Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг буцааж буйгаа мэдэгдлээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2017 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир / mpa.mn

УИХ дахь МАН-ын бүлгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах гурван үндэслэл бүхий саналыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүллээ. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатар, УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат нар мэдээлэл хийлээ. 

МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн Сонгуулийн нэгдсэн хуулийн төслөөс тусад нь өргөн барьж хэлэлцүүлж эхэлсэн билээ. УИХ дахь МАН-ын бүлэг 2017 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр хуралдаж, хуулийн төслийг буцаах шийдвэр гаргалаа” гэв. 

Ийнхүү Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг буцаахдаа доорх гурван үндэслэлийг харгалзжээ. 

Нэгдүгээрт, өмнөх парламентын үед УИХ-ын сонгууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн, орон нутгийн сонгуулийг нэг хуулиар буюу Сонгуулийн тухай хуулиар зохицуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү нэгдсэн хуулиас Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг дангаар салган хэлэлцэх явцад өмнөх хуулийн зохицуулалтаа хэрхэн хүчингүй болгох асуудал нарийвчлан тусгагдаагүй нь хууль батлахад хүндрэл бий болгож байна. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болон Улсын Их Хурал, орон нутгийн сонгуулийн асуудлыг тус тусад нь зохицуулсан тухайлсан хуулиудыг хамтад нь хэлэлцэн шийдвэрлэх нь хуулийн техник, хууль батлах процедурт нийлэмжтэй байна. 

Хоёрдугаарт, МАН нь улс орны нийтлэг эрх ашгийг дээдлэн аливаа асуудалд үндэсний зөвшилцөл ойлголцлыг эрхэмлэн ирсэн улс төрийн хүчин. Сонгуулийн хуулийг парламентын зөвшилцөл, УИХ-ын гишүүдийн нийтлэг ойлголцолд тулгуурлан батлах нь зүйд нийцэх болно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх явцад улс төрийн намуудын байр суурь, ард иргэдийн санал хүсэлт, хэвлэл мэдээллээр гарч буй шүүмжлэл, хандлага, ялангуяа УИХ-ын гишүүдээс хэлэлцүүлгийн шатанд зарчмын зөрүүтэй 149 санал гаргасан нь уг асуудлаар парламентын түвшинд нэгдсэн ойлголцолд хүрээгүй байгааг илтгэж байна.

Гуравдугаарт, уг хуулийн төслийг хэлэлцэх явцад завсарлага авсан, зарчмын зөрүүтэй олон санал гарсан, өмнөх хуулийн зохицуулалтыг хүчингүй болгох процедур хүндрэлтэй зэрэг хуулийн хэлэлцүүлэг сунжирсан нь гишүүдийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөлд тусгасан хуулийн хугацаануудтай зөрчилдөн цаашид хуулийн хугацааг өөрчлөх шаардлага бий болгоод байгаа аж. 

Мөн хуулийг хэлэлцэн баталж хэрэгжүүлэхэд цаг хугацааны хувьд цаашид хэлэлцүүлгийг үргэлжлүүлэх боломжгүй болоод байгаа зэрэг нь уг хуулийн төслийг буцаан татах үндэслэл болжээ.