Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Uber Хятадын зах зээлд ялагдсанаа хүлээн зөвшөөрлөө

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 8 сарын 2
IKON.MN
Зураг зураг

Такси дуудлагын онлайн үйлчилгээ болох Uber өчигдөр Хятад дахь салбараа өрсөлдөгч ДиДи Чушинь компанид зарах болсноо зарлалаа.

Ингэж хоёр өрсөлдөгчийн дундаас төрөн гарч буй шинэ компанийн үнэлгээ $35 тэрбумд хүрч байна.

Диди Чушинь мөн Uber-т нэг тэрбумын хөрөнгө оруулалт хийхээр болж, Uber нь шинээр байгуулагдах компанийн 5.89 хувийг эзэмшихээр болсон гэнэ.

Uber-ийн гүйцэтгэх захирал Травис Каланик өөрийн фэйсбүүк хуудсандаа “Энтрепренюр хүний хувьд миний ойлгосон зүйл бол амжилттай бизнес хийх гэдэг нь толгойгоороо шийдэхээс гадна зүрх сэтгэлээ дагах тухай юм” гэж бичсэн нь уг наймааны агуулгыг илэрхийлсэн үг болжээ.

Өөрөөр хэлбэл Хятадын зах зээлийн гол тоглогч Дидитэй маш хүнд өрсөлдөөнд орсны эцэст Uber энэ замыг сонгосон байна. Uber Хятадын зах зээлд 2014 оноос үйл ажиллагаагаа эхлээд нийт $2 тэрбумын алдагдал хүлээгээд байгаа юм.

Харин өрсөлдөгч Диди Чушинь нь Apple компаниас нэг тэрбумын хөрөнгө оруулалт татаж чадсан бол дараа нь дахин долоон тэрбумын хөрөнгө оруулалтыг амжилттай босгосон байна.

Уг наймааг Хятадын зах зээлд нэвтрэх сонирхолтой Америкийн бизнесийнхэнд том сургамж боллоо гэж зарим судлаачид үзэж байгаа юм.

Хятадын зах зээлд нэвтрэхийн тулд АНУ-ын Facebook, Google, Twitter зэрэг технологийн аварга компаниуд ихээхэн зүтгэл гаргаж байгаа ч үр дүн муутай байна.

 

Эх сурвалж: The Verge, Quartz