Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/09-НД НИЙТЛЭГДСЭН

"Их эеийг хууль бусаар хуралдуулах гэж буй нь Бөхийн өргөө рүү 13 жил шунаж байгаагийн үргэлжлэл"

Б.Бадамгарав, IKon.mn
2016 оны 12 сарын 9
iKon.MN
 
Гэрэл зургийг Mpa.mn

МҮБХ-ны ээлжит бус Их эе хуралдааныг зохион байгуулах ажлын хэсгээс Их эе ээлжит бусаар энэ сарын 10-нд хуралдаж, МҮБХ-ны тэргүүнийг шинээр сонгох асуудлыг хэлэлцэнэ гэж мэдэгдсэн билээ.

Тэгвэл өнөөдөр энэ асуудлаар МҮБХ-ноос албан ёсны байр сууриа илэрхийлж, хэвлэлийн хурал хийсэн юм. Тус холбооны тэргүүн Р.Нямдорж “МҮБХ 2017 оны II улиралд багтаан Цэцдийн зөвлөлөө хуралдуулж, ээлжит их эеийн товыг тогтоон, улмаар МҮБХ-ны ээлжит их эеийг хууль ёсны хүрээнд, дүрмийн дагуу хуралдуулж, шинэ удирдлагаа сонгон ажиллуулах болно.

Гэтэл түүнээс өмнө хууль бусаар хуралдуулах гэж байгаа нь Бөхийн өргөө рүү 13 жил шунаж байгаа үйл явдлын үргэлжлэл” гэв. 

Мөн хууль бус хуралдаан тул түүнд очиж нэрээ бүү сэвтээгээрэй хэмээн уриалсан юм.

 
Гэрэл зургийг Mpa.mn

Хэвлэлийн хурлын үеэр МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж сэтгүүлчдийн зарим асуултад хариуллаа.

-МҮБХ-ны үйл ажиллагааг хууль бус байна гэсэн шүүмжлэл их байна. Энэ тухайд та ямар хариулт өгөх вэ?

-МҮБХ бол Монгол Улсад төрийн бус байгууллага хэрхэн ажилладаг жишгийг тогтоож байгаа нэр нөлөө бүхий байгууллага. Энэ нь хуулийн дагуу нэгээс нөгөөд шилжиж байх ёстой. Тиймээс тавдугаар сард Цэцдийн зөвлөлөө хуралдуулж, Их эеийн товыг гарган, дараагийн тэргүүнийг сонгуулъя гэж байгаа. 

-Санхүүгийн тайлан хэр нээлттэй вэ. Аудит хийлгэдэг үү?

-Гурван сар тутамд санхүүгийн тайлан гаргадаг. Хагас жил тутамд хөндлөнгийн аудит хийлгэдэг юм. Манайх санхүүгийн тайлангаа хэвлэн тараадаг. Үлэмж их ашиг олдог гэдэг ч худлаа. Тоглолт хийхэд гурван сая, бөхийн барилдаан болоход арван саяыг авдаг. Мөн санхүүгийн тайлангаа холбооныхоо холбогдох албан тушаалтнуудад болоод бөхчүүд, үзэгчдэдээ тараадаг учраас манай бүх зүйл нээлттэй.

-Ирэх онд албан ёсоор хуралдуулна хэмээж байгаа ээлжит Их эеэр таны эсрэг байр суурьтай байгаа хүмүүсээс тэргүүнээр сонгогдвол яах вэ?

-Олонхын дэмжлэг авахгүй гэдгийг сайн мэдэж байна. Яагаад гэвэл, би 26 жил бөхчүүдтэй ажиллаж байна. Бөхчүүд юу мэдэрдэг вэ, ямар байр суурьтай байдаг вэ гэдгийг би сайн мэднэ.

-Сонгогдвол та ажлаа хүлээлгэж өгөх үү?

-Мэдээж хэрэг өгнө. Би хуульч, багш хүн. Ёс суртахуунтай байх ёстой. Тэр хүн сонгогдвол хүлээн зөвшөөрнө.