Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Хамгаалалтын иж бүрэн хувцастай, даатгуулсан хүүхдийг хурдан морины уралдаанд оролцуулна"

Г.Номин, iKon.mn
2016 оны 7 сарын 5
www.ikon.mn

Тулгар төрийн 2225 жил, Их монгол улсын 810 жил, Ардын хувсгалын 95 жилийн ойн үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг хэрхэн зохион байгуулах талаар Хурдан морьны салбар хорооноос мэдээлэл хийлээ.

Хурдан морины салбар хорооны дэд дарга Ж.Болдбаатар "Үндэсний их баяр наадмын хурдан морьны уралдааныг сурвалжлахдаа өнгөрсөн жилийн жишгээр ажиллахаар болсон. Уралдааныг олон машин дагаж байна гэсэн шүүмжлэл жилийн жилд гардаг. Хурдан морины уралдааныг телевизийн таван машин, эмнэлэг, мал эмнэлэгийн машин, морь тайлбарлагчын машин л дагадаг. Тэр журмаараа явна. 

 

Мөн хурдан морины хүүхдийн хувцасны стандартын дагуу хамгаалалтын хувцас өмсөнө. Уяачид, эцэг эхчүүд, морь унаач хүүхэд гэрээ байгуулж ажиллана. Даатгалгүй, хувцасны стандатыг хангаагүй хүүхдийг мордуулахгүй" гэлээ.

Долоодугаар сарын 9-12 ны өдрүүдад 08:00-22:00 цагийн хооронд хурдан морины салбар комиссын морь бүртгэлийн хэсэгт уралдаанд оролцогч хүүхэд бүртгэх юм байна.

Хүүхдийн байгууллага хурдан морины салбар хороотой хамтран хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг ханган ажиллах бөгөөд хүүхдийн байгууллагын 31 мэргэжилтэн хяналт тавих ажээ.

Хүүхдийн Төлөө Үндэсний Төвийн дэд дарга Т.Түвшин "Уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавих үйл ажиллагааны удирдамж зөвлөмжийг орон нутгийн хүүхдийн байгууллагад хүргүүлж, хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг үндэсний хэмжээнд хамгаалан ажиллахаар бэлтгэл ажил хангагдаад байна. 

 

Стандартын шаардлага хангасан хамгаалалтын иж бүрэн хувцастай, 7-с дээш насны, ослын даатгалд хамрагдсан уралдаанч хүүхдийг хурдан морины уралдаанд оролцуулна.

Хүүхдийн төлөө үндсэний газраас www.unaach.nac.gov.mn портал хаяг нээн уралдаанч хүүхдийн буртгэлийг хийж хяналт тавьж байгаа" хэмээн ярилаа.

Уралдаанч хүүхдийг бүртгэхэд дараах баримтуудыг шаардах аж.

  • Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар
  • Эрүүл мэндийн дэвтрийн дугаар
  • Эрүүл мэндийн үзлэгт орсон бичиг
  • Ослын даатгалын баталгаа
  • Эцэг эх, асран хамгаалагчийн зөвшэөрөл зэргийг үндэслэн бүртгэл хийнэ.
  • Бүртгэхдээ Уяачийн утас, регистерийн дугаар, эцэг эхийн овог нэр утасны дугаарыг тодруулж асуух тул тэмдэглэж ирэх

Уралдааны үед тавигдах шаардлага

  • Уралдаанч хүүхдэд стандартын шаардлага хангасан хамгаалалтын хувцасыг бүрэн өмсүүлсэн байна.
  • 7-с дээш настай даатгалд хамрагдсан хүүхэд уралдаанд оролцуулна.
  • Морь уралдах цагийн хуваарийг баримтлан товлосон хугацаанд нь ирсэн байна.
  • Мориноос унаж доргилт авсан хүүхдийг дараагийн насны морь унуулахгүй амраана.

Баяр наадмын үеэр уралдаанч хүүхэд болон хүүхдийн эрхийн асуудлаар Хүүхдийн тусламжийн утас 108 дугаарын утсанд хандаж мэдээлэл өгөх, зөвлөгөө, тусламж авах боломжтой юм байна.