Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Баянбилэг: Хүний эхэсийн бэлдмэл нь залуужуулахаас гадна элэгний өвчнийг анагаадаг

Э.Бэрцэцэг
2016 оны 12 сарын 5
Зууны мэдээ
Зураг зураг

“Алтан хүн” мэдрэл, үе мөчний эмнэлгийн зөвлөх эмч, Анагаах ухааны магистр, клиникийн проффессор Ц.Баянбилэгтэй уулзаж, нийгэмд түгээмэл тохиолдож байгаа үе мөчний өвчлөл болоод орчин үеийн эмчилгээнд нэвтэрч буй шинэ технологийн талаар ярилцлаа. 

-“Алтан хүн” олонд танигдсан эмнэлэг. Хүмүүс танайхыг үе, мөчний эмнэлэг гэдгээр нь илүү сайн таньдаг. Өөр ямар эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байгаа вэ?

- Манай “Алтан хүн” эмнэлэг үйл ажиллагаагаа явуулж эхлээд 20 жилийн ардаа үджээ. Ерөнхийдөө манай эмнэлгийн гол үйл ажиллагаа хэд хэдэн чиглэлээр явдаг. Үүнд, үе мөчний хүнд шатны өвчлөл, дотрын өвчлөл, залуужуулах асуудал зэргийг эмчилгээндээ голчлон авч зорилгоо болгон ажиллаж байна.

-Сүүлийн үед үе мөчний өвчин залуужих хандлагатай байна. Дөнгөж 20 гарсан залуус хоолойн ангина, үе мөчний өвчин гэдэг болж. Энэ өвчлөл ер нь юунаас үүдэлтэй байна вэ. Ганцхан манайд ийм байна уу?

- Дэлхийн хүн амын нийт 40-60 хувь нь хүнд болон хөнгөн байдлаар үе мөчний өвчнөөр өвдсөн байдаг. Харин түүний 30 хувь урт болон богино хугацааны ажлын чөлөө авч байдаг. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алддаг. Харин 10 хувьд нь группт орох асуудал үүсч байдаг юм.

Харин манай улсын хэмжээнд иргэдийн эрүүл мэндийн боловсрол сул дорой байна. Тэр тусмаа манай орны уур амьсгалын байдал өвөрмөц. Өвөлдөө 40-50 градус хүйтэн, зун 20-30 градус халуун уур амьсгалын хэлбэлзэл ихтэй байдгаас бага наснаас нь эхлээд өвчлөлийн суурь тавигдаж байдаг.

Жишээ нь, хүүхэд байхдаа үе мөчний өвчин, хоолойн ангина, гүйлсэн булчирхайн үрэвсэл, амны хөндийн өвчлөл, хамар хоолойн үрэвсэл, шүд цоорох, хорхойтох зэрэг өвчний үед амьсгалын замаар дамжиж бактери, халдвар хүний биед ордог.

Халдвар хүний биед орж цусаар дамжин үе мөчний хооронд байдаг шингэн буюу шар усанд байгаа элементүүдийг гэмтээж бүр цаашилбал устгаж эхэлдэг. Үе хоорондын шингэнийг бүрдүүлэгч эс, мөгөөрсийг гэмтээж, устсанаас үүдэж, үе хооронд өвчин үүснэ. Мөн зүрх болоод дотоод эрхтнүүдэд өвчлөлийн эх үүсвэр тавигдаж эхэлдэг. 

- Манай улсын хэмжээнд авч хэрэгжүүлдэг эмчилгээ юу байна? 

- Манай эмнэлэг үе мөч, мэдрэлийн өвчлөлийн архаг хүнд өвчний үед өвөрмөц эмчилгээний аргыг цогцоор нь авч хэрэгжүүлж байна. Өөрөөр хэлбэл үе мөчний өвчлөлийг үений хөндийд тарьж эмчлэх арга байдаг. Монгол Улсын хэмжээнд үе мөчний өвчлөлийг эмчлэх арга олон улсын стандартын дагуу хийгддэг.

Жишээ нь, улсын төв эмнэлэг, аймаг, сумдуудын эмнэлгүүдээр хийгдэж байгаа үе мөчний өвчлөлийн үед одоогийн хэрэглэж байгаа цагийн тариа, судас тариа , уудаг эмүүд зэрэг энэ технологиор явдаг. Харин үе мөчний өвчлөл хүндрээд ирэхийн цагт эдгээр арга барилаар эмчлэхэд хүндрэлтэй болж эхэлдэг. Иймээс сонгомол, шат дараалсан эмчилгээний арга техникийг хэрэглэх шаардлагатай болдог. 

