Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Түмэнбаяр: Австралид болон Монголд олборлосон нүүрс Хятадын хил дээр ижил үнэтэй ирж байгаа

Г.Номин, iKon.mn
2016 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Уул уурхайн салбар дахь төрийн бодлого, томоохон төслүүдийн хэрэгжилттэй холбоотой сүүлийн үеийн мэдээллийг гадны  хөрөнгө оруулагчдад хүргэдэг "Discover Mongolia-2016" чуулга уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Чуулганы хүрээнд өнөөдөр,

  • Монголын уул уурхайн чадавх бэхжүүлэх төслүүд
  • Засгийн газрын цаг
  • Уурхайн хөгжлийн зайлшгүй асуудлууд
  • Хөдөлмөрийн бүтээмж, ажиллах чадварыг нэмэгдүүлэх гэсэн дөрвөн хуралдаан болж байгаа юм.

"Уурхайн хөгжлийн зайлшгүй асуудлууд хуралдаан"-ы эхэнд "Монголын төмөр зам" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Түмэнбаярын илтгэлээр эхэллээ.

Тэрбээр "Манай улсын хувьд тээвэрлэлтийн зардал өндөртэй. Олборлолтын өртөг маань дэлхийн бусад оронтой харьцуулахад нэлээн  доогуур байдаг. Бид ашиг болж үлдэх зүйлээ тээвэрлэлт дээрээ алдаад байдаг.

Одоогийн ашиглаж байгаа авто тээвэр эдийн засагт тодорхой хэмжээний өгөөжөө өгч байгаа хэдий ч тээвэрлэлтийн хэмжээ нь дээд цэгтээ тулаад байна. Тиймээс аль болох хурдан төмөр замаа барьж, ашиглалтад оруулбал ашиг ч нэмэгдэнэ, тээвэрлэлтийн хэмжээ ч өсөх боломжтой. Дээр нь авто замаар тээвэрлэснээс байгальд үзүүлэх хөр нөлөө багасна.

Австралид болон Монголд олборлосон нүүрс Хятадын хил дээр ижил үнэтэй ирж байгаагаас манай тээвэрлэлтийн зардал ямар өндөр байгааг харж болно" хэмээн онцолж байлаа.

 
Гэрэл зургийг mpa.mn

Дараа нь "Монголын уул уурхайн салбар дахь хууль эрх зүйн асуудлууд" сэдвээр Уул уурхайн эрх зүй судлаач сангийн ахлах судлаач Г.Сурахбаяр илтгэл тависан бөгөөд уул уурхайн салбарын бодлогын бичиг баримт тал бүрийн эрх ашиг, байр суурийг тэгш тусгасан гэж үзэж байгаагаа хэлж байлаа.

Хуралдаан "Стандарт-Тогтвортой хөгжил", "MRC Code-Ашигт малтмалын нөөц, баялагийг нээлттэй тайлагнах журам" сэдэвт илтгэлүүдээр үргэлжилж байгаа юм.

14 дэхь жилдээ зохион байгуулагдаж буй  "Discover Mongolia-2016" чуулга уулзалт энэ жил хөл хөдөлгөөн багатай болж өнгөрч байна.