Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/15-НД НИЙТЛЭГДСЭН

Ченж төлөвлөгөөний золиос -II

Ц.Цэвээнхэрлэн, Засгийн газрын мэдээ
2016 оны 4 сарын 15
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Ченж төлөвлөгөөний золиос- I

...Зугтаач ээ, хурдан зугтаа хэмээн нүүрээ шороогоор угаачихаа юу гэмээр царайтай мөнөөх залуу над руу хашгирангаа сандран босож, газраас багажаа шүүрэн авлаа. Чухам тэр үед Шавартын хөндийд цугласан нинжанууд яг л үүрээ эвдүүлсэн шоргоолж аятай бужигнаж эхлэв.

“Зүгээр дээ, чи өөрөө зугт” гэтэл “За яахав, би чамтай хамт байя” хэмээн хажууд хэсэг зогссоноо тэссэнгүй. Машин руугаа гүйх зуураа эргэн эргэн харсаар “Хамаг юмаа хураалгана ш дээ, зугтаач.. хэмээн анхааруулаад, тоос манаргасаар чулуучдыг зөөдөг микронд суугаад давхин одов.

Мотоцикльтой хүмүүс машин унаснаасаа илүү шаламгай юм. Суулаа, аслаа, сундаллаа, хөдөллөө. Ийнхүү тэд замаар бус, уулын орой, гуу жалга руу тал тал тийш бутран алга болж байв. Заримынх нь “дугуй” асахгүй, пажигнаад унтарч харагдав, нэг хэсэг багаж, юм хумаа цуглуулах гэж мунгинаж үзэгдэв. Энэ үеэр 50 нэлээд гарсан болов уу гэмээр эмэгтэй элдвийн хараал урсган хашгирч алхах, гүйх хоёрын дунд сажилсаар хажуугаар өнгөрлөө. 

Настай бас эмэгтэй хүний амнаас “п.., л...”-р эхэлсэн хараал сонсох муухай юм билээ. “п.., л...”-р эхэлсэн хараал сонсох муухай юм билээ. Газар ухагчид ийн бужигнасан шалтгаан нь Хэнтий аймгийн Батноров сумын Тамгын газрын жийп гэнэтийн шалгалт, эргүүл хийхээр гарч ирсэнд байлаа. Засгийн унааг шорооныхон андахгүй аж.

Бараа нь харагдах төдийд тал тал тийш бутарч буй нь энэ. Хэд хэдэн хүн байрнаасаа хөдөлж чадахгүй газар дээрээ баригдав. 

Хөдөлмөрлөж мөнгө олох ёстой гэсэн хүмүүжил, ухамсар дутаж байна.

Заримыг нь хойноос нь хөөн хормын төдийд хашин, зогсоож байгаа харагдсан.

Өөр нөхдийнх нь араас явсан “манай талынхан” ойролцоогоор 20-30 минутын дараа хэргийн эздийг бариад ирж байлаа. Иймэрхүү байдлаар бараг хоёр цаг үргэлжилсэн “баривчилгаа”-ны дүнд 5-6 машин, гурван мотоцикльтой хориод хүн энэ удаагийн шалгалтаар баригдсан юм.

Бүгд эрүүл саруул, идэр залуу насныхан байв. “Манай залуучууд малаас зугатаад, ядаж л төллөлтийн үеэр туслах хүн олдохгүй байна. Олон малтай айл ямаагаа самнаж дийлэхгүй, хүнгүйдэж байна шүү дээ. Цалин өгье гээд нэмэр алга. Яаж хялбар аргаар, гэнэт их мөнгө олох уу гэсэн л хүмүүс байдаг болжээ. Хөдөлмөрлөж мөнгө олох ёстой гэсэн хүмүүжил, ухамсар дутаж байна” хэмээн Батноров сумын малчин Л.Оюунцэцэг толгой сэгсрэн өгүүлэв.

“Өдөрт 200-300 хүн, 60-70 машин байнга хөлхөж байгаагаас үүдэлтэй олон асуудал хөндөгдөх боллоо. Хаана алт, чулуу гарч байна, тэр сургаар цугладаг газар газрын асуудалтай хүмүүс энд ирдэг.

Бэлчээр дээрээс хонь дүүрээд зугатаж байна. Архидалт сүүлийн үед бүр эрс нэмэгдлээ. Чулууныхантай холбоогүй хүн ч бараг байхгүй боллоо” гэж сумын Цагдаагийн хэсгийн цагдаа Ж.Нямбарс ярилаа.

Ажилгүйчүүдээр төсөөлж асан нинжагийн бүлэг ийнхүү малчидтай, өсвөр насныхантай, залуустай хүч нийлэн бүл нэмсээр байна. Малчин монгол морио сольж, геологи, уул уурхайн ажлыг мэргэжлийн түвшинд хийх болов. Хаана алтны судал байгааг, ямар газар ховор, өнгөт чулуу нуугдаж буйг тэд андахгүй. Угтаа бол уурхайн хаягдалд голдуу тухлан энгэр ээвэр газраар шоргоолж мэт бужигнаж асан нинжанууд өдгөө уулыг нурааж, усыг эргүүлэх дайны томоохон арми болон өргөжиж байгаа нь энэ.