-Одоо танай эмнэлэгт хэрэглэгдэж байгаа эмчилгээний шинэ арга техник болоод шинжлэх ухааны шинэ нээлт, шинэ технологиудыг хэр нэвтрүүлэн ажиллаж байна. Ер нь энэ үе мөчний өвчин төгс эмчлэгддэг үү?

-Манай эмнэлэг үе мөчний өвчний талаар эрдэм шинжилгээ, судалгаа явуулж, үүнд үндэслэн дэлхийн хөгжилтэй орнуудын эмчилгээний арга туршлагаас нэвтрүүлж эмчилгээ үйлчилгээнийхээ чанарт ахиц дэвшил гаргаж байна. Монгол Улсын анагаах ухаан саяхныг хүртэл үе мөчний өвчнийг төгс эмчилж чаддаггүй байлаа.

Тэгвэл бид бүрэн хэмжээнд системтэйгээр эмчлэх аргыг анх удаа нэвтрүүлж, үр дүнд хүрч эхэлсэн төдийгүй эмчлүүлэгчдийн талархлыг хүлээх боллоо. Эндээс харахад, манай эмнэлэгт хандсан зуун өвчтөнөөс 5-15 нь дахиж ирэх шаардлагагүйгээр төгс эмчлэгдсэн болох нь тогтоогдсон.

Тухайн хүний зовиур шаналгаа зургаан cap буюу түүнээс дээш, тодруулж хэлбэл, байнгын зовиур шаналгаатай, өглөө босоход хөшдөг, өдөржингөө зовиур нь хадгалагдаад байдаг, доголдог, таяг тулдаг, шат уруудахаар заавал шатнаас барьж буудаг гэхчлэн ямар нэгэн байдлаар өөрийгөө чөлөөтэй авч явах боломжгүй хажуугийн дэмжлэг шаардлагатай болчихсон, цаашаа энэ байдал нь тухайн хүнийг чөлөөтэй ажиллаж амьдрахад нь саад учирч, мухардмал байдалд хүргэсэн тохиолдлыг хэлнэ. Энэ байдлаас гаргахын тулд л үенд нь тарьдаг юм.

-Үений тариаг манайхан сайн, муу гээд янз бүрээр ярьдаг. Эмч нар ч гэсэн янз бүрээр тайлбарладаг. Энэ чиглэлээр та илүү судалгаа, шинжилгээ хийсэн хүн. Арай илүү үнэн, зөв бодит мэдээлэл өгөх байх? 

-Үенд тарих тарианы тухайд эрдэмтэн судлаачид хэлэхдээ өөрийн давуу тал, бас сул талтай болохыг онцолсон байдаг. Ер нь бол ямар ч эм давуу болон сул талтай. Жишээ дурдахад, аспирин нь өвчин намдааж, халуун бууруулах, үрэвслийн процессыг дардаг. Гэтэл сул тал нь удаан хэрэглэх юм бол хамраас цус алдамхай болдог.

Гэхдээ үений зориулалтын тариануудыг аль улсад үйлдвэрлэсэн, ямар үйлчилгээтэй тариа вэ гэдгээс хамаараад тухайн хүний өвчинд нь зохицуулж, сөрөг нөлөө гарахгүй байх нөхцөлийг бодолцож байж тарьдаг байх ёстой. Тэгтэл манай зарим эмнэлгийн мэргэжлийн улсууд үенд тарих эмчилгээ зөв биш, бараг буруу эмчилгээ мэтээр хүмүүст буруу тайлбар өгдөг нь нэн харамсалтай.

Үнэн хэрэг дээрээ тухайн үений зориулалтын дэвшилтэт технологи дээр суурилж, сүүлийн үеийн тарианууд гарч ирсэн байдаг. Гэхдээ тун, дозыг нь тааруулаад тарьж байгаа нөхцөлд бол үр дүнгээ өгдөг. Харин ч хүнийг тулгамдсан, ноцтой, мухардмал байдлаас нь гаргадаг. Үүгээрээ бол үенд тарих тариа ач холбогдол өндөртэй. 

-Энэ тариаг дотор нь хэдэн янзаар ангилдаг вэ. Мөн хаанахынх нь илүү чанартай, үр дүнтэй байдаг юм бэ. Мөн залуужуулах үйлчилгээтэй тарианыхаа талаар мэдээлэл өгөөч. Бүсгүйчүүд гэлтгүй эрчүүд ч бас их хийлгэдэг болсон гэсэн? 

