Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/14-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп өнөөдөр технологийн салбарынхантай уулзана

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 12 сарын 14
IKON.MN
Зураг зураг
Дональд Трампын технологийн зөвлөх, тэрбумтан Питер Тиел

Цахиурын хөндийн нэр хүндтэй хүмүүс өнөөдөр буюу Лхагва гарагт Нью-Йоркийн Трамп цамхагт зочилж, хаалттай хаалганы цаана АНУ-ын шинэ ерөнхийлөгч болох хүнтэй уулзах гэж байна.

Өнөөдрийн уулзалтад Apple-ийн Тим Кук, Amazon-ий Жэф Безос, Facebook-ийн Шерил Сандбэрг, Oracle-ийн Сафра Кэц, Cisco-гийн Чак Роббинс, IBM-ийн Жинни Рометти, Intel-ийн Брайн Крзанич, Google-ийн Ларри Пэйж, Эрик Шмидт, Tesla-гийн Илон Маск, Microsoft-ийн Сатья Наделла нар уригджээ.

Хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар Тwitter-ийн Жэк Дорси зочдын тоонд багтаагүй нь сонирхол татаж байна. Учир нь Дональд Трампын хамгийн их хэрэглэдэг үйлчилгээ нь Twitter сүлжээ юм.

Уулзалтын хөтөлбөр ил болоогүй байгаа ч дотоодын үйлдвэрлэл, ажлын байр, засгийн газрыг автоматжуулж, үр дүнтэй механизм бий болгох асуудлууд яригдах нь тодорхой гэнэ.

Уулзалтад Трампын шилжилтийн багийн гол хүмүүсийн нэг, технологийн салбарын тэрбумтан, хөрөнгө оруулагч Питер Тиел гол үүрэгтэй оролцохоор байна.

Технологийн салбарыг сайн ойлгодоггүй гэгддэг Трамп хувь хүний мэдээллийн нууцлалд хүндэтгэлтэй ханддаггүй, эрх баригчид хувийн мэдээлэлд хандах эрхтэй байх ёстой гэж үздэг нь Холбооны Мөрдөх Товчоо, Apple-ийн хооронд үүссэн маргааны үеэр харагдаж байсан юм.

Тиймээс энэ сэдэв ч уулзалтаар яригдаж магадгүй байна.

 

Эх сурвалж: Quartz