Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Энхбаяр: Бид өөрийгөө дахин НЭЭСЭЭР л байдаг...

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 10 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: Fuoko photography

Хувцас загвар, гоо сайхны талаар зөвлөсөн ном бишгүй олон. Гэхдээ жилийн өмнө хэвлэгдсэн "Хаана ч байсан хэрхэн Парисчууд шиг байх вэ" буюу "How to Be a Parisian Wherever You Are" ном дэлхий нийтийг байлдан дагуулж, олон орны бүсгүйчүүдэд итгэл найдвар бэлэглэсэн юм.

Дэлхийд алдартай энэхүү номыг Монгол бүсгүйчүүдэд эх хэл дээрээ унших боломжийг олгосон нэгэн бол орчуулагч Ж.Энхбаяр.

Тэрбээр Их Британийн Swansea их сургуулийн Хууль, Бизнесийн сургуулийг дүүргэсэн бөгөөд өөрийнхөө хүсэл сонирхлыг дагаж загварын салбарт хүчин зүтгэж яваа.

Ингээд бид НОМЫН ТУХАЙ булангаараа түүнтэй уулзаж, орчуулсан номных нь тухай болон бүсгүйчүүдийн амьдралын хэв маягийн талаар ярилцлаа.


-“Хаана ч байсан хэрхэн Парисчууд шиг байх вэ” номыг та анх хэвлэгдсэн даруйд нь авч уншсан байна лээ. Тэгээд Монгол бүсгүйчүүддээ орчуулж хүргэмээр санагдсан тухайгаа өөрийн блогтоо бичсэн байсан. Яагаад ингэж бодох болов?

-Би өөрөө бичих дуртай. MIU-д анх сурч байхдаа сургуулийнхаа оюутны сонинг гаргадаг байсан. Арван жилээсээ л бичих сонирхолтой болсон юм. 2008 онд нэг толь бичиг орчуулж байлаа.

Өөрөө загварын салбарт ажиллаж байгаа хүний хувьд авч уншаад их таалагдсан л даа. Парисын эмэгтэйчүүдийн амьдралын хэв маяг, хайр дурлалыг өгүүлж байгаа боловч тэр номноос хэрхэн дахин өөрийгөө нээж харах вэ, эмэгтэйчүүд яаж өөртөө итгэлтэйгээр өөрийнхөөрөө амьдарч чадах вэ, зорилгоо яаж тодорхойлох  гэх мэт олон санааг олж харсан юм.

Ийм төрлийн номнууд байдаг ч гэсэн яг үүн шиг шударгаар боловч хөгжилтэйгээр бичсэн нь ховор. Тийм учраас Монгол эмэгтэйчүүдэд хүргэвэл зүгээр гэж бодоод орчуулж эхэлсэн юм.

-Хэрхэн Парисчууд шиг байх вэ гэж байгаа. “Парисчууд” гэсэн нэг ойлголт байгаад байна. Ер нь тэд хэн бэ. Та өөрийнхөөрөө тодорхойлбол?

-Хүнийхээ хувьд нэг их өөр зүйл байхгүй ч гэсэн соёлын ялгаа гэж бий. Франц улс Парис ба бусад муж гэж хуваагддаг. Энэ ном маань хэрхэн Парисчууд шиг байх вэ гэж байгаа учраас тэнд амьдарч байгаа эмэгтэйчүүдийн ерөнхий зан төлөвийг бичсэн.

Франц руу би өмнө нь явж байсан, сая бас яваад ирэхэд яг л энэ номон дээр гардаг зан чанарууд, Парисчуудын өөртөө итгэлтэй байдал, аливаа зүйл дээр өөрийн гэсэн бодолтой, түүнийгээ илэрхийлж чадаж байгаа нь тодорхой харагдаж байлаа.

Миний сайн найз Франц бүсгүй байдаг. Тэр ч гэсэн ялгаагүй амьдрал дээр гараад ирэхэд илүү чөлөөтэй, өөрийнхөөрөө амьдарч чаддаг.

