Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/11/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Содномцэрэн: ҮХ-д заасны дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд заавал ирцийн босго тогтооно

Б.Бадамгарав, IKon.mn
2016 оны 11 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр зарим асуудлаар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн энэ жил сонгуулийн жил байсныг онцлоод УИХ, Аймаг, нийслэлийн ИТХ болон Сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулиудыг хуулийн хүрээнд амжилттай зохион байгууллаа гэсэн юм. Сонгуулийн ажил дууссан учраас сонгуулийн байгууллагууд тайлангаа гаргаж, Аудитын газарт хүргүүлсэн байна. 

Мөн УИХ, Аймаг, нийслэлийн ИТХ болон Сум, дүүргийн ИТХ сонгуулийн дэлгэрэнгүй дүн мэдээг Сонгуулийн ерөнхий хорооны цахим хуудсанд байршуулсан ажээ.

Түүнчлэн УИХ-ын болон Аймаг, нийслэлийн сонгуулийг 43 орны  436 ажиглагч ирсэн билээ.

Энэ дундаас хамгийн их ажиглагчаа ирүүлсэн нь Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага бөгөөд тус байгууллага эцсийн тайлангаа саяхан ирүүлж, энэ сард багтаан танилцуулгаа хийхээр болсон байна.

Тус байгууллагын эцсийн тайлангаас үзэхэд 2016 оны УИХ-ын сонгуульд 98 хувийн эерэг үнэлгээ өгсөн байна. Энэхүү үнэлгээгээр Олон улсын парламент судлалын төвийн 2016 оны  Шилдэг сонгуулийн байгууллагад Монгол Улсыг дэвшүүлсэн ажээ. Лондонд төвтэй тус төвөөс жил бүр сонгууль зохион байгуулж буй орнуудаас шилдгийг шалгаруулдаг байна.

Одоогоор манай улс энэ жилийн сонгууль байгуулсан улсуудаас финалийн гуравт багтсан хэмээн СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн хэллээ.

Түүнчлэн тэрбээр “Сонгуулийн ерөнхий хороо ноос сонгуулийн хууль эрхзүйн орчныг боловсронгуй болгох талаар саналаа бэлтгэж УИХ-д хүргүүлэх ажлыг хийж байна. Эхний ээлжид Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн саналаа хүргүүлсэн. Ойрын үед УИХ-ын сонгуультай холбоотой саналаа хүргүүлнэ” гэлээ.

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн сэтгүүлчдийн зарим асуултад хариуллаа.

 
Гэрэл зургийг mpa.mn

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах саналаа хүргүүлсэн гэлээ. Энэ талаар тодруулаач?

-Нэгдүгээрт, сонгуулийн тухай хууль гэж нэгдсэн хууль бий. Хуучин тус тусдаа байсныг  нэгтгээд нэг хууль болгосон нь зохион байгуулалтын ажилд төвөгтэй байлаа. Тиймээс хуучин байсан байдлаар гаргах нь зүйтэй гэсэн санал гаргасан. Мөн 2016 оны ээлжит сонгуулиудаас харж байхад зайлшгүй хийх ёстой өөрчлөлтүүд байна.

Эдгээр саналаа мөн тусгасан. Гуравдугаарт, ирц. Манайхаас бусад оронд ирсэн ирцээрээ хамгийн олон санал авсан нь сонгогддог. Гэтэл манайх бүх сонгуульд босго тогтоодог нь сонгуулийг процессыг удаашруулахад хүргэж байна.

Тиймээс ирсэн ирцээр нь тооцдог болъё гэж  байгаа. Учир нь ирц хүрээгүй тохиолдолд заавал нэмэлт санал хураалт явуулдаг. Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгууль дээр ирц заавал байна. Яагаад гэвэл Үндсэн хуульд олонхын саналаар гэж заасан байдаг. Харин бусад сонгуульд ирцийн босго тогтоох шаардлагагүй гэж үзэж байгаа. 

-Ирц муу байна гэдэг нь Сонгуулийн ерөнхий хороо ажлаа тааруу хийсэнтэй холбоотой юм биш үү?

-Ирцийн судалгаанаас харахад 18-25 насныхан сонгуульд хамгийн муу ирцтэй байгаа. Гэртээ унтаад хэвтэж байгаа хүнийг СЕХ-ноос хүн очиж босгоод сонгуулиа өг гэдэг шахалт байж болохгүй. Үндсэн хуулиар сонгох, сонгогдох нь хүний эрх гэж заасан. Залуучууд л Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх тал дээр өөрсдөө санаачилгатай баймаар байна.

Бид сонгуульдаа идэвхтэй оролцоорой гэдэг сурталчилгааг хангалттай хийсэн. Хэвлэл мэдээлэл ч сайн ажилласан. Өмнө нь амралтын өдөр сонгууль хийдэг байсныг ажлын өдөр хийдэг болгож, тухайн өдрийг бүх нийтийн амралтын өдөр хүртэл болгосон.

Тэгээд байхад оролцохгүй байна шүү дээ. Зарим тохиолдолд биднийг торгуулийн арга хэмжээ авч болдоггүй юм уу гэж хэлдэг. Гэвч хууль эрхзүйн зохицуулалт байхгүй учраас тэгэх боломжгүй.

-Саяхан Сум, дүүргийн сонгуулийн үеэр УИХ-ын сонгуулийн саналын хуудас гарч ирсэн гэдэг асуудал гарсан?

-Саналын хуудас бүр бар кодтой. Сонгууль дууссаны дараа тэр бар кодын нэг өнцгийг хайчилдаг. Тэгэхээр бар кодыг хайчилсан саналын хуудсыг ямар ч машин уншихгүй. Саналын хуудас бүр өөрийн нууцлалтай. Тойрог тус бүр өөр. Тиймээс ийм асуудал огт байхгүй гэдгийг албан ёсоор хэлэх нь зүйтэй. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.