдолтой байлаа. Энэ 25 жилийн хугацаанд Казахстан улс эдийн засгийн чадвараараа ахиц гаргаж, ард иргэдийн амьдралын түвшин дээшилж, дэлхий нийтэд өөрийн гэсэн байр суурьтай болсон гэж бодож байна. Одоо шинэ шатанд гарч, улсын хууль тогтоох, гүйцэтгэх засаглалыг бэхжүүлэх үндсэн зорилт тавьж байгаа. Мөн ардчиллыг мөн чанараар нь хөгжүүлнэ” гэв.

Засгийн газар, Парламент, Ерөнхийлөгч ямар эрх мэдэлтэй болох вэ?

Парламент Засгийн газрын бүтцийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөж батлах, Засгийн газрын гишүүдэд үл итгэх боломжтой байх, Орон нутгийн удирдах байгууллагын үйл ажиллагааг шууд хянах зэрэг эрх мэдэлтэй болно.

Харин Засгийн газар улсын нийгэм, эдийн засгийн хөгжилтэй холбоотой бүрэн үүрэг даалгавар авна. Мөн Төрөөс хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийг Засгийн газар бүрэн эрх мэдлийнхээ хүрээнд шийдвэрлэнэ.

Ерөнхийлөгчийн хувьд төрийн тэргүүний эрх мэдэлд стратегийн чиг үүрэг болох засаглалын байгууллагууд хоорондын харилцаанд дээд шүүгч /арбитр/ байна.

Казахстан улс дэлхийд өрсөлдөх чадвараараа тэргүүлдэг 50 орны эгнээнд орно гэв

Тус улсын ерөнхийлөгчийн ард түмэндээ хандсан дараагийн илгээлт нь дэлхийд өрсөлдөх чадвартай Казахстан улсыг байгуулах сэдэв байлаа. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Казахстан улсад хоёр том шинэчлэл амжилттай хэрэгжжээ. Харин гурав дахь том зорилт нь тус улсыг дэлхийд өрсөлдөх чадвараараа тэргүүлдэг 50 орны нэгд оруулах аж.

Ингэхийн тулд:

  • Эдийн засгийн хөгжлийн шинэ технологийн (тоон-Digital) загвар бий болгох. 3D хэвлэл, онлайн худалдаа, мобайл банк, дижитал үйлчилгээ үзүүлэх зэрэг эрүүл мэнд, боловсрол болон бусад салбарыг хөгжүүлэх,
  • Шинэ үйлдвэрлэл байгуулан уламжлалт салбаруудыг хөгжүүлэхэд түлхэц өгөх,
  • Эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдлын тулд улсын уул уурхайн металлургийн болон газрын тос, байгалийн хийн цогцолборуудын хөгжилд стратеги ач холбогдол өгөх,
  • Хөдөө аж ахуйн салбарыг эдийн засгийн шинэ хөдөлгөх хүчин зүйл болгох,
  • Шинэ евразийн логистикийн дэд бүтцийг хөгжүүлэх,
  • Хотжилтын үйл явц, орон сууцны зах зээлийг хөгжүүлэх. Цаашдын 15 жилд 1.5 сая гэр бүлийг орон сууцтай болгохыг төлөвлөсөн,
  • Институцийн өөрчлөлт, аюулгүй байдал болон авилгын эсрэг тэмцэл хийх,
  • Казахстаны эдийн засгийн өсөлт дэлхийн дундаж төвшнөөс дээж байлгах ба Казахстаны хөгжингүй 30 орны эгнээнд ороход 5 үндсэн тэргүүлэх ач холбогдолд анхаарах гэх мэт олон ажлуудыг хийхээр төлөвлөсөн тухай өнөөдөр Элчин сайд танилцууллаа.