Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

Гол уснаас болгоомжлоорой

Э.Туул
2016 оны 7 сарын 2
Монголын мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол түмэн зургадугаар сарын турш сонгуулиар амьсгалж, саналаа өгснөөр нэг юм амсхийв. Гэтэл 10-хан хоногийн дараа Монгол түмний их баяр цэнгэл, дэлхийд ганцхан дэнж хотойлгосон наадам айсуй. Түүнчлэн наадамтай залгуулаад буюу энэ сарын 14, 15-нд АСЕМ-ын Дээд төвшний XI уулзалт зохион байгуулагдана.
 
Хүмүүс ч их ажлын ард гарсан, бас АСЕМ-ын үеэр хотод байлгахгүй гэсэн болохоор амарч, зугаалах нь тодорхой болж, зарим нь ч аль хэдийнэ майхан саваа бэлдээд эхэлчихэж.

Манайхан сурсан зангаараа голын эрэг дээр очиж, хөдөө гарч амрах нь тодорхой.

Нэгэнт нийслэлд байж болохгүй юм чинь ингэхээс ч яах вэ. Угаасаа л манайхан хэзээний амралтын өдрөө ая тухтай өнгөрүүлж, зугаалж, наргих дуртай хүмүүс. Бүр гэр бүл, найз нөхдөөрөө нийлж аваад л, хээр гарч, гол усанд тоглоно. Ингэж амарч, зугаалах нь мэдээжийн хэрэг сайхан.

Гэвч амарч зугаалахдаа анхаарал болгоомжгүй, архидан согтуурснаас үүдэн амиа ч алдах эрсдэл бийг санах хэрэгтэй.

Саяхан нийслэлд хоёр хоног усархаг бороо орсны улмаас улсын хэмжээнд гол усанд 18 хүн эндсэн харамсалтай мэдээ гарсан. Мөн нийслэлийн хэмжээнд гурван хүн усанд осолдсон талаар онцгой байдлынхан хэлж байсан.

Түүгээр ч барахгүй амралт зугаалганд явж байгаа иргэд гол усанд осолдож, амиа алдах, бэртэж гэмтэх тохиолдол долдугаар сард ихэсдэг гэнэ билээ.

Тиймээс л ийнхүү анхааруулж, сэрэмжлүүлээд байдаг хэрэг. Харин сануулж, сэрэмжлүүлээд байхад саваагүйтэж яваад гол усанд эндчих вэ дээ. Одооноос онцгой байдлынхан сануулаад эхэлсэн шүү.

Учир нь долоодугаар сар тэр чигтээ бороо хуртай байна гэдгийг цаг уурын байгууллагаас сануулаад байгаа юм. Тодруулбал, “Долоодугаар сард бороо орно.

Ер нь баруун зүгийн зарим газраар дундаж хэмжээнээс багавтар, говийн бүсийн нутгаар дунджаас их, бусад нутгаар дундаж хэмжээнд хур тунадас бороо орох төлөвтэй байна.

Өмнөх жилүүдээс харж байхад долоодугаар сар бороотой, ялангуяа дуу цахилгаантай, усархаг аадар бороо ихтэй байдаг. 

Температурын хувьд нутгийн баруун хагас, төвийн нутгийн зүүн хойд хэсгээр дунджаас дулаан, бусад нутгаар дундаж хэмжээний орчим байна.

Одоогоор бороо яг хэзээ орохыг хэлэх боломжгүй. Гэхдээ долоодугаар сард бороотой байна. Наймдугаар сард ч гэсэн бороо орох төлөвтэй байна.

Ер нь өмнөх жилүүдээс харж байхад долоодугаар сар бороотой, ялангуяа дуу цахилгаантай, усархаг аадар бороо ихтэй байдаг. Зуны гурван сарын хамгийн их бороотой нь долоодугаар сар юм. Тиймээс ард иргэд үер, усны аюулаас анхаарал болгоомжтой байх хэрэгтэй” гэж албаны хүн нь анхааруулж байна билээ.
 
Манайхан зургадугаар сар ч бороотой л байсан, юун сүртэй юм гээд хэнэггүй царайлж мэдэх л хүмүүс. Гэтэл дуу цахилгаантай, усархаг аадар бороо их орвол гол усны төвшин нэмэгдэж, үер ч буух магадлалтай.

Ялангуяа манайхны их зорчдог баруун зүгийн аймгууд буюу Увс, Говь-Алтай, Ховд, Завхан, Баян-Өлгийн хойд хэсгээр бороо орно гээд байгаа.

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр Алтайн нуруунаас эхтэй Булган, Хар бут, Ховд, Хөвсгөлийн уулсаас эхтэй Богд, Завхан, Орхон, Улиастай, Хэнтэйн нуруунаас эхтэй Сэлэнгэ мөрөн, Баянхонгор аймгийн Байдраг, Шаргалжуут гол Өвөрхангай аймгийн Онги голууд үерлэж, усны төвшин их хэмжээгээр нэмэгдэн аюултай байдалд хүрээд байгаа гэсэн.

Тиймээс нийт иргэд, эцэг эхчүүд хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхдүүдээ гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх, цаг агаарын мэдээг тогтмол хүлээн авч, баталгаат зам гүүрээр зорчиж машинаар гол гатлахыг оролдохгүй байх, голын усны төвшин нэмэгдсэн үед голд сэлэхгүй байхыг сэрэмжлүүлж байсан шүү.
 
Хүний үг авахгүй, сэрэмжлүүлж сануулаад байхад тоохгүй гараад явчихдаг гэм манайханд бий. Өвлийн улиралд цас их орно битгий яваарай гэхээр л гарч яваад цасанд суугаад, өөрсдийнхөө ч, улсын ч хөрөнгийг бараад байдаг зантай. Тэгвэл энэ сард бороо их орно шүү гээд онцгой байдлынхан эртнээс сэрэмжлүүллээ шүү. Анхааралдаа авчихад гэмгүй л байх. 

Зураг