Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Гүндалай: “Ард түмнээ хайрлая” намыг иргэд өөрсдөө байгуулж болно

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2015 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг

УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай “Ард түмнээ хайрлая” намаа улсын бүртгэлд бүртгүүлж, гишүүнчлэлээ авч эхэлжээ. Энэ талаараа тэрбээр өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж мэдээлэл өглөө.

Улс төрийн намын тухай хуулийн дагуу шаардлага хангаж, Улсын Дээд шүүхээс намын гэрчилгээгээ авсан “Ард түмнээ хайрлая” нам одоогоор 1,388 гишүүнтэй аж. Эдгээр гишүүдийн 1,100 нь Орхон аймгаас бөгөөд үлдсэн нь бусад аймаг, Улаанбаатар хотод байдаг юм байна.

“Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай “Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа 20 гаруй намууд байгаа. Эндээс идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 5-6 нам байдаг. Эдгээр намууд өөрийнхөө ажлыг хийж чадахгүй байна.

Үнэндээ нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй асуудлуудыг шийдэж чадахгүй, ард түмэн 25 жил цөхөртлөө хүлээлээ. Улс төрийн шинэ хүчин гарч ирж, шинэ бодлого гаргаж ирж, улс орны нийгэм эдийн засгийг өөрчлөхгүй юм бол өнөөдрийн эрх баригчид ажлаа хийж чадахгүй байгаа.

Тийм болохоор улс төрийн намууд халаагаа өгч, шинэ намууд гарч ирэх, ард түмэн шинэ сонголттой болох, улс төрийн тавцанд өрсөлдөх боломж өгөх улс төрийн хүчин гарч ирж байгааг та бүхэнд мэдэгдэхэд баяртай байна” хэмээсэн юм.


-Танай намд элсье гэсэн хүмүүс байна уу. Иргэдийн хандлага хэр байгаа вэ?

-"Ард түмнээ хайрлая" намыг дэмжиж байгаа хүмүүс Монгол Улс даяар олон байдаг юм билээ. Над руу аймгуудаас зөндөө холбогдож танай намын нэгж салбарыг байгуулмаар байна, дэмжиж байна, гишүүнээр элсмээр байна гэсэн.

Өнөөдөр Монголын ард түмэн улс орноо зөв зүйтэй удирдаад аваад явчих, зэрлэг капитализмыг зогсоох, улс орны өмч хөрөнгийг шамшигдуулж, буруу удирдаж байгаа хүмүүсийг өөрчлөх хүсэл сонирхол Монголын ард түмэнд маш их байгаа гэдэг нь ойлгомжтой.

Ард түмнийхээ энэ хүсэл зоригийг бид биелүүлж ажиллахын төлөө энэ үйл ажиллагаа явуулна. Ард олон бидэнд итгэж, дэмжиж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Яагаад гэвэл хувьсгалын тохироо бүрдчихээд байна.

“Ард түмнээ хайрлая” намыг улс орон даяар аймаг, сум, хороо, дүүрэгт иргэд өөрсдөө байгуулж болно. Сум, хороондоо 50 хүнийг гишүүнээр элсүүлсэн байвал бид өөрсдөө очиж намын үүрээ байгуулна. Аймаг, томоохон суурин газруудад зуугаас дээш гишүүнийг бүрдүүлж чадвал мөн тэнд зохих намын байгууллагыг байгуулж өгнө. Өөрөөр хэлбэл ард иргэд өөрсдөө улс төрийн эрх чөлөөгөө эдлээд, “Ард түмнээ хайрлая” намыг өөрсдөө байгуулаасай гэж хүсэж байна.

-Орхон аймагт яагаад ийм олон гишүүнтэй байгаа вэ?

-Би өөрөө болон манай намын гишүүд дэмжигчид Орхон аймагт гурван өдөр очиж ажилласан. Орхон аймгийн төв Спорт комплексийн урд дөрвөн сард очиж нам байгуулах анхны 801 гишүүнээ элсүүлэх гэж очсон. Ингээд гурван өдөр болоход 1,100 хүн манай гишүүнээр элссэн. Бид өөр аймаг, дүүрэг, сум руу яваагүй.