Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/01-НД НИЙТЛЭГДСЭН

Аваргуудыг амжилтаар нь эрэмблэн зүүний магнайг тодруулна

С.Бадрал, iKon.mn
2015 оны 7 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Шадар сайдаар ахлуулсан Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо өнөөдөр хаалттай хуралдаж үндэсний бөхийн зүүний магнайд гарах бөхийг тодруулах асуудлыг хэлэлцлээ.

Тус хуралдаанаас хуулийн дагуу аваргуудыг амжилтаар нь эрэмблэн зүүний магнайд гарах бөхийг тодруулах шийдвэр гарчээ.

"Одоогийн байдлаар бөхчүүдийн бүртгэл дуусаагүй байгаа учир зүүний магнайд хэн гарах эцсийн шийдвэрийг гаргах боломжгүй байна" гэж Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдэгдлээ.

А.Сүхбат, Г.Өсөхбаяр нарын хэнийг нь зүүний магнайд гарч барилдуулахаа Монголын Үндэсний бөхийн холбоо шийдэж чадахгүй гэдгээ мэдэгдэн, баяр наадмын комисст шийдэж өгнө үү гэсэн хүсэлт тавиад байсан юм.  

НЭМЭЛТ ТОДРУУЛГА

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Тус хурлаар үндэсний бөхийн барилдааны зүүний магнайг хэн тэргүүлэхийг ярилцаж Үндэсний бөхийн салбар хорооны дарга Б.Батзоригт энэ асуудлыг шийдэх үүрэг өглөө. Энэ талаар Б.Батзориг даргаас тодрууллаа.

-Зүүний магнайд хоёр дархан аваргын хэн нь гарах талаар маргаан дэгдээд байна. Энэ асуудлыг таныг шийдэх үүрэгт өгсөн байна. Та хэрхэн шийдэх вэ?

-Үндэсний их баяр наадмын тухай хууль гэж бий. Манай салбар хороо энэ хуулиа баримтлан ажиллана. Хоёр дархан аваргын талаар хэвлэлээр бичигдээд байгаа болохоос одоогоор манай салбар хороонд хандсан зүйл алга. Өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж хоёр аваргад дархан аварга цолыг нөхөн олгосон. Ингэхдээ 08 дугаартай үнэмлэхийг А.Сүхбатад, 09 дугаартайг нь Г.Өсөхбаярт олгосон юм. Өнгөрсөн жил А.Сүхбат зүүний магнайд, Г.Өсөхбаяр барууны магнайд гарсан. 

Үндэсний их баяр наадмын тухай хуульд Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны дүрмийн 3.5-д бүртгүүлсэн бөхчүүдийн цол болон амжилтаар нь эрэмбэлж, жагсаалтыг Монголын Үндэсний бөхийн холбоо гаргах бөгөөд энэ жагсаалтад ороогүй бөхчүүдийг барилдуулахгүй гэж заасан.

Тиймээс яг энэ дүрмээрээ л явна. Барилдаан болохоос долоо хоногийн өмнө бөхчүүдээ бүртгэж дуусаад эрэмбэлнэ. Одоо маргалдаад байгаа хоёр дархан аварга барилдах эсэх нь тодорхой болоогүй байна. Бөхчүүдийн бүртгэл дууссаны дараа эрэмбэлнэ.

-Эрэмбэлнэ гэхээр амжилтаар нь уу, хэн түрүүлж дархан аварга цол авснаар нь  уу?

-Шадар сайд Үндэсний Бөхийн Холбоо хуулийн дагуу эрэмбэлэх нь зүйтэй юм байна гэсэн шийдвэр гаргасан. Ёс зүйгүй байдал гаргавал бид хуулийн дагуу шийдвэрээ гаргана. 

-Үндэсний Бөхийн Холбоо хуулийн дагуу шийдвэр гаргадаг. Гэтэл бөхчүүд дэвжээн дээр гарсан хойноо шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байдал гаргавал хэрхэн шийдвэрлэх вэ?

-Төрийн наадамд бөхчүүд ёс зүйтэй байж төр түмэн олондоо хүндэтгэлтэй хандах ёстой. Манай салбар хорооноос бөхчүүдээ бүртгээд мандат олгоно. Мандатын ар талд Үндэсний их баяр наадмын тухай хууль, дүрмээ баримтлан барилдана шүү гэдэг санамж хийж өгнө. Ямар нэгэн маргаан гарахаас сэргийлж салбар хорооны гишүүд засуулууд энгэрийн камертай ажиллана.