Монгол орныг хэрэн тэнүүчлэх эрдэнэсийн ангуучдын хүрээгүй, ухаагүй газар гэж үлдээгүй. Улсын тусгай хамгаалалттай газарт, байгалийн цогцолбор газарт, бүр дархан цаазтай нутгийг хүртэл нинжанууд зүрхлэн тонож байна. Машин техник, багаж хэрэгслээр бүрэн хангагдсан тэднийг өдгөө юу ч зогсоож чадахгүй хэмжээнд хүрчихлээ. Хөрөнгөтэй, техниктэй нэгнийхээ мэдэлд, ченжүүдийн заавар чиглэлийн дагуу ажилладаг нинжануудын олборлох үйл ажиллагааг ядарсан иргэд хэмээн тодотгох аргагүй.

Батноров сумын Байгаль орчны улсын байцаагч Э.Зулцэцэг:

-Байгаль орчин гэдэг зөвхөн чулуу, газрын асуудал биш. Ан амьтан, ой ус гээд экосистем, хүрээлэн буй орчны бүхий л асуудал хөндөгддөг. Гурванбүрдийн бүс нутаг бол манай нутгийн усны гол эх үүсвэр. Гэтэл ундаргыг нь тогтоон барьдаг чулууг нь авснаар сөрөг нөлөө одооноос ажиглагдаад эхэлчихлээ. 

Зөвхөн байгаль гэлтгүй нийгэмд хүртэл сөрөг үр дагавар газар авах нь. Хонь малыг нь хулгайлах, өвөлжөөг нь шатаах, төрийн албан хаагчдыг заналхийлэх, танхайрах гэх мэтээр гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна гэв.

Хаана алтны судал байгааг, ямар газар ховор, өнгөт чулуу нуугдаж буйг тэд андахгүй. 

Хэнтий аймгийн Засаг захиргаа уг нь зүгээр суугаагүй юм билээ. Нутгийн иргэдийн хүсэлт, гомдлын дагуу Аймгийн ИТХ-ын шийдвэрээр Байгалийн өнгөт чулууг түүх, олборлох, хадгалах, тээвэрлэх, худалдах, худалдан авахыг хориглох тухай тогтоолыг өнгөрсөн нэгдүгээр сард гаргажээ. Гэвч хууль эрх зүйн орчин бүрхэг, тэмцлийн хэлбэр нь тодорхойгүй зэрэг шалтгаанаар хүчгүйдэн үнэгүйдсэн нь энэ.

Удаан хугацааны хөгжлийн хувьд байгалийн нөөцөөр баялаг улс бусад орныг бодвол амжилт муутай байдгийг маш олон судалгаагаар тогтоосон нь бий. Манай улс ч ялгаагүй хөгжил дэвшилд хүрэх, эсэх нь бараг л бүрхэг талдаа. Дэлхий дээр байгалийн баялгаа ашигласан хэрнээ дэд бүтэц, эдийн засаг нь өсөөгүй тохиолдол их.

Бусад орныг харахад л муу жишээ нь сайнаасаа хавьгүй олон байх юм. Алмаас нь Анголыг баян болгоогүй бол газрын тос Венесуэлд хөгжил дэвшлийг авчирсангүй. Ардчилсан Конгод колтан, алт, зэсийн баялаг нөөц нь дайн дэгдээсэн. ОХУ-д гэхэд цөөн тооны олигарх хэмжээлшгүй их баялгийг эзэмшиж байна.

2010 он. Засгийн газрын 308 дугаар тогтоолоор “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг баталсан. Ингэснээр нинжанууд “бичил уурхайчин” хэмээн нэрлэгдэх, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн албан ёсны ажлын байртай болох боломж бүрдсэн. Тэрчлэн байгаль орчин, нийгмийн өмнө хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгосон.

Гэвч дийлэнх нь өнөөдөр “нинжа” хэвээр л байна. Заримд нь нөхөрлөл байгуулан ажиллах боломж, нөхцөл бүрдээгүй бол, зарим нь хуульд захирагдаж, татвар төлөхийг, бас ухсан нүхээ эргүүлэн булах гээд “давхар” ажил хийхийг, үүрэг хүлээхийг хүссэнгүй.

Угтаа бол Монгол Улс дийлдэхээргүй хүчирхэг хорлон сүйтгэгчдийн армитай болчихоод байна. Засаг захиргаа, хууль дүрэм байдгийг умартан огоорсон, байгаль орчноо, цаашлаад эх орноо шуналын сэтгэлээр золиосолсон хүмүүсээ одоо яах вэ.

“Чулуу гэдэг газрын хөрсөнд ус чийгийг хадгалж, элс, шорооны нүүдлийг тогтоон барьж цөлжилтөөс хамгаалдаг байгалийн нэг чухал зүйл. Бага байхад миний аав, ээж чулуу бариад гүйж байгааг харвал загнадаг байлаа. Байранд нь тавь, чулуу хөдөлгөж болдоггүй юм гээд. Гэтэл одоо ил байгааг нь байтугай хөрсөн доорхыг нь ухаж аваад байна гэдэг үнэхээр харамсалтай. 

