Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

М.Чимэддорж: Хөгжлийн нэг гарц нь хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх

Д.Гэрэлцэцэг
2016 оны 12 сарын 5
Зууны мэдээ
Зураг зураг

Бид салбар бүрийн тэргүүлэгчдийг “Leaderships forum”буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санааг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа “Leaderships forum”булангийн зочноор Нээлттэй Ардчилсан нам-Шинэчлэлийн нэгдсэн хөдөлгөөний зохицуулагч М.Чимэддоржийг урилаа. Тэрбээр улс орнуудын хөгжлийн талаар туршлага судалж, олон төрлийн судалгааг хийж байсан юм.

Блиц:

Мэргэжил:

  • Эдийн засагч, судлаач

Эрдмийн зэрэг цол:

  • Удирдлагын ухааны магистр

Судалгааны ажил:

  • Хөдөлмөрийн эдийн засаг, төсвийн бодлого, хүн ам зүй

Ажилласан туршлага:

  • IPO консалтинг ХХК-ийн захирал, Төгс Шийдэл ХХК-ийн захирал, Хөдөлмөрийн судалгааны институтийн захирал.
  • Хөдөлмөрийн эдийн засаг, төсвийн зардлын шинжилгээ, урт хугацааны засгийн газрын хөрөнгө оруулалтын өгөөжийн шинжилгээ зэрэг чиглэлээр дагнан арав гаруй жил судалгааны ажил гүйцэтгэж байна.
  • МУИС-ийн Хууль зүйн сургуульд багш, Монгол Улсын Тэргүүн шадар сайдын зөвлөх, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр Хөгжлийн яам, Хөгжлийн хүрээлэн, Монгол банк, Сангийн яам хариуцаж байсан. Шинжлэх ухааны академийг хариуцан ажиллаж байна.

НИЙГМИЙН ХӨГЖЛИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН АГУУЛГА БҮРЭН ИЛЭРХИЙЛДЭГГҮЙ

Дэлхий нийтээрээ эдийн засгийн өсөлт, нэг хүнд ногдох ДНБ, ажилгүйдлийн төвшин зэргээр хөгжлийг хэмжиж ирсэн. Гэхдээ энэ нь хөгжлийг тодорхойлох тийм ч оновчтой үзүүлэлт биш гэдэгт олон орон санал нэгдэж, хөгжлийг илэрхийлэх олон улсын шинэ индексүүдийг бий болгох оролдлогуудыг хийж байна. Юуны өмнө нийгмийн хөгжлийг эдийн засгийн агуулга бүрэн илэрхийлж чаддаггүй гэдэгт дийлэнх орон санал нэгдэх болсон.

Мөн нэг хүнд ногдох ДНБ хөгжлийн илэрхийлэл биш гэдэг ойлголт ч бий болж байна. Харин нийгмийн хөгжлийг тодорхойлоход оролцоотой өсөлт, тэнцвэртэй, урт хугацааны тогтвортой хөгжлийн ойлголтууд голлох болсон. Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн төвшинг  анхдагч салбарт суурилсан эдийн засаг гэж болно.

Дараагийн шатны эдийн засгийг хөгжлийн төвшингөөр нь аж үйлдвэрийн эдийн засаг гэж тодорхойлох ойлголт байдаг. Ихэвчлэн XIX зууны сүүлчээс 1980-аад оны эдийн засгийг хамруулдаг. Энэ бол ХХ зууны эдийн засгийн хөгжлийг тодорхойлж байсан бүтэц юм. Үүний дараагийн үеийн эдийн засгийг үйлчилгээний болон мэдлэгт суурилсан эдийн засаг гэсэн өөр хүрээ, өнцгөөс тодорхойлдог.

АНУ-ын ДНБ-ийн дийлэнх нь үйлчилгээний салбарт ногддог.Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний ихэнх нь мэдлэгт суурилсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх салбар байдаг. Тухайлбал, Япон, Герман, АНУ, БНСУ болон Европын орнуудыг нэрлэж болно. Эдийн засгийн хөгжлийн ерөнхий төвшинг анхдагч салбараас дараагийн буюу аж үйлдвэрийн оролцоотой эдийн засгийн бүтцийг бий болгож, түүний дараа илүү мэдлэгийн эдийн засгийг бий болгоход түлхүү анхаарч байна.

ХӨГЖИХ БОЛОМЖТОЙ ОЛОН САЛБАР БИЙ

Монгол өнөөдрийг хүртэл аж үйлдвэр хөгжөөгүй орны тоонд багтаж байна. Бид дийлэнх хөдөө аж ахуйн бүтээгдэхүүндээ анхан шатны боловсруулалт хийж, гадагшаа нийлүүлдэг.Монгол дэлхийн зах зээл дэх түүхий ноолуурны 30 гаруй хувийг дангаараа нийлүүлдэг ч ноолуураар хийсэн эцсийн бүтээгдэхүүн нь одоо болтол дэлхийд танигдсан брэнд болж чадахгүй байна.