-Та бараг долоо хоногийн өмнө Парис руу номныхоо ажлаар яваад ирсэн гэсэн. Энэ талаараа яриач?

-Би өөрөө загварын салбарт ажилладаг хүн болохоор сая болсон Парисын загварын долоо хоногт очсон. Түүнийхээ хажуугаар номныхоо зохиолчидтой уулзаж цаашид хамтарч хийх ажлуудынхаа тухай ярилцсан юм. Энэ номыг хэвлэсэн гуч дахь орон нь Монгол.

-Энэ номон дээр Улаанбаатарын тухай дурдагддаг юм байна лээ. Яагаад Улаанбаатарыг оруулсан тухай зохиогчдоос нь асууж үзэв үү?

Гэрэл зургийг Allan Kellenberger

-Хэзээ ч Францад очиж үзээгүй Монгол хүмүүст Парис гэдэг өвөрмөц сонин ертөнц шиг санагддаг. Парис гэхээр л хүмүүс хайрын хот, Эйфелийн цамхаг гээд янз бүрийн төсөөлөлтэй байгаа. Яг түүнтэй адилхан Монголд ирж үзээгүй Франц хүмүүст Монгол гэдэг шал өөр ертөнц. Улаанбаатар Монголын төв хот нь учраас тэд номондоо “Хэрэв та ганцаараа баймаар санагдах юм бол Улаанбаатар руу явах тасалбар аваад нисчихээд ир” гэж бичсэн байсан.

Яагаад Улаанбаатар гэсэн юм бэ гэж асуухад тэдний хувьд Монгол алс холын, үлгэрийн юм шиг санагддаг. Тэгээд ганцаардаж, уйтгарт автвал Улаанбаатар руу очоод өөрийгөө сэргээж, эрч хүчээр цэнэглээд ирнэ гэсэн утгаар бичсэн гэж байсан. Тэгэхээр Парист очиж үзээгүй Монгол хүмүүс, Монголд ирж үзээгүй Франц хүмүүс адилхан бодолтой байна.

-Ном ямар ямар сэдвийг хамарч бичигдсэн байгаа вэ?

-Парисын бүсгүйчүүдийн амьдралын хэв маяг, тэдний хувцас загвар, хайр дурлал, сайн болон муу зуршлуудыг талаар байдаг. Ялангуяа муу зуршлуудыг шударгаар өгүүлсэн. Би Франц эмэгтэйчүүдтэй уг номны талаар ярилцлахдаа та нарт ийм ийм сайн, муу зуршлууд байдаг гэж энэ номон дээр өгүүлсэн байдаг гэхээр зарим нь хүлээн зөвшөөрөөд зарим нь энэ бол айхтар муу зүйлс биш гэдэг.

Өөрөөр хэлбэл хүн алдаа гаргаж болно, гэхдээ алдаан дээрээ суралцах хэрэгтэй гэсэн санааг гаргасан ном юм.

Mark Kessler, Susanna Lea Associates

-Муу зуршил гэхээр яг юу вэ. Жишээ хэлээч?

-Муу зуршил гэхээр жишээ нь хүүхдээ өсгөх тал дээр байгаа юм л даа. Номон дээр бичсэнээр Парисын бүсгүйчүүд хүүхдээ байнга хажуудаа авч явдаг. Ажил дээрээ, орой хоолонд орох, үдэшлэгт явахдаа хүртэл. Үдэшлэг дээр дарс уугаад зогсож байхад нь хүүхэд нь диван дээр зүүрмэглээд сууж байхыг хараад дотроо гэмшдэг ч хэзээ нэгэн цагт хүүхэд, ээж хоёрын дунд сайхан дурсамжийг үлдээнэ гэж боддог гэх мэт.

Нэг талдаа муу зуршил юм шиг боловч нөгөө талдаа амьдралын хэв маяг байдаг. Сая Францад очиход яг л тийм дүр зураг харагдаж байна лээ. Орой 21 цагийн үед хоол идэх гээд ресторанд ороход менежер нь хүүхдээ хажуу талдаа тэвэрчихсэн нөгөө гартаа биллээ бариад зогсож байсан.