-Үенд тарьдаг тарианууд дааврын ба дааврын бус гэж бий. Дааврын биш гаралтай үенд тарьдаг тариа нь Австри, Германых байдаг. Тэр тариа бол үенд тарихад ямар нэгэн сөрөг үр дагаврыг үгүйсгэсэн. Сайн тал нь илүү, сөрөг үр дагавар бараг байхгүй. Ийм тариаг эмчилгээндээ нэвтрүүлж байгаагаараа бусад эмнэлгээс ололт амжилтын хувьд давуу, үр дүнд сайтай.

Мөн эдгээр үенд тарих эмчилгээнээс гарна эмчилгээний явцад нөхөн сэргээх тарилга буюу Японы шинэ технологи хүний эхэсээс гаргаж авсан хүний эд эсийг нөхөн сэргээж, залуужуулах үйлчилгээтэй Японы Laennec хүний эхэсийн бэлдмэл бүтээгдэхүүнийг саяхнаас түлхүү нэвтрүүлэн давхар хэрэглэж эхлээд байна. 

-Хүний эхэсийн бэлдмэлтэй тариаг ямар өвчинд хэрэглэж байна. Үр дүн нь хэр байна? 

-Манай эмнэлгийн өвчлөлд хэрэглэж байгаа шат дараалсан эмчилгээний нэгдүгээр үе шатны эмчилгээн нь үен дотор Алфлутон тариаг тарьж өгдөг. Үүнийг үений шар ус гэж нэрлэдэг. Хоёрдугаар шатны эмчилгээ буюу Дексаметазон тариаг мөн өвдөгний үе хооронд тарьдаг. Энэ нь нэгдүгээр шатны тариатай нэг үйлчилгээтэй хэдий ч үр дүнг нь илүү удаан хугацаанд барих чадвартай. Нэг үгээр хэлбэл, өвчнийг дахин сэдрээхгүй байх хугацааг уртасгаж өгч байгаа юм.

Дараа нь гуравдугаар шатны эмчилгээ Nyal буюу шилэн хүчлийн натри. Энэ нь цэлцэгнүүр шиг тариа бөгөөд биологийн гаралтайгаар онцлог. Энэ нь өвдөгний үе хооронд байдаг жийргэвчийг орлодог.

Нэг үгээр хэлбэл, тэр жийргэвчийг тарианы аргаар тавьж өгч байгаа юм. Дөрөвдүгээр үе шатны эмчилгээ нь Laennec хүний эхэсийн тарилга PRP буюу нөхөн сэргээх эмчилгээ эд эсийг нөхөн сэргээх, буцааж төлжүүлж бий болгох өсөлтийн фактор гэсэн үг л дээ. Нөгөө үений хоорондох шар ус байхгүй болоод, жийрэг нь байхгүй, үе хоорондох бүрхүүл мөгөөрс нь байхгүй болоод хавираад өвчлөл үүсээд ирэхийн цагт үе хоорондох жийрэг, бүрхүүл үе хоорондох систем болоод холбогч эд эсийг бүхэлд нь нөхөн сэргээж болдог байх нь.

-“Алтан хүн” эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээний нэг чиглэл нь залуужуулах, нөхөн сэргээх эмчилгээ гэж байна. Энэ тал дээр ямар эмчилгээний арга хэрэглэж байна? 

-Манай Монголд саяхнаас дэлхийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, үйлдвэрлэлтээр тэргүүлэгч Япон улсын Японы “Japan Bio Product” компанид 1954 онд үйлдвэрлэсэн, хүний эхэсээс боловсруулж гаргасан Лаеннек тарилгыг импортоор оруулж ирсэн байна. Энэ бэлдмэлийг япончууд өнөө хүртэл хэрэглэж тэдний даатгалтай эмийн нэрсийн тоонд орсон байгаа юм.

Солонгос, Тайван, Вьетнам, Хятад, Европ, Америк гэх мэт олон оронд өргөнөөр хэрэглэдэг. Laennec хүний эхэсийн тарилга хэмээх дэлхий дахины эрдэмтдийн мөрөөдөл болоод байсан бүтээгдэхүүн маань дөнгөж төрсөн эхийн эхэсээс гаргаж авсан бэлдмэл бөгөөд эрүүл мэндийн төдийгүй гоо сайхны маш өндөр үр дүнтэй бүтээгдэхүүн байгаа юм аа. 

