Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/07-НД НИЙТЛЭГДСЭН

990 автобус үйлчилгээнд гарах ёстойгоос 430 нь гарчээ

Г.Номин, iKon.mn
2015 оны 10 сарын 7
www.ikon.mn
Зураг зураг

Өнөөдөр нийтийн тээвэр ачаалал ихтэй, зарим чиглэлийн автобуснууд үйлчилгээнд гараагүй байна. Тиймээс автобус компаниуд ажил хаясан эсэх талаар Нийслэлийн Тээврийн Газрын дэд дарга О.Түшигээс тодрууллаа.

Тэрбээр “Автобус компаниуд ажил хаяагүй. Түр зогсолт хийж байна. Ажил хаялтыг урьдчилан мэдэгдэж, холбогдох байгууллагуудад албан бичиг хүргүүлэн зарладаг. Харин өнөөдөр хувийн автобус компаниуд ажлаа хийх боломжгүй боллоо гээд түр зогсолт хийж байна.

Нийтийн тээврийн үйлчилгээнд нийт 990 гаруй автобус гарах ёстойгоос өнөөдөр 430 автобус гарсан байна.

Ер нь хувийн автобус компаниудын зүгээс ажлаа хэвийн явуулах боломжгүй байна гэж мэдэгдсээр байгаа. Манай байгууллагын зүгээс дээрх асуудлыг зохицуулах гарцыг хайж, шуурхай хуралдаан зарлаад, яг одоо хуралдаж байна. Хувийн компаниуд ч гэсэн хуралдаж байгаа байх” гэлээ.

Харин “Атибус” ХХК-ийн захирал Г.Баярмагнайгаас энэ талаар утсаар тодруулахад “Яаралтай хуралтай байна” гээд утсаа тасаллаа.