Энэ нь манайхыг доод эрэмбийн эдийн засагтай байгааг илэрхийлж буй юм. Ер нь ийм эдийн засгийн бүтэц ихээхэн савлагаатай байдаг. Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнэ өөрчлөгдөх бүрт эдийн засаг нь савалдаг бүтэцтэй байна гэсэн үг. Ихэнх хүмүүс Монголын эдийн засгийн хөгжлийн нэг гарц нь импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэж хардаг.

Гэвч энэ нь онолын хувьд буруу ойлголт. Бид хөгжүүлэх боломжтой салбаруудаа эхлээд зөв тодорхойлох ёстой. 2008 онд Харвардын их сургуулийн эрдэмтэн Монголд ирэхдээ уул уурхай, ноолуур, мах үйлдвэрлэл, мэдээллийн технологи, аялал жуулчлалын салбарыг  хөгжих боломжтой гэж нэрлэсэн. Мэдээж үүнээс гадна хөгжих боломжтой олон салбар бий.

Гэтэл үүнийг хөгжүүлдэг тодорхой, тогтвортой хөтөлбөр, орон зай үгүйлэгддэг. Манай эдийн засаг жижиг ч өндөр өсөлттэй. Харамсалтай нь манайд баялгийн хараал гэгч бодит зүйл боллоо. Тодруулбал, түүхий эдийн үнийн эрчимтэй өсөлтийн нөлөөгөөр шийдвэр гаргах төвшний хүмүүст сэтгэлгээний гажуудал гарч эхэлсэн.

Энэ бол баялгийн хараалын анхны шинж. Дэлхийн эдийн засаг өндөр өсөлттэй байх үед Монгол Арабын орнууд шиг болох мэтээр бодож, сэтгэж байсан үе бидэнд бий. Энэ бол одоогийн эдийн засаг хүнд байгаагийн шалтгаан юм. Учир нь бид эдийн засаг дандаа өндөр өсөлттэй байх юм шиг төсөөлсөн.

Манай үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн, түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлээс хамааралтайг мартаад төсвийн зардлаа тэлж эхэлсэн. Өөрсдийн чадавхаас давсан төсөвтэй болж, төр бүхий л зүйлд оролцох болсон. Ингэснээр эргээд дараагийн хямралын үүдийг нээсэн юм.

ИМПОРТЫГ ОРЛОНО ГЭХЭЭС ИЛҮҮТЭЙ ХУРИМТЛАЛ ЧУХАЛ

Ирэх оны төсвийг есөн хувийн алдагдалтай баталлаа. Өмнө нь бид тухайн зардлаа тооцолгүй төсвөө тэлснээс ийм байдал хүрч байгаа юм. Гадны орнуудаас зээл авсан, төсвөө тэлсэн. Харин зээл болон хүүгээ эргэн төлөх гэхэд орлого нь буурчихсан байсан. Бид өрийн дарамтад орж, эдийн засгийн хүндрэл, хямрал руу орж байна.

Тиймээс бидний хамгийн эхэнд хийх ёстой зүйл бол хөнжлийнхөө хэмжээг мэдэх явдал юм. Хувийн хэвшлийнхний аваад явчих зүйлд төрөөс оролцдоггүй болох ёстой юм. Бид эдийн засгийн кластер бий болгох эсвэл импортыг орлоно гэхээсээ илүү хуримтлал бий болгох нь хамгийн оновчтой. Өнөөдөр тулгамдаж буй асуудал бол зээлийн хүү.

2015 оны зээлийн бодит хүү дунджаар 17.3 хувь байна. Энэ үед зээлийн хүү БНХАУ-д тав, ОХУ-д зургаа, АНУ, БНСУ-д нэг хувьтай байж. Япон, Англид хасах хувь руу орсон байх жишээтэй. Ийм ялгаатай нөхцөлд бидний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн өрсөлдөх боломжгүй. Зээлийн хүү өндөр байгаа нь хоёр шалтгаантай.

Хамгийн том суурь шалтгаан нь төсвийн алдагдал. Төсвийн алдагдлаа нөхөхийн тулд Засгийн газар их хэмжээний бонд гаргаж, түүнийгээ мөнгө болгон эдийн засгийн эргэлтэд оруулдаг. Үүнтэй холбоотойгоор Монголбанк эргээд бодлогын хүүгээ нэмдэг. Нэг талдаа Засгийн газрын үрэлгэн байдлаас болж Монголбанк бие даасан мөнгөний бодлого явуулж чадахгүй болсон гэсэн үг.

