Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч эцгийнхээ төрсөн гэрийн нурман дээр ирээд уйлжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 12 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Пүрэв гарагт Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэгийн эцгийн төрсөн гэрт гал тавьж шатаасан хэрэг гарсан байна. Ерөнхийлөгчийг суудлаасаа огцорч өгөхгүй байгаад нь бухимдсан 48 настай эр энэ хэргийг үйлдсэн гэж сэжиглэгдэн цагдаа нарт баригджээ. Цагдаагийн газрын хэлж байгаагаар энэ этгээд нь 2012 онд өөр нэг ерөнхийлөгч болох Ро Дэ Угийн гэр музейд гал тавьж байсан хүн гэнэ.

 
 

Ерөнхийлөгч Пакын эцэг эх болох ерөнхийлөгч асан Пак Чун Хэ, түүний эхнэр Ёк Юн Со нарын гэр музей тус улсын зүүн өмнө зүгийн Гуми хотод байрладаг. Өчигдрийн түймрээр уг байгууламжийн ихэнх хэсэг нь шатсан байна.

Өчигдөр өглөө эцгийнхээ голомтод очсон ерөнхийлөгч Пак Гын Хэ буцах замдаа уйлж байсныг албаны хүмүүс гэрчилжээ.

Өмнөд Солонгосын парламент одоогоор түүнийг өөрийнх нь хүсэлтээр огцруулах, эсвэл буруутайд тооцож яллах (impeachment) эсэх дээр хуваагдаад байна. Түүнийг хэрхэн албан тушаалаас нь огцруулах асуудлыг парламент удахгүй хэлэлцэх юм. Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн олон нийтийн дундах нэр хүнд 4 хувь хүрээд байгааг өнгөрсөн долоо хоногт зарлагдсан санал асуулгын дүн харуулжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post