Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Сиднейд хүчингийн хэрэгт холбогдсон залуусын хэргийг үргэлжлүүлэн шалгах шийдвэр гарчээ

Г.Номин, iKon.mn
2015 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

Гадаад Хэргийн Яамны “Хэвлэл мэдээллийн цаг” өнөөдөр боллоо. Энэ удаагийн хуралд ГХЯ-ны Бодлого, төлөвлөлт зохицуулалтын газрын захирал Г.Амартүвшин, дэд захирал Д.Баярхүү, Консулын газрын дарга Б.Болд нар оролцож мэдээлэл хийлээ.


Бүгд Найрамдах Франц Улсад хийсэн Ерөнхийлөгчийн айлчлалын талаар

/ГХЯ-ны Бодлого, төлөвлөлт зохицуулалтын газрын захирал Г.Амартүвшин/

"Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Франсуа Олландын урилгаар энэ сарын 18-19-нд Франц улсад албан ёсны айлчлал хийлээ. Энэ удаагийн айлчлал нь Парист үйлдэгдсэн эмгэнэлт зэвсэгт халдлагын дараа болсон анхны өөр улсын төрийн тэргүүний айлчлал, түүнчлэн хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлог боллоо.

Энэ айлчлалын хүрээнд МУ-ын Ерөнхийлөгч Франц улсын Ерөнхийлөгчтэй албан ёсны хэлэлцээ хийж, хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан. Мөн хэд хэдэн баримт бичиг, Засгийн газар, яам хоорондын хэлэлцээр байгуулагдлаа. 

Хамтарсан мэдэгдэлд хоёр улсын төрийн тэргүүн терроризмтэй тууштай тэмцэх, энхийг дэмжих үйл ажиллагаанд Монгол Улс идэвхтэй оролцох талаар болон Монгол Улсын төвийг сахих санаачлагыг Франц улс сонирхон хүлээж авсан зэрэг чухал ач холбогдолтой заалтууд тусгагдсан байгаа.

Айлчлалын багийнхан 16:00 цаг өнгөрөөгөөд эх орондоо газардана. Тийм учраас айлчлалын үр дүнгийн талаар нэгдсэн мэдээллийг яг одоогийн байдлаар өгөх боломжгүй байна"


Монгол Улсын Ерөнхийлөгч санаачлан дэвшүүлж, дэлхийн улс орнуудад танилцуулж буй Байнга төвийг сахих санаачлагын талаар

/ГХЯ-ны Бодлого, төлөвлөлт зохицуулалтын газрын дэд захирал Д.Баярхүү/

"Байнга төвийг сахих тухай хуулийг УИХ-аар батлуулахаар ГХЯ-н дээр ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Энэ ажлын хэсэг Швейцарийн Холбооны улсад ажиллаж, зөвлөлдөх уулзалтад оролцоод ирлээ.  Швейцарийн нөхдийн хэлж байгаагаар бол төвийг сахисан тус улстай төвийг сахихаар завдаж байгаа улс ирж зөвлөлдөж байгаа нь анхны тохиолдол юм байна. Үүнийг шинэ, сонин үйл явдал боллоо гэж ярьж байлаа. 

Төвийг санхина гэдэг бол гараа баглуулна, хүлүүлнэ гэсэн үг биш

Швейцарь улс бол дэлхий дахин төвийг сахисан байр сууриараа тодорхойлогдож, төвийг сахих асар их туршлагатай улс гэж үнэлэгддэг. Тэдний зүгээс бидэнд хандаж "Төвийг сахина гэдэг бол гараа баглуулна, хүлүүлнэ гэсэн үг биш" тиймээс төвийг сахих бодлогоос айх шаардлага байхгүй гэдгийг хэлж байсан"


Дээрх мэдээллийг хийсний дараа хэвлэлийн бага хуралд оролцогчид сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

-Эрээн хотод ажиллаж байсан дэд консул А.Баярсайхан хилээр буу, сум гаргаж байгаад баригдсан гэсэн. Энэ асуудлыг хэрхэн шийдсэн бэ?

-Манай дэд консул А.Баярсайхан өөрийнхөө дипломат албан хэрэгцээний машинаар хил нэвтрэхдээ өөрийнх нь тайлбарлаж байгаагаар найзынх нь гэх спорт зориулалттай буу, түүний 200 орчим сумтай тээвэрлэж явсан үйлдэл нь БНХАУ-ын талынханд баригдаад, манай холбогдох албанынханд мэдээлэл ирсэн. 