-Энэ ном олон улсад нэлээн амжилтад хүрсэн. Бүсгүйчүүд энэ номыг уншсанаараа бахархаж, зургийг нь олон нийтийн сүлжээн дэх өөрийн хуудас, фэйсбүүк, инстаграм дээрээ байрлуулах зэрэг үзэгдэл их харагдах болсон. Дэлхий дээр хэдэн зуугаараа хэвлэгдэж байгаа зөвлөгөөний номнуудаас юугаараа ялгаатай вэ. Амжилтынх нь нууц юу байсан юм бол?

-30 оронд хэвлэгдээд гарахад бараг ихэнхид нь бэстселлер болчихсон байсан. Гол амжилт нь Парис гэдэг өөрөө Монголчуудын хувьд биш дэлхийд цуутай том хот. Тэр дотроо хувцас загварын хот, хайр дурлалын газар гэдгээрээ алдартай. Парисын эмэгтэйчүүд үсээ яаж арчилдаг талаар хүртэл хаа сайгүй зөвлөгөөнүүд байдаг. Энэ бүрийг хөгжилтэйгээр боловч шударгаар гаргаж ирснээрээ хамгийн онцлогтой. Нууж хаах юм огт байхгүй. Үнэн бодит байдлыг дэлгэснээрээ хүний сэтгэлд хүрч чадсан байх.

Тухайлбал, Парисын эмэгтэйчүүд ажлаа тараад л дарс уух дуртай, фитнессд явдаггүй учир нь байгалиасаа л туранхай байдаг гэх мэтээр бардам занг хүртэл гаргасан байдаг.

"МИНИЙ ӨДӨР ТУТАМД ХЭРЭГЖҮҮЛДЭГ ЗӨВЛӨГӨӨ НЬ АЛЬ БОЛОХ ЭНГИЙН БАЙХ"

-Зохиолчдын тухайн асуухгүй өнгөрч болохгүй. Дөрвөн эмэгтэй бий. Тэдний тухай дэлгэрэнгүй яриач?

Софи Мас, Одри Диван, Каролин де Мегре, Анна Берест нар дөрвүүлээ загварын салбарын хүмүүс биш.

Каролин де Мегре

Каролин де Мегре загвар өмсөгч байсан. Одоогоор эмэгтэйчүүдийг дэмжих ТББ-тай, хөгжмийн продюсер, зохиолч мэргэжилтэй. Нөгөө гурван эмэгтэй нь бас л ялгаагүй утга зохиолын чиглэлээр төгссөн хүмүүс. Гэхдээ зөвхөн утга зохиолын салбарт биш кино зохиол, кино найруулгад хүч үздэг. Ер нь дөрвүүлээ урлагийн салбарт ажиллаж байгаа мундаг, авьяаслаг, ухаалаг эмэгтэйчүүд бий.

-Та номоо уншчихаад хамгийн түрүүнд ямар зөвлөгөөг нь хэрэгжүүлж эхэлсэн бэ. Бас байнга амьдралдаа хэрэгжүүлдэг ямар зөвлөгөө байдаг вэ?

-Маш чимхлүүр, хөгжилтэй зөвлөгөөнүүд номон дээр их байдаг л даа. Миний хувьд өдөр тутамд хэрэгжүүлдэг зөвлөгөө нь аль болох энгийн байх. Номны гол санаа нь энгийн, өөрийнхөөрөө байх. Хүн хэчнээн боловсролтой, карьертай, Каролин шиг супер од байж болно. Гэхдээ бүгдээрээ л төрөх нь үнэн, үхэх нь үнэн учраас аль болох энгийн л бай гэдэг.

Тэгэхээр энэ санаа нь миний толгойд суучихсан. Хувцас загварын хувьд ч сонирхолтой типүүд байдаг л даа. Жишээ нь “Чи тийм том логотой хувцас өмсөх шаардлагагүй ээ. Чи Billboard биш биз дээ” гэдэг. Түүнтэй адилхан бид заавал брэнд өмсөхдөө чухал биш өөртөө таарсан цэвэрхэн хувцаслаад явахад бас л сайхан харагдаж чадна гэсэн зөвлөгөө бий.

