Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/07-НД НИЙТЛЭГДСЭН

А.Сүхбат: Би эрэмбээ бууруулахгүйгээр барилдана

Г.Номин, iKon.mn
2015 оны 7 сарын 7
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир/MPA.mn

Монгол Улсын Дархан аварга А.Сүхбат, бөх судлаач Н.Зоригтбаатар, бөх судлаач н.Эрдэнэ, эрхзүйч н.Ариунболд нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Дархан аварга А.Сүхбат "Өнөөдрийн хурлыг зохион байгуулах болсон шалтгаанаа эхлээд тайлбарлая бөхийн эрэмбийн асуудал сүүлийн үед их яригдаж миний бие энэ үйл явцыг хараад ажиглаад 20-оод хонолоо.

Бөхийн эрэмбийг хуйвалдаад эрх мэдлээрээ далайлгаад авчихдаг иймэрхүү байдал тогтох вий гэсэн  болгоомжлолын үндсэн дээр  өнөөдрийн хурлыг хийж байна. 

Эрэмбийг ингэж булааж биш барилдаж авдаг юм.

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Баяр наадмын тухай хуулиар дархан аварга цолны болзлыг би 2004 онд хангасан байсан. Энэ жилийн хувьд ард түмэндээ амалсан ёсоороо баяр наадамд зодоглоно. Бэлтгэлээ сайн хангасан. Миний бие эрэмбээ бууруулахгүйгээр цолондоо гарч барилдах бөгөөд энэ нь миний 30 жил дэвжээнд гарсны үр өгөөж юм. Миний бие 2006 онд зодог тайлсан хэдий ч дасгалжуулагч хийгээд үргэлж дэвжээн дээрээ байсан.

Дархан аварга цолыг би өөрөө өөртөө өгөөгүй. Ерөнхийлөгч  зарлигаа гаргаж эрэмбээ тогтоогоод өгсөн. Энэ цолны эрэмбийг буулгах эрх надад байхгүй. Ерөнхийлөгч  зарлигаа өөрчилж, эсвэл шүүхээр энэ маргаан шийдэгдээд эрэмбийг өөрчилбөл би хүлээн зөвшөөрнө. 

Та бүхэн мэдэж байгаа өнгөрсөн жил Баяр наадмын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт орж  Далай аварга цолыг чимэг болгож, МУ-ын аварга, Далай даян аварга, Дайчин дархан аварга гэсэн ийм цолыг бий болгосон. Үүнтэй холбогдуулан 2014 оны долоодугаар сарын 07-ны өдөр Ерөнхийлөгч зарлиг гарган  миний бие болон Г.Өсөхбаяр аваргад МУ-н Дархан аварга цолыг хүртээсэн. 

Энэ явдалд миний бие үнэхээр баярлаж, таяг тулаагүй насан дээр минь Дархан аварга цолыг гардууллаа хэмээн төр, ард түмэндээ баярлаж байлаа. 

Гэтэл тэр өдрөөс дөрөвхөн хоногийн дараа Үндэсний их баяр наадмаар гарч барилдахад Зүүний магнайд Дархан аварга Г.Өсөхбаяр аварга, барууны магнайд Дархан аварга А.Сүхбат аварга гарч барилдана гэхэд би үнэхээр гайхсан. 

Ерөнхийлөгч цол чимэг олгож эрэмбийг тогтоогоод өгсөн байхад намайг барууны магнайд гаргасанд гайхсан юм.

Энэ явдлын дараа би хүний байрыг булаасан юм шиг эвгүй байдалд орж, ард түмэнд буруугаар ойлгогдоод байх шиг санагдсан. Энэ асуудлыг шийдэж, эрэмбийг тогтоож, олон нийтэд зарлаж өгөхийг Ерөнхийлөгчийн тамгын газраас хүссэн боловч одоо болтол хариу ирээгүй байна.

Саяхан баяр наадмыг зохион байгуулах хорооноос аваргуудыг амжилтаар нь эрэмбэлж зүүний магнайг тодруулна гэсэн. 
Тэгвэл амжилтаа яръя. Намайг улсад гурав түрүүлсэн, Г.Өсөх баяр аваргыг дөрөв түрүүлсэн болохоор Г.Өсөхбаяр аваргыг зүүний магнайд гарна гээд байгаа. 

Би 2000 онд зургаан залуу заанаасаа тасарч барилдаж ес даван түрүүлж Монгол улсын Арслан цолыг хүртсэн.  2001 онд ес давж аварга цолны болзол хангаад 10 давж түрүүлсэн. Ингээд 2004 онд ес давж түрүүлээд  Далай аварга цолны болзлыг хангасан.  Ингэхээр одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар би 2004 онд Дархан аварга цолны болзлыг хангасан байсан. 

Харин Г.Өсөхбаяр аварга 2009 онд Дархан аварга цолны болзлыг хангасан.

Би Дархан аварга болохыг мөрөөддөг байсан. Тиймээс цолоо хүндэтгээд гурван жил цолоо дуудуулах хүсэлтэй байна. 

Ер нь бол А.Сүхбат уу, Г.Өсөхбаяр уу? гэдэг  тийм ч том асуудал биш. Би тэгж бодож байна. Яагаад гэвэл бид хоёр найзууд. Тэгэхээр би шулуухан хэлэе. Эрэмбийг ингэж булааж авч болохгүй ээ. Эрэмбийг барилдаж авдаг юм. Г.Өсөхбаяр аваргыг миний өмнө эрэмблэх гэж байгаа бол түүний амжилтыг 2004 оноос урагш шилжүүлэх хэрэгтэй. Боломжтой юм гэж байдаг. Үнэхээр боломгүй юм гэж бас байдаг.

Тэгэхээр би цолоо үнэгүйдүүлж, энэ булхай луйварт үнэ цэнийг нь дарагдуулж чадахгүй" гэлээ.