Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хөгжлийн банкны асуудлыг ХААЛТТАЙ хэлэлцэнэ

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 12 сарын 22
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төсөл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай буюу офшорын тухай хуулийн төсөл, Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг хэлэлцэхээр товлосон байсан. 

Мөн эдгээр хуулийн төслүүдийн дараа "Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэхээр оруулсан байв. 

Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлуудын талаар гишүүд саналаа хэлэх үеэр АН-ын бүлгийн зүгээс Хөгжлийн банкны асуудлыг хойшлуулах хүсэлт гаргасан бол МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа асуудлыг хаалттай хэлэлцэх санал гаргасан юм. 

Өмнө нь уг асуудлыг Эдийн засгийн болон Төсвийн Байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хаалттай хэлэлцэж байсан юм. 

Харин гишүүдийн зүгээс гаргасан саналыг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хүлээн авч, Хөгжлийн банкны асуудлыг хаалттай хэлэцэхээр болж, АН-ын бүлэгт үдээс хойших хуралдаанаас өмнө дотроо ярилцах цаг өгсөн юм. Тэрбээр “АН-ынг бүлэг үдээс өмнө завсарлага ав. Ажлаа бодмоор байна. Хэлэлцэх асуудлаа дарааллаар нь хэлэлцье” гэв. 

Харин офшорын тухай хуулийг өчигдрийн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээгүй учир өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэхгүй хойшлуулахаар боллоо.