Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/28-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Үйзэнмаа: Зөв цаг үед нь би КИНОГОО БҮТЭЭСЭН

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 1 сарын 28
iKon.MN
Баварын кино наадмын үеэр Аав Б.Борхүү, Ээж Д.Адъяадулам, Жүжигчин Катрина Стреммерын хамт

Германы Баварын кино наадмаас "Don`t look at me that way" киногоороо оролцож, “Шилдэг залуу найруулагч”-аар шалгарсан найруулагч Б.Үйзэнмаатай онлайнаар холбогдон товчхон ярилцсанаа хүргэе.

-Юуны өмнө танд “Шилдэг залуу найруулагч”-аар шалгарсанд баяр хүргэе. Ингэхэд та яагаад найруулагч мэргэжлийг сонгосон бэ?

-Баярлалаа. Яг үнэндээ би хэзээ ч өөрийгөө найруулагч болж чадна гэж төсөөлж байгаагүй. Гэхдээ би багаасаа урлагт хайртай байсан бөгөөд, бүхий л киног цаг алдалгүй үздэг байсан. Түүнчлэн шүлэг бичих, дуулах, бүжиглэх, ном унших сонирхолтой хүүхэд байж.

Харин цаашид юу хийвэл илүү их өөрийнхөөрөө байж, хүссэн мэдрэмжээ авах вэ гэж бодож үзсэн. 

Удаан бодсоны эцэст би 22 настайдаа “Кино найруулагч” болъё гэж шийдсэн.

 

-Та "Над руу ингэж битгий хар" киногоороо юу харуулахыг хүссэн бэ?

-Бид ЛГБТ хүмүүсийг тусгайлан ангилах ёсгүй. Энэ хайрцаглагдсан үзэл бодлоосоо салах цаг нь болсон. Манай кино бол хайрцаглагдаагүй үзэл бодлоор бүтсэн.

Бид цаг хугацааг хэрхэн өнгөрүүлж, мөн бие биетэйгээ хэрхэн харьцаж байгаа вэ гэдгийг харуулах гэж энэ сэдвийг хөндсөн. 

Бид ЛГБТ хүмүүсийг тусгайлан ангилах ёсгүй.  

Тэр дундаа хайр дурлалдаа шатаж буй бүсгүй хүний зан араншин, дотоод ертөнцийг харуулахыг хүссэн. Кинонд гарч буй бүсгүйчүүд бол өөрсдийн гэсэн онцлогтой ч гэсэн бидний адил хайрыг хайдаг, хүсдэг. Харин тэднийг хүмүүс БИД эсэргүүцэж, нийгэм үл хүлээн зөвшөөрдөг.

Ийм л нэгэн энгийн хайр дурлал, бүсгүйчүүдийн дотоод ертөнцийн тухай “Над руу ингэж битгий хар” киногоор дамжуулан өгүүлэхийг хүссэн.

-"Над руу ингэж битгий хар" кино Германы кино театрт гарах уу?

-Тиймээ. Манай кино энэ хавар Германы кино театруудаар гаргахаар манай хамт олон хичээн ажиллаж байна. Бидний хувьд киногоо олон газар гаргамаар байгаа ч санхүүгийн хувьд асуудалтай тулгарч байгаа. 

-Монголдоо хэзээ киногоо толилуулах вэ? Манайд энэ сэдэвтэй кино цөөн байдаг. Таны бүтээсэн кино Монголчуудад таалагдах болов уу?

-Сайн хэлж мэдэхгүй байна. Монголдоо киногоо гаргахыг хүсэлгүй яахав. Санхүүгийн асуудал маань шийдэгдвэл хурдхан гаргана.

Манай киног хэн ч үзсэн ойлгомжтой утга агуулгатай болсон гэж бодож байгаа. Мэдээж кино маань хэн нэгний үзэл бодолд багахан ч гэсэн нөлөөлбөл сайн хэрэг шүү.

Зөв цаг үед би киногоо бүтээсэн.

Гэхдээ хэзээ ч энэ сэдвийн талаар НЭЭЛТТЭЙ ярьдаггүй.

Энэ хүмүүсийн талаар хэлмээр, хэлэх ёстой гэж бодсон. Миний бодлоор зөв цаг үед би киногоо бүтээсэн гэж бодож байна. 

Хэрвээ бүх хүмүүс эдгээр хүмүүсийг хүлээн зөвшөөрдөг, ойлгодог нийгэмд амьдарч байсан бол "ЭНЭ КИНО"-г бүтээх хэрэггүй байсан.

Би хүмүүсийн мэдэхгүй мэдрэмжийг киногоороо дамжуулан мэдрүүлэхийн тулд, түүнчлэн эдгээр хүмүүсийг хүлээн зөвшөөрөх "ЭРХ ЧӨЛӨӨТ" нийгмийг бий болгохын тулд ном уншиж, кино зохиол бичиж, найруулдаг.

 

-Таны энэ жилийн төлөвлөгөө юу вэ?

-Одоо бичиж байгаа кино зохиолоо бүтээл болгоно доо. 

-Та яг одоо юу хийж байгаа вэ?

-Би одоо Германы Мюнхен хотод амьдарч байна. Яг одоо бол шинэ киноныхоо төслийг бичиж байна. 

-Та өөрийн хийж бүтээсэн бусад кинонуудаа бидэнд танилцуулаач.

 

-“Donne Moi Plus”(2007) кинонд нэг байранд хамт амьдардаг хоёр бүсгүй бие биенээ хэрхэн таньж, мэдэрч буйг илэрхийлсэн. Тэр дундаа хоёр бүсгүйн ХУВЦАСНЫ цаана нуугдсан ертөнцийг харуулахыг хичээсэн.

Ариун ертөнцөөрөө гоо сайхан, үнэн бодит мэдрэмжээ илэрхийлдэг.

Миний хувьд “нүцгэн байна" гэдэг бол эмэгтэй хүний ариун ертөнцийг өнгийж байна гэсэн үг. Магадгүй хүмүүс хараад зүгээр л ХҮН байна гэж харах байх.

Харин эмэгтэй хүн ариун ертөнцөөрөө гоо сайхан, үнэн бодит мэдрэмжээ илэрхийлдэг. Тиймээс ч би энэ киног бүтээе гэж шийдсэн.

 

“Himmrl Voller Geigen” (2011) Энэ кинонд 89 настай эмэгтэйн тухай гардаг. Тэрбээр хийлийн багш бөгөөд бид хоёр амьдрал, хайр дурлал, үхлийн тухай ярилцдаг.

Тэр төгөлдөр хуур тоглонгоо надтай миний дуртай дууны нэг Задгай цагааныг хамт дуулсан.

Тэрбээр дайны амьдралыг үзсэн, мэдэрсэн. Тийм гайхалтай хүн надтай Задгай цагааныг дуулна гэдэг ямар сайхан байсан гээч. Би энэ мөчийг хэзээ ч мартахгүй.

 

"KHUYAGAA”(2012)- Энэ кинонд нүүдэлчин хүүхдийн тухай өгүүлдэг. Германы "KIKA" хүүхдийн телевизтэй хамтарч тус киног бүтээсэн. Тус киногоороо дэлхийн олон хүүхэд, багачуудад Монголын нүүдэлчин хүүхдийн амьдралыг таниулахыг хүссэн юм.

-Завгүй үедээ бидэнд цаг гарган ярилцсан танд баярлалаа. Таныг урлагийн Янжинлхам бурхан ивээх болтугай. Танд амжилт хүсье.

-Баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье.