Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Оюунхорол: Ганга нуур уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэйгээр ширгэж байна

Г.Номин, iKon.mn
2016 оны 9 сарын 6
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

БОАЖЯ-наас Орхон голын бохирдлыг бууруулах талаар авч буй арга хэмжээний тухай болон Ганга нуурын ширгэлттэй холбоотой, бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

БОАЖ-ын Сайд Д.Оюунхорол "Орхон голын эхэнд “Монгол газар”, “Батбродерс”, “Алтайголд”, “БМНС”, “Голден хаммер”, “Алтандорнод Монгол” компаниуд лиценз эзэмшиж байна. Тэдгээр компаниудын ажилтай очиж танилцаад ирлээ. Ажлын хэсэгт УУЯ, МХЕГ-ын бүрэлдэхүүн багтсан. 

Үнэхээр хариуцлагагүй уул уурхай Орхон голын эхэнд л байна. Найман аймаг 53 сумаар дамжин Байгаль нуурт цутгаж байгаа Орхон гол маань маш их бохирдсон байсан. Гол дагуу 15 км орчим газар уурхайн үйл ажиллагаа үргэлжилж байна.

Лиценз эзэмшигч компаниуд жижиг компаниудаар буюу 40 гаруй компаниар олборлолт хийлгэж байсан. 

  1. Хуулийн дагуу лиценз эзэмшигч аж ахуйн нэгжүүд ТЭЗҮ-гээ хийлгэж батлуулсан байх шаардлагатай ч хоёроос бусад нь ТЭЗҮ хийлгэлгүй үйл ажиллагаа явуулж байна. Мөн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежмэнтийн төлөвлөгөө хийлгээгүй учраас хуулийн дагуу бүрдүүлэх бичиг баримтууд дутуу байна.
     
  2. Лиценз эзэмшигч аж ахуйн нэгжүүд нөхөн сэргээлтийн барьцаа төлбөрийг улсын төсөвт байршуулах ёстой. Гэтэл барьцаа төлбөр огт байршуулаагүй байна. “Монгол газар” компани барьцаа төлбөр нэрээр орон нутгийн төсөвт мөнгө төвлөрүүлсэн нь хууль зөрчиж байна.
     
  3. Аж ахуйн нэгжүүд ус бохирдуулахгүйн тулд далан хаалтыг мэргэжлийн түвшинд барьж, байгуулаагүй байна.

Дээрх зөрчлүүдээ арилгатал лиценз эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоолоо. Зөрчлөө арилгахгүй бол лицензийг цуцлах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулна. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Яам, холбогдох газруудаас уурхайг хаагаад явангуут л эргээд ажилладаг тухай нутгийн иргэд мэдээлсэн. Тиймээс аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоосон шийдвэрийг хэрэгжүүлэхэд Архангай, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтын байгууллага газар дээр нь хяналт тавин ажиллаж байна.

"Ганга нуурын орчим дахь бэлчээрийн даац хэтэрсэн"

Дараагийн асуудал Ганга нуурын асуудал байгаа. Манай ажлын хэсэг Ганга нууранд очиж ажиллаад ирсэн. 

Ингээд Ганга нуур уул уурхайн үйл ажиллагаанаас бус цэвэр уур  амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэйгээр ширгэж байгааг тогтоолоо. Одоогийн байдлаар нуурын гадаргын усны 90 орчим хувь нь ширгэсэн байгаа. Үүнд дараах хүчин зүйлүүд нөлөөлсөн гэж үзсэн. 

Нэгдүгээрт, долоо,наймдугаар сард агаарын температур олон жилийн дунджаас 1-10 хүртэл хэмээр өсч хэт халалт үүссэн, олон жилийн дундаж хур тунадасны хэмжээний дөнгөж 20 орчим хувь нь орсон нь нуур ширгэх гол шалтгаан болсон гэж үзэж байгаа.

Хоёрдугаарт, Ганга нуурын орчим дахь бэлчээрийн даац хэтэрсэн. Нуур тойроод байгаа малчид ихээр буусан байгаа нь бас нөлөөлсөн байгаа. Тиймээс усан хангамжгүй болсон малчдад худаг гаргаж өгөх ажлыг шийдвэрлэх хэрэгтэй байна. 

Цаашид Ганга нуураа хамгаалах зорилгоор нуурыг тойруулж хаших, нуурыг тэжээдэг хоёр булгийн ундаргыг хамгаалах, малчин айлуудыг нүүлгэх, нуурын ёроолыг дарж усны даралтад нөлөөлдөг элснээс хамгаалах хаалт хийх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байна" гэлээ. 


Дээрх мэдээллийг хийсний дараа БОАЖ-ын Сайд Д.Оюунхорол болон бусад албаныхан сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Ганга нуурын эко системийг хамгаалах, сэргээх үйл ажиллагааг хэзээнээс эхлүүлэх вэ, нэн түрүүнд юу хийх вэ?

БОАЖ-ын Сайд Д.Оюунхорол: Худаг ус гаргах ажлыг ХХААХҮЯ-наас зохион байгуулах ёстой. Энэ талын хөрөнгө мөнгө тус яаман дээр суудаг.  

Манай яамны зүгээс улсын төсөв хүнд байгааг харгалзан үзээд, хүлээж харж суухын оронд олон улсын байгууллагуудад хандахаар ажиллаж байна.

Мөн малчдадаа хандаж нуур руу малаа оруулахгүй байх, цас борооны усыг нуурт цуглуулах арга хэмжээ авна, үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг зохион байгуулна. 

- Орхон голын эхэнд олборлолт хийж байгаа компаниудын үйл ажиллагааг хэр хугацаагаар зогсоосон бэ, линценз ямар хугацаатай олгогдсон юм бол?

Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба: Лиценз бол 30 жилийн хугацаатай олгогдсон. 

Олборлолт явуулж байгаа компаниуд ТЭЗҮ-гээ хийлгээгүй, уулын ажлын төлөвлөгөө, байгаль орчны үнэлгээ зэрэг заавал бүрдүүлэх ёстой бичиг баримтуудаа бүрдүүлээгүй байгаа. Бүх юм хуулийн дагуу болтол үйл ажиллагааг нь зогсоосон. 

- Өчигдрөөс хотод бохирын үнэр үнэртэж эхэлсэн. Төв цэвэрлэх байгууламжийн зүгээс "Энэ үнэр манайхаас гараагүй. Арьс ширний үйлдвэрүүдийн үнэр" гэсэн тайлбар өгч байгаа. Яамны зүгээс арьс ширний үйлдвэрүүдийн талаар ямар бодлого баримталж байгаа вэ?

Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Даваасамба: Төв цэвэрлэх байгууламж бол нийслэлийн харьяа байгууллага. Яамны зүгээс бол арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргах, Хархираа цэвэрлэх байгууламжийг шинэчилж ажиллуулах бодлого баримталж байгаа. 

Хархираа урьдчилан цэвэрлэх байгууламж нь арьс ширний үйлдвэрийн технологийн усыг урьдчилан цэвэрлэж төв цэвэрлэх байгууллага руу нийлүүлдэг юм.