-Хүний эхэсээс гаргаж авсан бүтээгдэхүүн гэхээр зарим нь эрэл, сурал болоод гүйх юм. Харин зарим нь энэ талаар тодорхой ойлголтгүй, мэдээлэл муутай явах юм. Тиймээс та энэ бүтээгдэхүүний найрлага болоод бүтцийнх нь талаас тайлбарлаач?

 -Эхэс гэдэг нь жирэмсэн эмэгтэйн умайн хананд шигдэж ургасан, олон сарын турш ургийг хүйгээр ээжтэй нь холбож эрдэс бодис, хүчилтөрөгчөөр хангадаг амин чухал түр зуурын эрхтэн юм. Элэгтэй төстэй харагдах энэ эрхтэнд эхийн цус, хүүхдийн цус холилдохгүйгээр зэрэгцэн урсаж бодисын солилцоо явагддаг.

Харин хүүхэд төрсний дараа өөрийн уушгиараа амьсгалдаг болж, өөрөө сүү хөхөн тэжээл авч, хаягдал бодисоо өөрийн өтгөн шингэн болгож гадагшлуулдаг болж эхэлдэг учраас эхэс хэрэггүй болж, эхийн биеэс гарах ёстой болдог. Гадаадын улс орнууд ялангуяа японууд хүүхдийг төрсний дараа эхэсийг хэзээд хэрэггүй болсон мэт үздэггүй.

Яагаад гэвэл эхэст хүний бие махбодид хэрэгтэй амин чухал бодисууд агуулагддаг болохыг судалсан учраас. Эхэс нь найрлагадаа бүх төрлийн амин дэм, амин хүчил, эрдэс, энзим, нуклейн хүчил, эрдэс минералууд ,өсөлтийн хүчин зүйл зэрэг хүний бие махбодийн эд эсийг нөхөн төлжүүлэх, дааврын балансыг тэнцвэржүүлэх, эд эсийг сэргээх, хөгшрөлтийн эсрэг идэвхитэй тэмцэх, дархлаа сайжруулах гээд эрүүл мэнд болон гоо сайхны сөрөг өөрчлөлтөд бодитойгоор нөлөөлдөг бодисуудыг агуулдаг хамгийн сүүлийн үеийн шилдэг технологийг манай хамт олон, өөрийн эмнэлгийн өвчтөнүүддээ хэрэглэж нэлээд удлаа.

Үр дүнгийн хувьд өвчтөнүүдийн хувьд өндөр сэтгэл ханамжтай байдаг даа. 

-Хүний эхэсийн бэлдмэл биеийн эсэргүүцэл сайжруулахаас гадна олон өвчинд тустай, гоо сайхны өндөр ач холбогдолтой тариа гэж сонссон?

-Тийм шүү, жишээ нь монголчуудын дунд элэгний В болон С вирус, эмийн болон архины шалтгаант элэг хатуурах өвчлөл их байдаг. Хүний эхэсийн бэлдмэл нь элэгний гэмтсэн эд эсийг нөхөн төлжүүлж үйл ажиллагааг нь дэмжин элэгний олон төрлийн өвчнийг анагаадаг.

Мөн түүнчлэн үргүйд- эл, бэлгийн сулралын эсрэг, цэвэршилтийн үеийн хам шинж, архаг умайн салстын үрэвсэл, осол гэмтэл болоод хагалгааны дараах нөхөн сэргээлтэд, архаг ядаргаа, хөгшрөлтийн эсрэг залуужуулах гээд олон өвчин эмгэгт үүдэл эс, эс хоромсон болон генийн түвшинд хүрч үйлчилдэг бүтээгдэхүүн юм. 

-Үнэхээр энэ тарианы ачаар залуу насаа хадгалж үлдэх боломжтой юу? 

-Хүн төрөөд 25 нас хүртэл залуу байдлаар өсч хөгжиж томорч байдаг бол 25 наснаас хойш хөгшрөх процесс руугаа уруудаж эхэлдэг бөгөөд хүний хөгшрөлт гурван хүчин зүйлтэй холбоотой байдаг. Үүнд зөв хооллолт, дасгал хөдөлгөөн, хүний биеийн дааврын баланс байдаг. Ялангуяа өсөлтийн дааврыг залуужуулах үндэс гэж үздэг.

Энэхүү гормоны бууралт жил бүр 1-3 хувиар буурч байдаг.Тэгвэл залуу насаа хадгалж үлдэхийн тулд 20 настай үеийнхээ дааврыг хадгалж үлдэх нь чухал. Тэгвэл энэхүү боломжийг Лаеннек хүний эхэсийн бэлдмэл маань бүрдүүлж өгдөг.

Зураг