Өнөөдөр Британичууд Европын Холбооноос гарах үгүйгээ бүх нийтийн санал асуулгаар шийдэх гэж байна.
Сүүлийн байдлаар ЕХ-ноос гарах тал нь дөнгөж нэг хувийн илүүтэй байгаа судалгаа байгаа юм. Ойролцоогоор 45 хувь нь гарах, 44 хувь нь үлдэхийг дэмжиж байна.
Ингээд Европын Холбоог орхиж гарахыг уриалагчдын тавьж байгаа хамгийн чухал долоон тайлбарыг хүргэе.
Сүүлийн жилүүдэд Европын Холбоо гишүүн улсуудынхаа олон эрх мэдлийг өөртөө шилжүүлж авах болсон. Брюссельд төвлөрсөн эрх мэдлүүдэд өрсөлдөөний зохицуулалт, хөдөө аж ахуй, оюуны өмчийн зэрэг чухал асуудлууд орж байна.
Үүнд тун сонин сонин дүрэм журмуудыг ЕХ гишүүн орнууддаа тулгаж байгаа нь Британичуудыг бухимдуулж байна. Тухайлбал дүрдэг цайг дахин ашиглаж болохгүй, найм хүртэл насны хүүхэд бөмбөлөг үлээн хийлж болохгүй, тоос сорогчийн чадлыг тэдээс дээш гаргаж болохгүй гэх мэт.
Арваадхан жилийн өмнө Британичуудын дийлэнх нь ЕХ-г дэмжиж байсан. Гэвч 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралын дараа Евро хэрэглэдэг бүсийн сул тал харагдаж Грек, Испани зэрэг гишүүн орнуудын байдал хүндэрсэн юм. Тэдний өрийг бусад том гүрнүүд нь хариуцах болсон нь Британичуудад таалагдсангүй.
ЕХ өөрийн гишүүн орнуудын хүлээж авах цагаачдын тоог тогтоож өгдөг. 2008 оны их хямралын дараа зүүн Европын зэрэг бусад гишүүн улсуудаас олон тооны цагаачид Британид ирэх болсон. 2015 онд Британи 333 мянган цагаач хүлээж авчээ. Энэ нь Британи шиг хэмжээний улсад том тоо гэнэ. Тиймээс Британичууд ЕХ-ны гадна оршвол илүү хатуу цагаачлалын бодлого хэрэгжүүлж чадна гэж үзэж байна.
ЕХ шууд татвар цуглуулах чадваргүй боловч гишүүн орнуудаасаа өөрийн төсөвт зориулан мөнгө татдаг. Одоогоор Их Британи ЕХ-нд жил бүр $19 тэрбум орчмыг төлдөг аж. Энэ нь Британи хүн бүрээс $300-г татаж байна гэсэн үг юм. Зүгээр л энэ мөнгийг хадгалж үлдэх нь Их Британи ЕХ-ноос гарах хангалттай шалтгаан гэж шүүмжлэгчид үздэг.
Эх сурвалж: VOX