-Парисын эмэгтэйчүүд шиг байснаар эмэгтэйчүүдийн амьдралд ямар эерэг өөрчлөлт гарч болох вэ?

-Ном орчуулсны дараа шүүмжлэл гарсан. Мэдээж шүүмжлэл гаралгүй яахав. Яагаад гэхээр Монгол эмэгтэйчүүд бардам, гоо сайхан, эх орныхоо өв соёл, хувцас чимэглэлээрээ бахархдаг. Гэтэл ном маань “Хаана ч байсан хэрхэн Парисчууд” шиг байх вэ гэхээр шууд утгаараа тусаад байна.

Ярилцлага эхлэхэд хэлж байсан гол санаа буюу эмэгтэйчүүдийг өөрсдийгөө дахин нээгээсэй гэдэг үүднээс энэ номыг орчуулсан. Гэхдээ би энэ номыг өгүүлбэр болгоноор нь цээжилтлээ л уншсан, Парис руу олон удаа явсан, Франц найзтай байлаа гээд тэдэн шиг байх албагүй. Би Монгол эмэгтэй хэвээрээ л байгаа. Сүүтэй цайгаа уугаад л, хонины махаа идээд л явж байна.

Энэ номыг заавал эмэгтэй гэлтгүй эрэгтэй хүмүүс ч уншиж байгаа. Би бага байхдаа өөрийгөө олчихлоо, нээчихлээ гэж боддог байсан. Гэтэл дахиад энэ номыг уншсанаараа би илүү зоригтой байж, өөрийнхөө амьдралын төлөө зүтгэх, дотроо нууцхан хүсэж байдаг зүйлсээ зоригтойгоор гаргаж ирэх хэрэгтэй юм байна. Ингэснээр ямар ч муу юм болохгүй. Нэгдүгээрт өөртөө тусална. Өөртөө тусалснаар эргэн тойрныхондоо тусална, илүү жаргалтай болно гэдгийг ойлгож авсан юм.

Тиймээс өөрийгөө дахин нээх, дахин босож ирэх нь их ач холбогдолтой зүйл.

-Франц бүсгүйчүүд гэхээр төсөөлөгдөж байна л даа. Гоё хувцасладаг, сайхан нүд, сайхан үстэй, романтик, урлагт дуртай гэх мэт. Тэднийг ийм байхад нөлөөлдөг хүчин зүйлс гэж байгаа байх?

-Үүнийг ярихын тулд улс орныг нь ярих хэрэгтэй байх л даа. Улс орны эдийн засгийн хөгжил, түүх гээд. Монгол маш олон жил дэлхийд хамгийн том гүрэн байлаа. Ялгаагүй Франц ч гэсэн том гүрэн. Монгол, Франц хоёр соёлын хувьд өөр боловч хоёулаа том гүрэн улс байсан гэдгээрээ ижил төстэй.

Тэр үед Монголын хатад бусад орны эмэгтэйчүүдийн эдлээгүйг эдэлж, хэрэглээгүйг хэрэглэж л явсан байх. Одоо Монгол хөгжиж байгаа, хөгжихийн төлөө зүтгэж байгаа орон. Харин Францын хувьд хөгжсөн орны тоонд орж байгаа. Тэгэхээр хөгжиж байгаа болон хөгжсөн орны ялгаа нь боловсрол, эдийн засгаас гадна соёл байдаг.

Мэдээж Монгол түүх, соёлоор баялаг боловч дэлхий ертөнц хурдацтай өөрчлөгдөөд байна. Ялангуяа Парис дэлхийн загварын хамгийн том хотуудын нэг. Тэгэхээр тэнд шинэ санаа гарч бусад нь хуулбарладаг. Франц эмэгтэйчүүд гоё нүдтэй, гоё үстэй гэж хэн ч хэлээгүй. Бид л тэгэж итгэсэн. Тэд хүчтэй байгаа учраас бидэнд нөлөөлж байгаагийн шинж. Хэрэв Монгол загварын ертөнцөд хүчтэй байсан бол тэд монгол эмэгтэйчүүдийн нүдийг дуурайж, монгол эмэгтэйчүүд шиг шулуун, хар үстэй байхыг хүснэ.

