Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/25-НД НИЙТЛЭГДСЭН

1,072 хувьцааг худалдан авч байгаа гэх мэдээлэл тараасан иргэдийг шалгаж эхэлжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 4 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 1,072 ширхэг хувьцааг худалдаж, худалдан авч байна гэх мэдээлэл тарсаар цөөнгүй хонов. Энэ мэдээлэл тарснаас хойш Жуулчдын гудамж буюу бидний хэлж заншсанаар Урт цагааны хөл хөдөлгөөн эрс нэмэгджээ. 

Хувьцаагаа эзэмших эрх нээлгэн, худалдах гэсэн иргэд хэд хэдээрээ бөөгнөрөн өглөөнөөс орой болтол зарим бүүр хонож ч байгаа сурагтай. 

Тэгвэл цагдаагийн байгууллагаас энэ асуудлыг шалгаж эхэлсэн байна. Иргэдийн хувьцаагаа зарж, худалдаж болох уу, иргэдээс хувьцааг нь худалдаж авч байгаа нь үнэн үү гэдгийг цагдаагийн байгууллагаас тодрууллаа.

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Монгол-Тайваний төвийн ойр орчмоор энэ сарын 12-ны өдрөөс хойш "Эрдэнэс таван толгой” ХК-ийн хувьцааг зарж борлуулж байна гэх худал мэдээллийн дагуу иргэд олноор цугларах болжээ. Тиймээс дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Эрүүгийн цагдаагийн газрын алба хаагчид Санхүүгийн Зохицуулах Хороотой хамтран ухуулга сурталчилгаа хийж, иргэдийг тараасан байна. 

Гэсэн ч өнөөдрийг хүртэл хувьцаагаа зарах гэсэн иргэд Монгол-Тайваний төвийн гадна байсаар. Цагдаагийн ажилтнууд тэдний заримаас яагаад энд байгаа, хаанаас мэдээлэл авсныг тодруулахад “Бид энэ төвд байрлах “Стандарт инвестмент ҮЦК" ХХК-нд бүртгүүлж хувьцаагаа зарж борлуулах эрхтэй болсон. Энэ байгууллагын бүртгэлийн алба хаагчид “Та нарын хувьцааг манай гаднаас хүмүүс худалдаж авч байгаа, тэдэнд зарж борлуулж болно” гэж зөвлөсний үндсэн дээр энд 7-10 гаруй хонож байна. Яг худалдаж авч байгаа зүйл мэдэгдээгүй боловч ам дамжсан яриа байсаар өдийг хүрлээ гэж” гэсэн байна. 

“Стандарт инвестмэнт ҮЦК” ХХК гэж ямар учиртай байгууллага вэ

“1,072 ширхэг хувьцааг худалдана” гэх асуудалтай холбоотойгоор Эрүүгийн цагдаагийн газраас дөрөвдүгээр сарын 20-нд “Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв” НҮТББ-ын гүйцэтгэх захирал Э.Алтаншагай, “Стандарт инвестмент ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Жаргал нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. 

“Стандарт инвестмент ҮЦК” ХХК нь “Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв" НҮТББ-ын гүйцэтгэх захирал Э.Алтаншагайтай хамтран ажиллах гэрээ байгуулж, улмаар “Новел инвестмент” гэх компанид салбар төлөөлөгчийн газраа нээсэн аж. Ингэхдээ Санхүүгийн Зохицуулах Хорооноос хууль журмын дагуу авалгүйгээр үйл ажиллагаа явуулж байжээ. 

“Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв” НҮТББ-ын гүйцэтгэх захирал Э.Алтаншагай “Миний биө Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв" байгууллагыг 2013 оны зургаадугаар сард үүсгэн байгуулсан. 

Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш иргэдэд үнэт цаасны талаар зөвлөгөө мэдээлэл өгч байсан. Манай байгууллага Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах Монгол-Тайваний төвийн 409 тоотод байрладаг. “Стандарт инвестмент ҮЦК" ХХК-тай 2015 оны тавдугаар сараас хойш хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллаж эхэлсэн. 

Үнэт цаасны данс нээхэд 5,000 төгрөг иргэдээс авдаг, 2,000 төгрөгийг “Стандарт инвестмент ҮЦК” ХХК болон миний бие хувааж авдаг байсан. Миний бие "Стандарт инвестмөнт ҮЦК” ХХК-аас 3,000,000 төгрөг авсан” гэжээ.

 

Харин “Стандарт инвестмент ҮЦК" ХХК-ийн брокер Н.Төгөлдөр цагдаагийн байгууллагад тайлбар гаргахдаа “Үнэт цаасны данс нээх ажил нь Монгол-Тайваний төвийн 4 давхарт 409 тоотод өрнөж байсан. Миний бие компанийн үндсэн ажил үүргийн дагуу данс нээлгэх хүсэлт өгсөн иргэдийн материалыг системд шивж хадгаламжийн төвд хүргэж өгөх зэрэг үндсэн ажил үүргээ гүйцэтгэсэн. “Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв” ТББ-ын үйл ажиллагааны тухай нарийн тодорхой мэдэхгүй.

Иргэн Алтаншагай эрхлэн явуулж байгаа тус төрийн бус байгууллага нь иргэдээс "Эрдэнэс таван толгой’ ХК-ийн хувьцааг зарж арилжих өвлүүлэх, бэлэглэн гэх мэт эрхийг үүсгэж өгнө үү гэсэн өргөдөл иргэдээс цуглуулж, Засгийн газар, Улсын Их Хурал, “Эрдэнэс Монгол” компанид хүргэж буй тухай мэдэж байсан. 

Сүүлийн үед иргэд хувьцааны данс нээлгэх байдал огцом идэвхжиж ирсэн нь тус ТББ-ын “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн хувьцааг арилжаалах эрхийг нээж өгнө үү гэсэн өргөдөл авч тэр талаар удаа дараа олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдэл хийсэнтэй холбоотой гэж үзэж байна. Иргэдийн хувьд хувьцаа, үнэт цаасны тухай тодорхой мэдлэг ойлголт дутмаг байдгаас буруу зөрүү ойлгон яарч сандран дараалал үүсгэх байдалд тайлбар өгч байгаа ч ам ам дамжин буруу ойлголт даамжирч байна” гэжээ. 

СЗХ-ноос 60 гаруй байгууллагад иргэдийн хувьцааны данс нээх эрхийг олгосон байдаг аж. Гэвч тэдгээр байгууллагуудын хоорондын өрсөлдөөн, иргэдийн мэдлэг, мэдээлэлгүй байдлыг ашиглан худал мэдээлэл тараан, иргэдийг татаж байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. 

Тиймээс ч “Стандарт инвестмент ҮЦК” ХХК болон “Хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах төв” НҮТББ-ын удирдлагуудыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхлээд байна.