Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хүнхэр болон 3D телевизийн эрин дуусжээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 1 сарын 6
IKON.MN
Зураг зураг

Хүнхэр (нумарсан ч гэдэг) болон 3 хэмжээст телевизууд хэдхэн жилийн өмнө зах зээлд шинэ үзэгдэл болон гарч ирж байв.

Харин өчигдөр Лас Вегас хотод эхэлсэн CES үзэсгэлэн дээр эдгээр төрлийн бүтээгдэхүүнүүд бараг үзэгдсэнгүй. Үүний оронд ердийн хавтгай тэгш дэлгэцтэй телевизүүдийг нимгэн, илүү хурц, тод, нарийн дүрслэлтэй гэсэн үгээр сурталчилж байна.

Өмнөд Солонгосын LG компани гэхэд анх 2013 онд хүнхэр дэлгэц гаргаж байсан бол 2017 оны бүтээгдэхүүний жагсаалтаас үүнийг хасаж, тэгш нүүртэй, нимгэн дэлгэцүүдийг үзүүлж байв.

Мөн Самсунг компани өндөр үнэтэй загваруудаа 100 хувь хүнхэр дэлгэцээр гоёж байснаа энэ жилээс эхлэн тэгш нүүртэйг ч давхар гаргах болсон байна.

Самсунг, LG нь нийлээд дэлхийн телевизийн зах зээлийн гуравны нэгийг эзэлдэг.

Financial Times-ийн мэдээнд дурдахдаа 2016 оны гуравдугаар улирлын дүнгээр телевизийн нийт зах зээлийн дөнгөж 4 хувийг хүнхэр дэлгэц бүрдүүлж байгааг мэдээлжээ.

3D телевизүүд хүнхэр дэлгэцтэйгээс арай удаан зах зээлд борлогдож байгаа ч төдийлөн амжилттай болсонгүй. LG хамгийн сүүлийн 3D телевизээ энэ жилээс үйлдвэрлэхээ зогсоож байгаа бол Самсунг жилийн өмнө ийм шийдвэр гаргажээ.

Үүнтэй зэрэгцээд кинотеатруудад ч 3 хэмжээст киноны эрэлт буурсан байна.

2010 онд анхны 3D загвараа гаргаж байсан LG компанийн төлөөлөгч “3D дүрсэнд дурлагч олон хүн байдаг хэдий ч энэхүү технологийг амьд байлгах хангалттай зах зээл болж чадсангүй” хэмээн дүгнэжээ.

CNET-ийн мэдээлснээр 2012 онд АНУдахь телевизийн борлуулалтын 23 хувийг 3D эзэлж байсан бол 2015 онд 16 хувь болж буурсан байна.

Одоо хүмүүс дэлгэцнийхээ цэгийн нягтрал, дүрсний чанарт л анхаарал тавих болжээ.

Гэхдээ 4K нарийвчлалтай телевизийн эрэлт хангалттай биш хэвээр байна. IHS байгууллагын тоо баримтад дурдсанаар Америкчуудын 33 хувь нь 2019 онд 4K телевиз авахаар төлөвлөж байгаа гэжээ.

 

Эх сурвалж: Quartz