Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Цогт: Шинийн 3-наас цасаар шуурч ЭРС ХҮЙТЭРНЭ

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 2 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Сар шинийн баярын өдрүүдэд цаг агаарын байдал ямар байх талаар Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Урьдчилан мэдээлэх төвөөс тодрууллаа.

Тус төвийн дарга Ж.Цогт "Өчигдрөөс эхлэн цаг агаарын градус буурч эхэлсэн. 

Гэвч шинийн 2, 3-наас эхлэн цасан шуурга шуурч эрс хүйтрэх төлөвтэй байна.

Тиймээс гадагш гарахдаа цаг агаарын мэдээг цаг тутамд шалгаж байх, дулаан хувцаслаж, аян замдаа болгоомжтой явахыг нийт иргэддээ АНХААРУУЛЖ байна" гэв.

2016 оны 2 дугаар сарын 8-15-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Баруун аймгуудын нутгаар: 9-нд нутгийн баруун хэсгээр, 10-11-нд зарим газраар цас орж цасан шуурга шуурна. 12,14-нд Хангайн уулсаар бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Салхи 9-нд Алтайн уулсаар, 10-11-нд зарим газраар 14-16м/с, нутгийн өмнөд хэсгээр зарим үед 18 м/с хүрч ширүүснэ.
8-9-нд хүйтний эрч сулрах ч 10-нд нутгийн баруун хэсгээр, 11-нээс ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Идэр, Тэс, Завхан голын эх, Хүрэн бэлчрийн хөндийгөөр шөнөдөө 42-47 градус өдөртөө 28-33 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус өдөртөө 15-20 градус хүйтэн байна.  
Төвийн аймгуудын нутгаар: 10-нд нутгийн баруун хэсгээр, 11-нд ихэнх нутгаар, 12,14-нд зарим газраар цас орж, салхи 12-14 м/с, 11-нд нутгийн өмнөд хэсгээр зарим үед 16-18м/с хүрч ширүүсэн цасан шуурга шуурна.
8-10-нд хүйтний эрч эрс сулрах ч 11-нээс хүйтний эрч чангарч Дархадын хотгороор шөнөдөө 35-40 градус өдөртөө 24-29 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус өдөртөө 14-19 градус хүйтэн байна.
Зүүн аймгуудын нутгаар: 11-нд нутгийн хойд хэсгээр, 12,14-нд зарим газраар, 15-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, салхи хойноос 12-14м/с, 11-12-нд зарим үед 16-18м/с хүрч цасан шуурга шуурна.
8-10-нд хүйтний эрч эрс суларна. 11-нд нутгийн баруун хэсгээр, цааш ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус өдөртөө 13-18 градус хүйтэн байна.
Говийн аймгуудын нутгаар: 12-нд зарим газраар цас орж цасан шуурга шуурна. Салхи 10-нд Арц Богдын өвөр хоолойгоор, 11-12-нд ихэнх нутгаар 14-16м/с, зарим газраар 18м/с хүрч ширүүснэ.
Ойрын 4 хоногт хүйтний эрч эрс сулрах ч 12-ноос хүйтний эрч чангарч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 25-30 градус өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус өдөртөө 10-15 градус хүйтэн байна.