Хамгийн гол нь бидэнд тэр мундаг соёлтой орноос суралцах зүйлс их байна.

"ХӨГЖИЖ БАЙГАА ОРНЫ ЭМЭГТЭЙЧҮҮД ДАЙЧИН, АМБИЦ ИХТЭЙ"

Гэрэл зургийг Buro 24/7

-Франц эмэгтэйчүүдийн талаар ярьсан юм чинь монгол эмэгтэйчүүдийн талаар таны бодлыг сонсмоор байна?

-Монгол хүмүүс аливаа зүйлийг сурахдаа маш хурдан. Хаана ч очсон тэр газрынхаа соёлд дасаж амьдрах нь амархан. Энэ нь нүүдлийн соёл иргэншилтэй холбоотой гэж би боддог.

Монгол эмэгтэйчүүд маш дайчин. Хөгжиж байгаа орны хүмүүс их дайчин, амбиц ихтэй байдаг. Тэдэнд бүх юм байхгүй учраас л бий болгохын төлөө маш их хөдөлмөрлөж, маш их сурдаг. Монгол эмэгтэйчүүдийн хувьд нийгэм өөрчлөгдсөнөөс хойш илүү сурч, өндөр боловсролтой, хүчтэй болчихсон. Миний эргэн тойронд амьдарч, ажиллаж, цуг бизнес эрхэлж байгаа хүмүүсийн ихэнх нь эмэгтэй. Тэд хүүхдээ өсгөдөг, ажлаа хийдэг, дээрээс нь маш үзэсгэлэнтэй, ухаантай. Ялгаагүй Франц хөгжсөн орон ч гэсэн тэнд амьдралын зовлон жаргал үргэлжилж байгаа учраас хүчтэй эмэгтэйчүүд зөндөө.

Гэхдээ монгол эмэгтэйчүүд бидэнд сурах зүйл их байна. Бид үндэс угсаагаа хадгалах хэрэгтэй ч хэтэрхий бардам байж болохгүй. Хааяа хэтэрхий бардамнах гээд байдаг. Бардам зан байлгүй л яахав. Гэхдээ бусдаас суралцах хэрэгтэй гэдгийг байнга ухаарч, өөрсдийнхөө чадахгүй, мэдэхгүйг хүлээн зөвшөөрөх нь чухал.

-Тэгэлгүй яахав. “Хаана ч байсан хэрхэн Парисчууд шиг байх вэ” ном Монгол хэл дээр хэвлэгдээд сарын хугацаа өнгөрчихлөө. Гэтэл эрэл хайгуул хийсэн хүмүүс зөндөө байна. Ямар сувгаар борлуулагдаж байгаа вэ?

-Анхны өдрөөсөө л их эрэлттэй байсан. Хүмүүс хүлээж байсан юм шиг байна лээ. Гарсан өдрөөсөө авхуулаад маш хурдан зарагдаж, номын дэлгүүрт тавих завдал өгөөгүй. Одоо Dyrberg Kern гээд Данийн гоёл чимэглэлийн брэнд дэлгүүрийн салбараар, Code гээд франц бэйкери, гоо сайхны зарим салонд зарагдаж байгаа. Гэхдээ би дахиад хэвлэлтэд оруулж, удахгүй номын дэлгүүрүүдээр зарах болно.

-Таны цаашдын төлөвлөгөө юу вэ. Ахиад ном орчуулъя гэж бодож байна уу?

-Ном орчуулахаасаа илүү ном бичихийг хүсэж байгаа. Сэдэв нь одоогоор шийдэгдээгүй ч надад олон санаа байна.

Зорилго, төлөвлөгөө олон бий. Хамгийн гол нь аз жаргалтай амьдарч, бусдад тустай зүйл хийгээд явж байх ч сайхан шүү.