Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/30-НД НИЙТЛЭГДСЭН

“Томоохон төслүүд улсын төсөв болон төлбөрийн тэнцлийг хэдэн жилийн дотор эерэг болгоно”

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 9 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Азийн Хөгжийн Банкны эдийн засгийн гол тайлан болох “Азийн хөгжлийн төлөв”-ийн 2016 оны сүүлчийн тодруулгад Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн харьцангуй өндөр байхаар таамаглажээ. Тодруулбал, 2016 оны эхний хагаст 1.4 хувь болж саарсан хэдий ч 2016 оны эцсийн байдлаар жилийн өсөлт 0.3 хувь, 2017 онд 1.4 хувь болох таамаг дэвшүүлсэн байна.  

Азийн Хөгжлийн Банкны /АХБ/ Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн, Ахлах эдийн засагч Норио Усуй нар Азийн орнууд, тэр дундаа Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн төлөвийн талаар мэдээлэл хийлээ. 

“Азийн хөгжлийн төлөв”-т Монголын эдийн засгийн өсөлтийг нөхцөлдүүлэгч гол хүчин зүйл нь Оюу толгой төслийн 2-р үе шат далд уурхайн бүтээн байгуулалт болон өвлийн дараагаар сэргэх хандлагатай байгаа хөдөө аж ахуйн салбар байна хэмээн үзжээ. Хүнсний нэрийн бүтээгдэхүүнүүд болон түлшний үнийн харьцангуй тогтвортой байдал төгрөгийн сулрал, төсвийн тэлэх бодлого болон мөнгөний нийлүүлэлтээс үүдэх инфляцын өсөлтийн эсрэг сөрөх нөлөөллийг үзүүлсэн бөгөөд инфляцын түвшин энэ жилийг дуустал 3.2 хувь орчим байх бол 2017 онд 5.4 хувь болж өснө хэмээн үзсэн байна. 

Монгол Улсын хэтийн төлөв гэрэл гэгээтэй байна" гэж АХБ-аас Монгол Улсад суугаа Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн хэлсэн бөгөөд “Уул уурхайн салбарт хэрэгжих томоохон төслүүд улсын төсвийн болон төлбөрийн тэнцлийг хэдэн жилийн дотор эерэг болгоно гэж харж байна. Эрдэс түүхий эдийн арвин их баялгаа захиран зарцуулах нь Монгол Улсын хувьд чухал байсаар байх хэдий ч илүү олон зүйлсээс улс орны сайн сайхан хамаарах болно.

Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж уул уурхайд түшиглэсэн эдийн засгийн өсөлтийг тогтвортой бөгөөд хүртээмжтэй болгох явдал нь эдийн засгийг төрөлжүүлэх, бүтээмжийн өсөлтийг эрчимжүүлэх зорилтын хажуугаар хөгжлийн хамгийн том сорилтуудын нэг байх болно” гэж онцлов. 

"Монгол Улсын хэтийн төлөв гэрэл гэгээтэй байна"

Бараа бүтээгдэхүүний экспорт оны эхний долоон сарын байдлаар өмнөх онтой харьцуулахад 9.6 хувиар буурсан бол импорт 17 хувиар буурч худалдааны тэнцэл илүү өндөр ашигтай, урсгал тэнцэл харьцангуй бага алдагдалтай гарах нөхцлийг бүрдүүлсэн нь төлбөрийн тэнцлийн алдагдал 46 сая ам.доллар болж буурахад нөлөөлсөн гэдгийг тайланд мөн дурдсан байна.

Гэсэн ч гадаад валютын цэвэр нөөц хасах үзүүлэлт рүү орсон, 2017-2018 онуудад гадаад өрийн их хэмжээний эргэн төлөлт хүлээгдэж байгаа зэрэг нь төлбөрийн тэнцэлд томоохон дарамтыг учруулж байгаа бөгөөд ирэх хугацаанд урсгал дансны алдагдал өргөсөж гадаад өр төлөгдөх хэрээр энэ байдал үргэлжлэх төлөвтэй байна. Засгийн газрын сүүлд авсан гадаад өрийн нөлөөллөөр гадаад валютын албан нөөц зургаадугаар сарын эцсээр 1.3 тэрбум ам.доллар буюу 3-аас дээш сарын импорттой тэнцэх хэмжээнд очсон. 

Төгрөгийн ханш суларсны улмаас Төв банк бодлогын хүүгээ 4.5 пунктаар өсгөж 15 хувьд хүргэх шийдвэрийг 8-р сард гаргасан. “Дэлхийн зах зээл дээрх эрдэс түүхий эдийн үнийн савалгаа, гадаад санхүүжилтийн олдоц болон гадаад өрийн томоохон эргэн төлөлт зэргийг таамаглалын гол эрсдэл” хэмээн үзэж байгаагаа Суурин төлөөлөгч мөн онцолсон байна.

Азийн Хөгжлийн Банкны Суурин төлөөлөгч Еланда Фернандез Ломмэн “Гадаад орчин тааламжтай бус байгаа хэдий ч Азийн хөгжиж буй орнууд эдийн засгийн өсөлтөө хадгалсан бөгөөд бүс нутгийн хамгийн том хоёр эдийн засаг болох БНХАУ, БНЭУ үүнд эерэгээр нөлөөлсөн. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Дэд бүсээр авч үзэх юм бол, Зүүн Азийн эдийн засгийн өсөлт БНХАУ-ын эдийн засгийн тааламжтай үзүүлэлтүүдийн нөлөөгөөр 2016 онд 5.8 хувь, 2017 онд 5.6 хувьтай байх тооцооллыг хийж байна. Төсвийн болон мөнгөний дэмжих бодлого нь БНХАУ-ын эдийн засаг оны эхний хагаст тооцоолсноос өндөр өсөлттэй гарахад нөлөөлсөн. АХБ-ны зүгээс тус улсын эдийн засаг 2016 онд 6.6 хувь, 2017 онд 6.4 хувиар өснө гэсэн таамаглалыг дэвшүүлж байна. 

Тус бүс нутгийн эдийн засгийн 90 хувь, үүн дотор Монгол Улс, Парисын гэрээгээр хүлэмжийн хийн ялгаруулалтаа бууруулах тодорхой үүрэг амлалтуудыг авч байгаа билээ. Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл энэ бүс нутгийн ДНБ-ийг 2100 он хүртэлх хугацаанд 10 гаруй хувиар хорогдуулах тооцоолол бий учраас энэ алхмууд нь туйлын өндөр ач холбогдолтой. Байдал ийм учраас Парисын гэрээгээр дэвшүүлсэн зорилгуудын хүрээнд Азийн хөгжиж буй орнуудад 2050 он хүртэлх хугацаанд зөвхөн цэвэр эрчим хүчний дэд бүтцийн чиглэлээр жилдээ 300 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдахаар байна” гэлээ.