Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/07-НД НИЙТЛЭГДСЭН

А.Сүхбат: Р.Нямдорж гуай, та дахиад хэдэн жил Монгол бөхийг самрах гэсэн юм бэ?

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 12 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын Үндэсний Бөхийн Холбооны ээлжит бус Их эе хуралдааныг зохион байгуулах ажлын хэсгээс өнөөдөр мэдээлэл хийлээ.

2016 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж энэ сарын 10-нд болох МҮБХ-ны ээлжит бус хурлыг хуралдуулахгүй байх тухай мэдэгдэл гаргасан.

Энэ тухай МҮБХ-ны Цэцдийн Зөвлөлийн тэргүүлэгч гишүүн Ү.Хүрэлбаатар “Монголын үндэсний бөхдөө Монгол хүн бүр хайртай.

Монголын үндэсний бөх бол төрийн хийгээд ард түмний эв нэгдлийн баталгаа болсон гайхалтай уламжлал. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд энэ чиглэлийн маргаан мэтгэлзээн тасралтгүй үргэлжилж байна.

Энэ тухай асуудлыг эцэслэх нь зүйтэй юм. 2002 оны аравдугаар сард МҮБХ-ны дөрөвдүгээр Их эе хуралдсан.

Тухайн үед МҮБХ-ны тэргүүнийг сонгох асуудлаас бусад бүх дүрэм журмын асуудлыг шийдсэн байдаг. Албан ёсны дээд шүүхийн шийдвэрийн дагуух хууль дүрэмд Их эеийг хуралдуулах асуудлыг Цэцдийн Зөвлөлд даалгасан байгаа.

 
Гэрэл зургийг mpa.mn

Тиймээс бид ажлын хэсэг байгуулж, журмын дагуу Их эеийг хуралдуулахаар болсон. Харамсалтай нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр ээлжит бус Их эеийг хуралдуулахгүй тухай мэдээлэл тараасан байна. Хурал зарласан байхад хүчингүй болгох, ирц бүрэлдүүлэхгүй болгох ажил явагдаж байгаад харамсаж байна” хэмээн тайлбарлалаа.

Их эе хурлыг хуралдуудлах ажлын хэсгээс 2016 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр ээлжит бус хуралдааныг албан ёсоор зохион байгуулна гэдгийг мэдэгдсэн бөгөөд хурлаар МҮБХ-ны тэргүүнийг шинээр сонгох асуудлыг хэлэлцэх юм байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн А.Сүхбат “Монгол ёс заншил, ахуй, Монгол наадам биднийг хүн болгосон учраас би өөрийгөө Монгол бөхөд, Монголынхоо ард түмэнд их өртэй хүн гэж бодож явдаг.

Тэгэхээр Р.Нямдорж гуайд хандаж хэлэхэд, 26 жил та МҮБХ-оог тэргүүлж явлаа. Гэхдээ хууль бусаар. Одоо хангалттай биш үү. Дахиж хэдэн жил суух гээд байгаа юм. Хэдэн жил Монгол бөхийг самрах гээд байгаа юм.

 
Гэрэл зургийг mpa.mn

Танаар удирдуулъя, ажлаа хийлгэе гэсэн бөхчүүд одоо байхгүй. Уучлаарай. Би Монгол бөх цэвэр ариун байснаар төр цэвэр ариун байна гэсэн бодолтой явдаг.

Өнөөдөр сумын заан цолтон болоход таван сая төгрөг, аймгийн арслан болоход 50 сая, улсын начин цол авахад 500 сая төгрөг гэхчлэн сум орон нутгийн наадам бүгд найраатай байна.

Үүнийг засалгүй 26 жил болсон байна. Тэгэхээр энэ мэт Монгол бөхийн шударга бус байдлыг засаж, ард түмэндээ шударга барилдааныг үзүүлье.

Монгол бөхийг хөгжүүлэх олон сайхан арга технологи байдаг юм шүү. Энэ байдлыг боогдуулж байгаа хүмүүс бол их нүгэлтэй хүмүүс юм шүү гэдгийг хэлмээр байна” гэв.

Их эе хуралдаад 21 аймгийн төлөөлөл оролцох бөгөөд МҮБХ-ны дүрэмд 200 хүртэлх гишүүд төлөөлөгчтэйгөөр хуралдана гэж заасан байдаг байна.