Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/05-НД НИЙТЛЭГДСЭН

Зах зээл сэргэх, эсэхээс хөрөнгө оруулалт шалтгаална

Б.Баяртогтох, Үндэсний шуудан
2016 оны 4 сарын 5
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатартай ярилцлаа. Монгол Улсад орох гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргэх, эсэх нь одоо хэрэгжүүлж буй бодлогын тууштай байдлаас гадна дэлхийн зах зээлийн хандлагаас шалтгаална хэмээн үзэж байна.

-Хөрөнгө оруулалтын орчны суурь нь манайд хэр сайн тавигдсан юм бэ. Суурь гэдэг нь хууль, эрх зүйн орчин гэж ойлгож байгаа. Эндээс ярилцлага эхэлье?

-Манай улс хөрөнгө оруулалтын хууль, эрх зүйн орчноо шинэчлээд хоёр жил болж байгаа. Энэ шинэчилсэн орчинд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид өнөөдөр зохицон ажиллаж байна. Мэдээж хоёр жилийн хугацаанд эерэг өөрчлөлт, нааштай ололтууд гарсан. 

Үүнийг олон улсын байгууллагууд өндрөөр үнэлж, таатай хүлээн авч байна. Энэ хэрээр хөрөнгө оруулалтын орчинд итгэлцэл бий болно гэж харж байгаа.

Улмаар бизнес эрхлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэх, одоогийн үйл ажиллагаа ч бэхжих боломж бүрдэх юм. Гол нь эрх зүйн орчны энэ удаагийн шинэчлэл хөрөнгө оруулагчдаас эерэг оноо авахад түлхүү нөлөө үзүүллээ.

-Хөрөнгө оруулалтын орчны үзүүлэлтээрээ манайх хэддүгээрт жагсаж байна вэ?

-Дэлхийн 189 эдийн засгаас хөрөнгө оруулалтын орчны үзүүлэлтээр манай улс наймдугаарт орж байна. Энэ нь манай улсын эрх зүйн стандартыг үнэлж байгаа хэрэг юм. Түүнээс бодит бүтээн байгуулалт, төслийн хэрэгжилт, улс төрийн нөхцөл байдлыг энд огтхон ч тодотгоогүй юм билээ.

Тэгэхээр бидэнд цаашид анхаарах, алдаагаа засах, хэрэгжүүлэх ажил их байна гэсэн үг. 

Гол нь эрх зүйн орчны энэ удаагийн шинэчлэл хөрөнгө оруулагчдаас эерэг оноо авахад түлхүү нөлөө үзүүллээ.

Том зургаар нь аваад үзвэл, хөрөнгө оруулалтын орчны суурь “хөрс” нь болдог хууль, эрх зүйн байдалд тодорхой ахиц, дэвшил гарч байна.

Үүнийг гагцхүү салбарын бодлогуудад тусгаж, хөгжлийн төслүүдтэйгээ цаашид уялдуулж ашиглах шаардлага гарч ирж байгаа юм. Улмаар эндээс дотоод бодлогын зохилдлого, эрэг шургаа тааруулах ажил нэлээд удаан үргэлжлэх төлөвтэй харагдаж байна.

-Энэ онд хөрөнгө оруулалт сэргэх хандлага байна уу?

-Өнгөрсөн жил хэдийгээр эдийн засаг тааруу байсан ч 500 орчим сая ам.долларын гадаадын хөрөнгө оруулалтыг шууд болон багцын хөрөнгө оруулалт хэлбэрээр татаж чадсан. Энэ жил сонгуулийн жил гэдэг утгаар гадаадын хөрөнгө оруулагчид нэлээд болгоомжилсон, хүлээцтэй хандаж байгаа нь үнэн. Гэхдээ өмнөх 2011, 2012 онд амжилттай хэрэгжсэн гол томоохон төслүүд нь уул уурхайн төслүүд байсныг та санаж байгаа байх.

Дэлхий дахинд өнөөдөр уул уурхайн салбарын түүхий эдийн үнэ бууралттай хэвээр байна. Энэ төрлийн зарим төсөл зогсоод эхэллээ. Гэхдээ бидний хувьд хэрэгжүүлэх боломжтой мега төслүүд бий. Тухайлбал, “Оюутолгой” төсөл байна. Хэдийгээр сонгуулийн жил ч энэ төсөл төлөвлөгөөний дагуу үргэлжилбэл дагалдах бусад хөрөнгө оруулалт өсөх бололцоотой.

-Сүүлийн хоёр жилийн хугацаанд гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ эрс татарсан ч дотоодын хөрөнгө оруулалт нэлээд идэвхтэй хийгдэж байсан. Та үүнийг хэрхэн тайлбарлах вэ?

-Тийм ээ. Өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд хийгдсэн бодлогын томоохон өөрчлөлтийн үр дүн гэж үүнийг харж байгаа. Уг бодлого нь ерөөсөө л дотоодын үйлдвэрлэл, бүтээн байгуулалтаа дэмжих, хөгжүүлэхэд чиглэж байсан. Гэхдээ бодлого хэр амжилттай хэрэгжсэн, хэрхэн хөрөнгө оруулалт хуваарилагдсан талаар нийгмийн зарим хэсэг нь одоо ч гэсэн хоорондоо маргаж байна. 

