Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Иргэд 1,072 хувьцаатай холбоотой цуу ярианд итгэж олноороо цугласан нь тогтоогдсон"

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 4 сарын 25
iKon.MN

Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс Эрдэнэс Таван Толгойн 1,072 ширхэг хувьцаатай холбоотой мэдээлэл өглөө.

Урт цагаан буюу Жуулчдын гудамжинд сүүлийн арваад хоног 1,072 ширхэг хувьцаагаа зарахыг хүссэн иргэд цуглаад байна. Мэргэжлийн байгууллагуудаас 1,072 ширхэг хувьцааг арилжаалах ямар ч боломжгүй гэдгийг удаа дараа мэдэгдээд байгаа ч иргэд тарахгүй байгаа юм.

 

Энэ талаар СЗХ-ны Хяналт, шалгалтын хэлтсийн дарга Г.Долгорсүрэн “2012 оноос хойш Монгол Улсын 800 мянган иргэн Үнэт цаасны төлбөр тооцооны харилцах дансаа нээсэн байгаа. Иргэд дансаа нээлгэх гэж яарах ямар ч шаардлага байхгүй.

Сүүлийн үед Үнэт цаас эзэмших дансыг нээлгэснээр ЭТТ компанийн хувьцаа, түүнийг өмчлөх эрх баталгаажих, зарагдах, захиран зарцуулах эрх нь нээгдэж байгаа гэдэг төөрөгдсөн мэдээлэл олон нийтэд тарж байна.

ЭТТ компанийн хувьцаа СЗХ болон Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэгдээгүй, хувьцааны арилжаа эхлээгүй байгаа.

Хоёрдугаарт Засгийн газрын тогтоолоор ЭТТ компанийн хувьцааны хоёр дахь зах зээлийн хувьцааны арилжааг нээх хүртэл саналын эрхгүй, захиран зарцуулахгүй байх нөхцөлтэйгээр иргэдэд эзэмшүүлсэн.

Мөн хувьцааны арилжаа эхлээгүй байх явцад олон нийтийг төөрөгдүүлж байгаа нь үнэт цаасны захад итгэх итгэлийг бууруулах, төр засгийн шийдвэрийг буруугаар ойлгуулах асуудалтай байна” гэсэн юм.

 

Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны УЗ-ийн дарга Б. Өлзийбаяр “Арав хоног өнгөрөөд байхад цугласан иргэдийн тоо буурахгүй байна.

Үнэт цаасны данс нээлгэснээр ЭТТ-н хувьцаагаа баталгаажуулж, бэлэн мөнгөөр зарах ямар ч боломжгүй. Энэ хувьцаа нь саналын болон өвлүүлэх, бэлэглэх, арилжаалах эрхгүй. Тэгэхээд байхгүй, бүртгэлгүй хувьцааг зарна гэдэг өөрөө хууль бус.

Үнэндээ ард иргэдийн хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг дутуу шүү дээ. Үүнийг дэвэргээд, цуу яриа тархаад яваад байгаа юм биш үү. Өнөөдөр хувьцаагаа яг зарчихсан эсвэл авчихсан хүн байхгүй” гэсэн юм.

Газар дээр нь очиход иргэдийн дунд “Машинтай хүмүүс ирж хувьцаа худалдаж авч байна”, “Нэг дугаараас залгаад хувьцаа худалдаж авъя гэсэн” гэх мэт мэдээлэл байна. Тэгвэл тус дүүргийн цагдаагийн газраас энэ асуудлаар шалгалт хийжээ.

 

Энэ талаар Чингэлтэй дүүргийн Мөрдөн байцаах тасгийн дарга Д.Дугарсүрэн “Энэ асуудлыг шалгасан. Манай шалгалтаар албан ёсоор тогтоогдсон зүйл байхгүй.

Иргэд цуу ярианд итгэж, олноороо цугласан нь тогтоогдсон. Ямар нэгэн машинтай хүмүүс ирж хувьцаа худалдан авсан гэсэн яриа бол худал, төөрөгдөл.  Бид ам дамжсан яриа, худал цуурхалыг дагаж бөөгнөрөөд байгаа иргэдийг энэ үйл ажиллагаагаа зогсоо гэсэн” гэв.