Хамгийн их ашиг олдог, залуучуудыг нинжа болгодог хүмүүс нь энэ ченжүүд гэж ярих юм билээ” хэмээн Хэнтий аймгийн Мөрөн сумын малчин Н.Амарсанаа ярив. Нинжа нэртнүүдийг, тэр дундаа тэднийг турхиран хөтөлдөг ченжүүдийг адлахын учир бас энэ.

Олон жил, тодруулбал 2000 оноос хойш Дорноговь аймгаас хэдэн зуун тонн гоёлын болон үнэт чулууг хувиараа ашигт малтмал олборлогчид экспортолж байна. Жишээ татъя. Чухам тэр үед нэг өнжөөд 2-3 пургон дүүрэн үнэт чулуу улсын хилийг зүглэж байв. 

Голдуу үзмэн мана, хаш, ногоон хас, чүнчигноров, утаат болор, гартаам зэрэг үнэт болон гоёлын чулуу тонн тонноороо Хятад руу зөөгдсөн. Өдгөө ч энэ байдал хэвээр агаад өмнөхтэй харьцуулахад чулууны олдоц ховорджээ. Гэтэл өнөөдөр манай улсад гоёлын чулуугаа засаж хэлбэржүүлэх, үнэ хүргэх наад захын техник технологи алга. Түүнчлэн дагаж мөрдөх стандарт, хууль, дүрэм журам ч алга.

Хэнтий аймгийн Дархан сумын Засаг даргын орлогч Г.Батболд:

-Дэлхийн дулаарал идэвхжсэн энэ үед газар хөрсөө ухаад эхэлнэ гэдэг дайран дээр давс гэгч болж байна. Бид хүний муу үзэх гэж байгаа мэт бариад, торгоод, хөөгөөд явдаг. Гэтэл зарим нь нутгийн ардынхаа мууг үзэх гэлээ гэж эгдүүцэж байх жишээтэй. Манай сумын хувьд өнөөдөр Үнэгт гээд газрыг ухаж эхэлсэн.

Хууль эрх зүйн орчныг тодорхой болгож өгмөөр байна хэмээн анхааруулав.

Магадгүй арван жилийн дараа энд мал амьтан байтугай хүн амьдрах нөхцөлгүй цөл болбол яах вэ. Тэр үед, би Засаг даргын орлогч байхдаа тэмцээд дийлээгүй юмаа гээд сууж байвал хойч үеийнхэн ойлгох уу. Иймд хүч хэрэглээд ч атугай зогсоох л хэрэгтэй.

Ганц орон нутгийн хэдэн дарга тэмцэх биш, Монгол Улсын төр энд анхаарч, ач холбогдол өгмөөр байна. Үүний тулд хилээр гардаг сүлжээг илрүүлж, гааль маань яагаад ийм "энгэр задгай" байгааг тогтоох ёстой. Хууль эрх зүйн орчныг тодорхой болгож өгмөөр байна хэмээн анхааруулав.

Нинжануудын ухаж хаясан газар шороо, гол усны бохирдлыг, эко системд учруулсан хохирлыг хөрөнгөөр тооцвол олон сая төгрөгөөр үнэлэгдэнэ. Магадгүй хэдэн зуун сая төгрөгт хүрэх биз. Нөхөн сэргээлгүй хаясан нийт га талбай, экологи, эдийн засгийн хохирлын мөнгөн дүн өдгөө хэдэд хүрснийг барин тавин хэлчих баримт харамсалтай нь алга. Хэн ч хараад гашуудмаар энэ дүр зураг хангалттай биш гэж үү. Тэгвэл ингэж хайр найргүй сүйтгэх замыг нээж, нөхцөлийг нь бүрдүүлсэн буруутан хэн гэж Та бодож байна? Маш олон буруутан тодрох вий.

...Хан Хэнтий бол монголчуудын бахархал төдийгүй дэлхийд данстай байгаль, үүх түүх, өв соёлын өлгий нутаг. Газар хөрс, ургамал моддыг нь ухаж онгичиж, хугалж гэмтээх нь байтугай ширхэг чулууг нь хөдөлгөн эргүүлэхээс хүртэл болгоомжилсоор өдий хүрсэн түүхтэй. Гэтэл өнөөдөр нинжа хэмээх сүйтгэгчдийн арми дархлаат энэ бүсийг дур мэдэн онгичиж байна.

Хэдийгээр ажилгүй, орлогогүй, өрх толгойлсон гэх мэтээр өөрсдийгөө овоглосон хүмүүсийг өрөвдөн өршөөж болох ч Хан Хэнтийг ухах эрх хэнд ч байх ёсгүй. Тэр дундаа Их Хааны өлгий нутгийн чулууг харьд зөөж буй толгой баян ченжүүдэд төрийн төмөр нүүр үзүүлж яагаад болохгүй гэж.

Зураг