Найзынх нь ачаанд байсан гэж тайлбарлаж байгаа хэдий ч бидний зүгээс ажилдаа хайнга хандсан гэсэн үндэслэлээр дэд консул А.Баярсайханыг ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргасан. 

Ер нь бол хилийн чанадад дипломат төлөөлөгчийн газарт ажиллагсад, тэр дундаа консулын албанд ажиллаж байгаа консулууд Монгол Улсын нэр хүндэд харшлах үйлдэл гаргаж, тухайн суугаа орныхоо хууль хяналтын байгууллагаар буруутай нь нотлогдсон тохиолдолд бид эхний ээлжинд ажлаас нь чөлөөлдөг. 

-Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр орчуулга хийсэн БНХАУ-д амьдардаг монгол эрдэмтэн амиа хорлож нас барсан хэрэг гарсан гэсэн мэдээлэл байна. Үүнийг тодруулж өгөөч?

-Саяхан нэг цахим хуудас дээр ийм ташаа мэдээлэл гарсныг харсан. Тийм юм болоогүй. Тухайн цахим хуудас дээр дурдагдсан тэр хүн 2013 онд зуурдаар амиа алдсан юм билээ. Тэр хүний амиа алдсан мэдээллийг Ерөнхийлөгчийн айлчлалтай холбож ташаа мэдээлэл гаргасан байна. 

Түүнчлэн нэгэн мэдээллийн сайтад дэд консул А.Баярсайхан Шинжааны террористуудад зэвсэг нийлүүлдгийг Хятадын хууль хяналтын байгууллага олж илрүүлжээ гэсэн ташаа мэдээлэл бас гарсан байсан. Тийм зүйл огт болоогүй. Хятадын хэвлэлээр тийм мэдээлэл гараагүй гэдгийг мэдэгдэж байна.

-БНСУ-ын визний нөхцөл хөнгөрсөнтэй холбоотойгоор манай иргэд хууль бусаар орогнох нь нэмэгдсэн гэх мэдээлэл байна. Яг одоогийн байдлаар манай хэчнээн иргэн БНСУ-д байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар манай 35,000 орчим иргэн БНСУ-д оршин сууж байгаа гэсэн албан бус тоо байгаа. БНСУ-ын элчин 2015 оны дөрөвдүгээр сараас эхлэн визний нөхцөлөө хөнгөвчилсөнтэй холбоотойгоор тус улсад зорчих Монгол иргэдийн тоо нэмэгдсэн.

Харамсалтай нь үүнтэй холбоотойгоор БНСУ-д хууль бусаар оршин суух Монгол иргэдийн тоо нэмэгдсэн гэх мэдээллийг Солонгосын Элчин сайдын яамнаас өгч байгаа. 

2015 оны дөрөвдүгээр сараас өмнө сард 10 орчим иргэн визний хугацаагаа хэтрүүлдэг байсан бол өнгөрсөн сарын байдлаар 270 орчим иргэн Солонгост очоод визний хугацаагаа хэтрүүлсэн байна

-Манай хэчнээн иргэн гадаад улсад гэмт хэрэгт холбогдсон байгаа вэ?

-2015 оны арваннэгдүгээр сарын байдлаар гадаадын 13 улсад 107 Монгол иргэн ял эдэлж, 193 иргэн гэмт хэрэгт холбогдон саатуулагдаад байгаа.

-Австрали улсад хүчингийн гэмт хэрэгт холбогдсон залуусын шүүх хурал болсон уу?

-Австралийн Сидней хотноо гэмт хэрэгт холбогдсон хоёр залуугийн хоёр дахь шатны шүүх хурал арваннэгдүгээр сарын 19-ний өдөр болсон. Энэ хурлаас манай хоёр иргэнийг тухайн хэрэгт буруутгах хангалттай нотолгоо байхгүй тул үргэлжлүүлэн шалгах шаардлагатай гэсэн шийдвэр гарсан байгаа. Дараагийн шатны шүүх хурал одоохондоо товлогдоогүй байна.

Ер нь бол манай хоёр иргэний талд нааштайгаар шийдэгдэх болов уу гэсэн хүлээлт байгаа. Бидний зүгээс шаардлагатай өмгөөлөгчийг томилж ажиллуулсан. Мөн ар гэрийнхэн нь Австрали улсад очиж хүүхдүүдтэйгээ уулзсан.