Эдийн засгаа төрөлжүүлэх, олон тулгууртай болгох хүрээнд дээрх бодлого хэрэгжсэн. Бид өмнө нь зөвхөн нэг салбараас хэт хамааралтай, үнийн цикл дагасан, түүнийхээ аясаар явж байсан. Хэдий ийм эдийн засгийн бүтэц, хэлбэрт орсон ч дотоодынхоо эдийн засгийг дэмжих, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл хөгжүүлэх, боломжит салбар, үйлдвэрлэлд хөрөнгө оруулалтаа зарцуулах үүднээс багагүй хэмжээний хөрөнгө оруулалт дотоодод хийгдсэн. 

Тэгэхээр үүний үр дүн урт хугацаандаа гарах ёстой. Нэг, хоёр жилдээ дотоодын компаниудыг маш олон төрлөөр, олон зүйлээр нь бэхжүүлэх шаардлагатай байгаа нь харагдсан.

Тухайлбал, компанийн засаглал, технологи, хүний нөөц, худалдаа, өрсөлдөөн гээд олон зүйлийг хийж, үргэлжлүүлэх шаардлага байна. Энэ бодлого улс төрийн сонгуулийн дараа ч гэсэн илүү эрчимтэй, илүү оновчтой явбал хэт алсдаа Монгол Улсад хэрэгтэй юм.

-Тийм шүү. Бодлого цаашид үргэлжлэх байх гэж найдаж байна.

-Бид өмнө нь зөвхөн уул уурхайгаас орж ирсэн татварын орлого эсвэл экспортын орлогыг нийгмийн халамж юм уу, нийгмийн чанартай ажлуудад зарцуулдаг байсан. Харин одоо төслүүд рүү чиглүүлэх, хэн уг төслийг хийсэн байх нь хамаагүй, гол нь үр ашигтай байхуйц төслүүд рүү зарцуулдаг шинэ механизм явагдаж байна. 

Хөрөнгө оруулалтын бодлого, хөрөнгө оруулалтын хууль ч ялгаагүй тодорхой төслүүдийг дэмжих, татварыг нь тогтворжуулах, хөрөнгө оруулалтын гэрээ болон концессын гэрээ байгуулах шинэ механизм Монголын эдийн засагт нэвтэрлээ.

-Өнгөрсөн онд хөрөнгө оруулалтын хэчнээн гэрээ, хэлцэл байгуулагдсан бэ?

-Хөрөнгө оруулалтын гурван гэрээ 2015 онд байгуулагдсан. Гурвуулаа гадаадаас хөрөнгө оруулалт татахаар байгаа. Үүнээс гадна 10-аад компанид Тогтворжуулах гэрчилгээ олгосон.

Үүнд Монголын урдаа барьж байгаа төслүүд багтсан. Эдгээр төслийн нийт дүн нь 10 гаруй их наяд төгрөгтэй тэнцэж байна.

Хөрөнгө оруулалтын гурван гэрээ 2015 онд байгуулагдсан. 

Хэрэв амжилттай хэрэгжвэл дотоодын эдийн засгийн өнөөгийн хэмжээтэй дүйцэх төслийн хөрөнгө оруулалт хийгдэнэ гэсэн үг. Гэхдээ бүгд амжилттай болно.

Дэлхийн 189 эдийн засгаас хөрөнгө оруулалтын орчны үзүүлэлтээр манай улс наймдугаарт орж байна гэсэн баталгаа алга. Үүнийг амжилттай явуулах үүрэг, шаардлага мэдээж бий.

Нөгөө талаасаа гадаадаас мөнгө орж ирэхэд Монгол Улсын хууль эрх зүйн орчин, бодлогын тогтвортой байдал хангалттай байна уу гэсэн асуудал гарч ирж байгаа юм. Тэгэхээр өнөөгийн орчиндоо ханах бус, илүү сайжруулах шаардлагатай гэсэн үг. 

Мөн өнгөрсөн онд концессын нийт 15 гэрээ байгуулсан. Эдгээр гэрээний төслийн хөрөнгө оруулалтын нийт дүн нь гурван тэрбум ам.доллар. Төслийн зарим нь хэрэгжих шатандаа явж байна. Гэрээний хэрэгжилтийн дүнд гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх байх. Гэхдээ нэг дор бүгд орж ирэх боломжгүй юм.

-Энэ он гарсаар шинээр гэрээ, хэлцэл, хөрөнгө оруулалтын санал ирсэн үү?

-Хөрөнгө оруулалтын гэрээ, Концессын гэрээ, Тогтворжуулах гэрчилгээ авах хүсэлтээ томоохон төслүүд манайд ирүүлсэн байгаа. Цаашид ч ирүүлэх байх. Энэ оны хувьд төслүүд хэрэгжих, хөрөнгө оруулалт татах дээр хүлээлт нэлээд давамгайлж байна. 

Хоёрдугаарт, хөрөнгө оруулалт татахад манай эрх зүйн орчны байдлаас гадна бодлогын тогтвортой байдал чухал байна. Энэ хүрээнд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл боловсруулсан байгаа. 

Он гарсаар хандаж байгаа компаниудтай гэрээ, хэлцэл хийж, тохиролцоонд хүрэх байх. Нааштай хандлага бий болно гэж найдаж байна. Дүгнэж хэлэхэд, гадаадын шууд хөрөнгө оруулалт нэлээд нэмэгдэх болов уу гэсэн хүлээлттэй байгаа.

Тодруулбал, дээр дурдсан “Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх нэг тэрбум ам.доллар энэ онд орж ирнэ гэж тооцоолж байна.

Зураг