Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Манай улсад орж ирж байгаа мотоциклийн 97 хувь нь БНХАУ-аас орж ирдэг

С.Бадрал, iKon.mn
2015 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Урд хөршөөс оруулж ирдэг мотоцикль хөдөө орон нутгийн нөхцөл, онцлогт тохирдоггүй, техникийн аюулгүй байдлыг хангаагүй, баримт бичиггүй байх зөрчил нэлээд гарч байгаа аж. 

2013-2014 оны нэгдүгээр улиралд улсын хилээр 43 мянга гаруй мотоцикль орж ирсний 97 хувь нь БНХАУ-ын үйлдвэрийнх байжээ.

2013 онд улсын хэмжээнд мотоцикльтэй холбоотой 330 осол, зөрчил гарч 112 хүн амиа алдан, 191 хүн гэмтэж бэртжээ.

Иргэд уул хадтай, замгүй, бартаа ихтэй газар хурд хэтрүүлдэгээс мотоциклийн обуд нь хагарч цууран осолддог байна. Энэ нь нийт ослын 51 хувийг эзэлж байгаа бол 35 хувь нь бусад тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас, үлдэх нь бусад гэсэн ангилалд багтжээ. Осолд өртөгсдийн 251 хүн буюу 76 хувь нь тухайн үедээ хамгаалалтын дуулга малгай өмсөөгүй, 93 хүн буюу 24 хувь нь согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ.

Аймгуудын Мэргэжлийн хяналтынхын орон нутгийнхаа Замын цагдаагийн байгууллагатай хамтран осол, зөрчлөөс сэргийлэх, мотоциклоор хүн тээвэрлэж байгааг зогсоох шаардлага тавьж, зөвлөмж зааварчилгаа өгөх зэргээр боломжтой бүх арга хэмжээг авч байгаа аж.

Цаашид импортоор оруулж ирж байгаа мотоциклийн стандарт, чанарт анхаарах, манай нөхцөлд тохирох эсэхийг тогтоох, мотоцикль оруулж ирж байгаа аж ахуйн нэгж, иргэдэд мэдээлэл өгөх, улсын хилээр нэвтрүүлэхэд хил, гаалийн хяналтын байгууллагаас хийх үзлэг, шалгалтын ажилд мөрдөх эрх зүйн акт гаргах шаардлагатай болжээ.

Мөн шат шатны Засаг дарга нар иргэдийнхээ мотоциклийг улсын бүртгэлд оруулж, улсын дугаар өгч хэвших, аюул, осолгүй эзэмшиж, ашиглах талаар сурталчилгаа, таниулга, зөвлөмж, санамж өгч байх хэрэгтэй байна.