Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

Нарны эрчим хүчээр ажилладаг онгоц анх удаа ДЭЛХИЙГ БҮТЭН ТОЙРЛОО

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 7 сарын 26
IKON.MN
Зураг зураг

Цэвэр нарны эрчим хүчээр ажилладаг онгоц анх удаагаа дэлхийг бүтэн тойроод өнөөдөр Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Дабид газардлаа.

Швейцарьчуудын бүтээсэн Solar Impulse 2 нэртэй уг онгоц 2015 оны гуравдугаар сард дусал шатахуунгүйгээр Абу Дабигаас дэлхийг тойрохоор хөөрч байсан юм. Тэр 40,000 км зайг туулахдаа 16 удаагийн түр зогсолт хийж байжээ.

Solar Impulse 2-ын нисгэгч Бертран Пиккард бүхээгнээс гарч ирээд “Ирээдүй бол цэвэр технологи. Ирээдүй бол та бүхэн. Ирээдүй бол одоо. Үүнийг цаашдаа ашиглацгаая” гэж хэлсэн байна.

 

Түүнийг энэ үгээ хэлэхэд угтсан олон, түүний дотор Монакогийн хунтайж Альберт алга ташин хүлээж авчээ.

Онгоц нь 17,248 нарны эрчим хүч хүлээн авагчтай бөгөөд хүлээж авсан эрчим хүчээ цахилгаан болгон хувиргадаг. Шөнийн цагаар Solar Impulse 2 нь дөрвөн ширхэг лидиум полимер баттерей ашигладаг гэнэ.

Ийм олон нарны эрчим хүч хүлээн авагчийг агуулахын тулд онгоц нь 72 метр урт далавчтай байдаг ажээ.

Жин нь 2,300 кг орчим буюу дунд оврын ачааны машины хэмжээтэй. Харьцуулбал хоосон Боинг 747 нь 180,000 кг байдаг юм.

 

Гэхдээ энэ аялал тийм ч амархан байсангүй. Японоос Хавай орох замд баттерейнд гэмтэл гарсан тул нисгэгч нь есөн сар орчим аялалаа завсарлаж байжээ. Сүүлийн нислэгээ хийхэд буюу Кайраас Абу Даби орох аялал нисгэгчийн биеийн байдал болон цаг уураас шалтгаалан долоо хоног гаруй саатсан юм.

Нийтдээ 500 гаруй цагийн нислэг үйлдсэн Solar Impulse 2 нь 45-90 км/цаг хурдтай аялж Оман, Энэтхэг, Мьянмар, Хятад, Япон, АНУ, Испани, Итали, Египетэд буудаллаж байв.

Нэг хүний суудалтай тул Швейцарийн хоёр нисгэгч Пиккард, Боршберг нар ээлжээр жолоодож байжээ.

Урт хугацаанд нислэг үйлдэхдээ нисгэгч нар нь йогийн дасгал хийх зэргээр биеэ амрааж байсан гэнэ.

Төслийн нийт зардал $100 сая гаруй болсныг АНЭУ-ын засгийн газрын Масдар цэвэр эрчим хүчний компани голлон санхүүжүүлжээ.

Хүнд хэцүү аялал байсан ч хүн төрөлхтөн анх удаагаа цэвэр эрчим хүч ашиглан дэлхийг тойрсон тохиолдол болж байгаагаараа уг төсөл өндөр ач холбогдолтой юм.

 

Эх сурвалж: Bloomberg