Макро эдийн засгийн удирдлага байхгүй болж байна. Тодруулбал, байшин барьж, дараагийн сонгуулиар сонгогдохыг хүссэн улстөрчдийн хүсэл макро эдийн засгийн зохицуулалт хийх боломжийг нурааж ирлээ. Манай улс эдийн засгийн суурь зохицуулалтгүй болж байна.

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛ, БАНК ХОЁР НЭГ ЗООСНЫ ХОЁР ТАЛ

Монголд эдийн засгийн нэг гол багана алга, энэ  бол хөрөнгийн бирж. Энэ нь арилжааны банкуудыг өрсөлдөгчгүй болгож, шударга бусаар мөнгө хүүлэх боломж бий болгосон. Манайд арилжааны санхүүгийн зах зээлийн 94 хувийг банк дангаараа эзэлж монополчилж байна. Цөөхөн хадгаламж эзэмшигч, нөлөөтэй хүмүүсийн нөлөөгөөр мөнгөний бодлого тодорхойлогддог ч гэж үзэж болохоор болж.

Нөгөө талдаа хөрөнгийн зах зээл хөрөнгийн хомсдолтой байна. Хөрөнгийн зах зээл хөгжөөгүй учраас бизнесийн хөрөнгө оруулалтын гол эх үүсвэр нь өндөр хүүтэй арилжааны банкны зээл болж байна.

Арилжааны банкуудын өндөр хүүг төлөхийн тулд компаниуд үйлдвэрлэлдээ шинэчлэл хийх, ажилчдын цалингаа нэмэх зэргээр нөхцөлөө сайжруулах боломжгүй болж хаалгаа барьчихгүйн төлөө өдөр хоногийг аргацааж байна. Харин нөгөө талд нь илүү капиталтай хүмүүсийн хэтэвчийг зузаатгаж байгаа.

Өнөөдөр Монголын эдийн засгийн үрэлгэн байдал, санхүүгийн системийн гажуудлаас болж ажил хийж байгаа бүх хүний орлогыг хөрөнгөтэй хүмүүс сордог систем бий болжээ. Манайх 2007-2015 оны хооронд улсын төсвөө ДНБ-ийхээ 30 хувьд барьж чадсан бол өнөөдөр 4.3 их наяд төгрөг хуримтлуулах боломж байсан.

Энэ мөнгөө хөрөнгийн зах зээлдээ оруулсан бол өнөөдөр хөрөнгийн зах зээл эргэлттэй болох байв. Тиймээс санхүүгийн зах зээлийн хоёр жигүүр болсон хөрөнгийн зах зээл, банк хоёулаа зэрэг хөгжиж байж зээлийн хүү буурна.

АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРАА ХӨГЖҮҮЛЭХ ҮҮ ЭСВЭЛ...

Бид төсвийн зардлаа хэмнэж бий болгосон хуримтлалаа нийгмийн даатгалын сандаа төвлөрүүлэх зайлшгүй шаардлагатай болсон. Зөвхөн тэтгэврийн даатгалын сан гэхэд өнгөрсөн жил 392 тэрбум, энэ жил 400 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай байгаа. ДНБ-ийхээ хоёр хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай явж байна.

Хүн ам зүйн хамгийн тааламжтай байгаа үедээ ийм байна.Цаашид байдал улам хүндэрнэ. Нийгмийн даатгалын санд төвлөрсөн мөнгийг Засгийн газар биднээс асуухгүйгээр төсвийн нэг хэсэг болгон үрэн таран хийж ирсэн.

Юуны өмнө нийгмийн даатгалын санд төлөх ёстой Засгийн газрын өрийг төлөх замаар хуримтлал үүсгэн хөрөнгийн зах зээлд оруулах ёстой. Цаашдаа үндэсний хуримтлалын санг бий болгож мөн хөрөнгийн зах зээл рүү оруулах шаардлагатай байна.Ингэж чадвал санхүүгийн зах зээл зөвхөн банкнаас хамаарахаа больж өрсөлдөхүйц хэмжээний хүүгийн төвшинг эдийн засагт бий болгоно. Үр дүнд нь олон улсын зээлжих зэрэглэл ч аяндаа сайжрах нөхцөл бүрдэнэ.

Олон улсын зээлжих зэрэглэлд нөлөөлж буй зүйл нь мэдээж макро эдийн засгийн бодлого, төсвийн үр ашиггүй байдал. Үүнийг шийдэж чадвал Монгол Улсад бизнес хийх орчин, нөхцөл эдийн засгийн агуулгаараа бүрдэнэ. Үүний дараа эдийн засгийн ямар салбарыг жинхэнэ утгаар нь хөгжүүлэхээ тодорхойлох боломжтой.

