Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/20-НД НИЙТЛЭГДСЭН

Трампыг өдсөн монгол дипломатч

Н.Эрдэнэ, Өглөөний сонин
2017 оны 1 сарын 20
MorninigNews.mn
Зураг зураг

-Далай ламаас болж урд хөрштэйгөө эвдрэлцэх шахсан, хойд ах нартайгаа ч олигтой хэл амаа ололцож чадахгүй байгаа Монголд одоо Америкийг өдөх л дутаж гэнэ- 

Монгол Улс, АНУ-тай дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ жил тохиож буй юм. Хоёр том гүрний дунд хавчуулагдсан Монгол Улс гуравдагч хөрштэй байхын чухлыг ухаарч, холын Америктай түншилж эхэлсэн 30 жилийнхээ ойг угтаж монголчууд янз бүрийн л арга хэмжээ зохиож байгаа бололтой юм.

Харин голоор нь эсгий хийх газар нохой хэрэггүй гэдэг шиг л юм болж. Гадаад яаманд уржигдар “АНУ-ын Зүүн хойд Ази дахь бодлого ба Монгол-Америкийн харилцаа” сэдэвт залуу судлаачдын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдаж.

Залуу судлаачдын хурал дээр салбартаа олон жил нэр хүндтэй ажилласан хашир бурхинууд очиж илтгэл тавих нь тодорхой. Тэр үеэр элчин сайд асан Ч.Баатар гэж хүн ганц хоёрхон өдрийн дараа тангараг өргөж, АНУ-ын Ерөнхийлөгчийн суудалд залрах гэж байгаа Дональд Трампыг ёстой нөгөө “газар дор ортол нь муу хэлнэ” гэдгийг үзүүлж залуу судлаачдын нүдийг орой дээр нь гаргажээ.

Тэрбээр “АНУ-д өнгөрсөн 70 гаруй жилийн хугацаанд ардчилал, эрх чөлөө, хүний эрхийг тугаа болгож ирсэн бодлого нь дуусгавар болж, Трампын эрин эхэлж байна. Өнгөрсөн 70 жил АНУ-ын хувьд үзэл санааны, үзэл суртлын тэмцлийн жил байсан гэж болно. Энэ хугацаанд Зөвлөлтийн социалист үзэл санаа нуран унаж, энэ үзэл санааг дэмжиж ирсэн Хятад улс ч зугуухнаар өөрчлөлт шинэчлэлийг эхлүүлээд байна.

АНУ-ын энэ бодлого Барак Обаматай хамт төгсч байна. Харин Дональд Трампын гол туг нь “хувиа хичээ, довоо шарлуул” гэх үзэл санаа байх болно. Үүд хаалгаа, ялангуяа лалын шашинтнууд, цагаачдад үүд хаалгаа хааж байна. НҮБ, НАТО зэрэг олон улсын институтүүдийг нураан бусниулахад бэлэн байна.

Трамп дэлхийн асуудлыг дэлхийн хэмжээнд харж чадахгүй, зоосны нүхээр, зөвхөн бизнесийн схемээр хардаг, зөвхөн өөрт ашигтай байх тийм арга замаар дэлхий нийтэд хандана. АНУ-ын зүгээс дэлхий нийтэд ихээхэн хор уршиг дагуулж мэдэх тийм бодлого эхлэх нь үү гэж харж байна. Трампын эрин гэдэг хар шөнө хэр удаан үргэлжлэх вэ гэдэг хүлээлт дэлхий нийтэд байна. Трамп Гитлер шиг аюул занал дагуулах уу гэдэг асуудал тулгарч байна” гэжээ.

Трампын засаг захиргаанаас гадаад харилцаандаа ямар, ямар бодлого баримтлахыг олон улс тандан хүлээж байгаа. Америкийн хамгийн ойрын түнш Европын орнууд төдийгүй, Орос, Хятад, Ази, Африкийн орнууд чимээгүйхэн ажиглан хүлээж байгаа.

Ийм байтал хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт ойгоор нь шинэ Ерөнхийлөгчийг нь “Гитлер шиг аюул занал дагуулах уу”, “Трампын эрин гэдэг хар шөнө”, “Олон улсын институтүүдийг нураан бусниулахад бэлэн”, “Америкийн 70 жилийн бодлого төгсч байна” гэх мэт бүдүүлэг үгсээр бэлэг барьж буй энэ судлаач гэх эрхэм хэн бэ?

Түүнийг Чойсүрэнгийн Баатар гэх бөгөөд Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд цолтой, дипломатч хүн юм байна. Тэрбээр ГХЯ-ны дэд сайд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга, НҮБ-ын дэргэд суугаа Монгол Улсын байнгын төлөөлөгч, АНУ дахь Монгол Улсын ЭСЯ-ны элчин зөвлөхийн ажил, алба хашиж ирсэн туршлагатай дипломатч байх юм.

Энэ эрхэм өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын эхээр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын өдрөөр “ТВ9” телевизийн шууд эфирт олон улсын тоймч Ш.Гантулга, Н.Энхбаярыг өмөөрч нулимс дуслуулагч Э.Эрдэнэжамъян нартай зэрэгцэж суугаад сонгуулийн үйл явцыг тайлбарлангаа Трампыг муулж байсан яг л тэр сэтгэл хөдлөлөөрөө эрдэм шинжилгээний бага хуралд ирсэн бололтой юм.

Америк, Монголын түншлэлийн харилцаанд хувь нэмрээ оруулж ирсэн хүн өөрөө ийн залуу судлаачдад үлгэр үзүүлж, дэмий юм ярьж болдог ч юм уу.

Далай ламаас болж урд хөрштэйгөө эвдрэлцэх шахсан, хойд ах нартайгаа ч олигтой хэл амаа ололцож чадахгүй байгаа Монголд одоо Америкийн төрийн тэргүүнийг өдөх л дутаж.

Монгол Улсыг олон улсын хамтын нийгэмлэгт төлөөлж байсан, Монгол, Америкийн харилцааны асуудлаар цөөнгүй жил ажилласан, мэргэшсэн гэх дипломатч судлаач нэрээр том бүлтэрч, улс орондоо гай болох хэрэг байна уу. Ийм л этгээдийг Аюулгүйн зөвлөлдөө ажиллуулж байсан Монгол төрийн хар хайрцагны бодлогыг юу ч гэмээр юм бэ дээ?

Зураг