Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

Зүүний магнайд Г.Өсөхбаяр, А.Сүхбат нарын хэн нь гарах вэ?

Л.Одончимэг, iKon.mn
2015 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Тулгар төр байгуулагдсаны 2224, Их монгол улс байгуулагдсаны 809, Ардын хувьсгалын 94 жилийн ой үндэсний их баяр наадамд Зүүний магнайд А.Сүхбат, Г.Өсөхбаяр хоёр аваргын хэн зогсох нь маргаан дагуулж байгаа бөгөөд одоо ч шийдэгдээгүй байна.  

Энэ асуудлыг Монголын Үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн Д.Данзан: Бөхийн холбоо эл асуудлыг шийдэж чадахгүй байна. Тиймээс Баяр наадмын комисс шийдэж өгнө үү гэсэн хүсэлтийг тавиад байсан юм.  
Дархан аварга Г.Өсөхбаяр бөхийн амжилтаараа илүү боловч, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарт өнгөрсөн жил дархан аварга цолыг нөхөн өгөхдөө зарлиг гарган А.Сүхбат аваргад түрүүлэн өгсөн байна.

Үндэсний их баяр наадмын тухай хуульд “Үндэсний бөхийн барилдааны нэг, хоёр, дөрвийн даваанд бөхчүүдийг цолны болон амжилтын эрэмбээр тулгаж барилдуулах бөгөөд бусад даваанд дээрх эрэмбээр ам авч барилдана” хэмээн заасан байдаг. Мөн “Амжилтын эрэмбээр ам авах заалт нь дархан аварга цолтонд хамаарахгүй” гэж заажээ. 

Өөрөөр хэлбэл, улсын баяр наадамд дархан аварга цолтон зодоглож байгаа бол аварга хамгийн түрүүнд, бусдыгаа ам авч барилдах эрхтэй юм. Харин хоёр ба түүнээс дээш дархан аварга цолтон байгаа тохиолдолд түрүүлж дархан аварга цолонд хүрсэн хүн, түрүүлж ам авах учиртай аж.

Нэг өдөр дархан аварга цол авсан хэдий ч таван минутын өмнө цолоо гардаж авснаараа А.Сүхбат аварга өөрийгөө зүүний магнайд гарах ёстой гэж үзэж байгаа бол улсын их баяр наадамд дөрвөн удаа түрүүлсэн дархан аварга Г.Өсөхбаяр ч өөрийгөө зүүний магнайд зогсох ёстой гэсэн байр суурьтай байгаа учраас ийн маргаан үүсчээ.

Өнгөрсөн жил зүүний магнайд зогссон А.Сүхбат аварга Г.Өсөхбаяр аваргыг амлан авсан билээ. Энэ нь Ардын хувьсгалаас хойших наадмын 93 жилийн түүхэнд гарч байгаагүй үзэгдэл юм байна. 

Ер нь тухайн жилийн наадамд зодоглож буй хамгийн өндөр цолтой бөх зүүний магнайг тэргүүлдэг уламжлалтай. Учир нь зүүн зүг бол наран ургах зүг. Монголчууд наран ургах зүгийг дээдэлдэг ард түмэн. Мориндоо зүүн талаас нь мордож, нум сумаа зүүн гараараа харвадаг. Тийм учраас баяр наадамд хамгийн том цолтон буюу том цолонд түрүүлж хүрсэн бөхчүүд зүүний магнайг тэргүүлдэг.
Дархан аварга  Г.Өсөхбаяр улсад дөрөв, А.Сүхбат гурав түрүүлж байсан юм. 

А.Сүхбат Г.Өсөхбаяр
2000 онд
512 бөхөөс 9 даван түрүүлж Арслан 
2002 онд
512 бөхөөс 9 даван түрүүлж Арслан 
2001 онд
1024 бөхөөс 10 даван түрүүлж Аварга
2003 онд
512 бөхөөс 9 даван түрүүлж Аварга 
2004 онд
512 бөхөөс 9 даван түрүүлж Далай аварга
2005 онд
512 бөхөөс 9 даван түрүүлж Далай аварга
2014 онд Далай аварга цолыг байхгүй болгосноор Дархан аварга болсон 2009 онд
512 бөхөөс 9 даван түрүүлж Даян аварга
2014 онд Далай аварга цолыг байхгүй болгосноор Дархан аварга болсон

2005 онд Баяр наадмын тухай хуульд өөрчлөлт орж, далай аварга, даян аварга цол нэмэгдсэн байдаг. Ингэснээр хоёр аварга 2014 оны зургаадугаар сарыг хүртэл хоёул даян аварга цолтой явж ирсэн. Харин 2014 онд Баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулж, далай аварга цолыг хассанаар Г.Өсөхбаяр болон А.Сүхбат нар хоёул дархан аварга цолтон болох боломж бүрдсэн билээ.

Санал асуулгад оролцоно уу...