Гэхдээ төрийн дэмжлэг хэрэгтэй болохоос төрийн оролцоо хэрэггүй. Төр илүү уян хатан зохицуулалттай, үйл ажиллагааг нь дэмжсэн бүтцийг бий болгох юм. Манайд аж үйлдвэрийн эдийн засаг бий болгож өрсөлдөнө гэдэг хүндрэлтэй. Учир нь бидний хажууд том үйлдвэрлэгч улс байгааг тооцох ёстой.

Өөрөөр хэлбэл, бид сонголт хийнэ гэсэн үг. Монгол Улс аж үйлдвэрийн эдийн засгийг хөгжүүлнэ гэвэл металлураг, химийн үйлдвэрээ хөгжүүлэх шаардлагатай. Гаднаас үйлдвэрлэлийн түүхий эд авч, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд дэлхийн зах зээлд өрсөлдөнө гэж байхгүй. Импортыг орлуулна гэдэг санаагаа бүр ч орхих хэрэгтэй. Эсвэл бид дэлхий дээр байгаа томоохон цогцолбор болсон үйлдвэрүүдийн нэг хэсгийнх нь нийлүүлэгч болж болно. Үүнийг хөгжлийн өөр шийдэл, гарц харсан өнцгөөс хэлж байгаа юм шүү.

МЭДЛЭГТ СУУРИЛСАН ЭДИЙН ЗАСАГ БИЙ БОЛГОХ

Шулуухан хэлэхэд аж үйлдвэр бидэнд чухал биш. Харин автомашин үйлдвэрлэдэг үйлдвэрүүдийн дотор автомашины нэг дизайныг нь зохион бүтээх чиглэлээр боловсон хүчнээ бэлтгэж болох юм.

Ингэснээр чиглэсэн өндөр технологийн салбарыг хөгжүүлэх боломжтой. Мэдлэгт суурилсан эдийн засгийг бэлтгэхийн тулд бүхэл бүтэн боловсролын тогтолцоо, бодлого шаардагдана. Боловсролын тогтолцоог бий болгоход наад зах нь 20 жил хэрэгтэй. Дээр дурдсанаар хуримтлалаа бий болгож, түүнийгээ боловсролын салбартаа зарцуулах нь чухал.

Эрүүл мэнд, боловсролын салбарыг хувийн хэвшлийн оролцоотой хөгжих нөхцөлийг төр л бий болгож чадна. Боловсролын салбарын хувьд мэдлэгийн эдийн засагт 20 жилээр хөрөнгө оруулалт хийнэ. Ингэж чадвал энэ хугацаанд бусад хөнгөн үйлдвэрийн салбаруудаа босгох боломжтой. Гэхдээ үүнд 20-30 жил шаардлагатайг мартаж болохгүй.

ЭДИЙН ЗАСГИЙН АГУУЛГААРАА НЭГ МОНГОЛ ХҮН МАШ ҮНЭТЭЙ БАЙХ ЁСТОЙ

Монгол Улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш бизнесийн орчныг тодорхойлдог багц хуулиудаа 1998 он хүртэл идэвхтэй баталсан. Харин үүнээс хойш нийгмийн салбарт дорвитой зүйл хийж чадаагүй. Гацаанд орсон. Монголын нийгэмд ямар ч өөрчлөлт гараагүй гэж болно.

Тиймээс эрүүл мэнд, боловсролын салбараа өрсөлдөх чадвартай болгох нь чухал. Хүртээмжтэй, тэгш боловсролын системийг хэрхэн бий болгоход анхаарах цаг болсон. Боловсрол бол урт хугацааны хүн амын суурь ялгааг бий болгодог гол хүчин зүйлүүдийн нэг. Нөгөө талаасаа манай улс хөдөлмөрийн нөөцийн хомсдолтой орнуудын нэг.

Олон сая хүн амтай орнуудтай харьцуулахад эдийн засгийн агуулгаараа нэг монгол хүн маш үнэтэй. Нэг монгол хүн өндөр бүтээмжтэй, хариуцлагатай байсан тохиолдолд бусадтай өрсөлдөж чадна.

Үүнээс гадна нэг бодитой зүйл бол улстөрчдөд битгий найд. Хамгийн бага зардлаар төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа хүн л Монголд хэрэгтэй болохоос Монголыг хөгжүүлнэ гэж зүүдэлж босч ирээд байшин, барилга барих тухай санаачилга ярьж байгаа хүн өнөөгийн Монголын хөгжилд тушаа болж байна. Манай нийгмийн хөгжлийг улстөрчид бус ашиг олох хүсэл эрмэлзэл, санаачлагатай, ажилсаг, сахилга баттай хувийн хэвшлийнхэн авч явдаг эдийн засгийн систем юм.

Зураг