Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Эрдэнэчимэг: Засгийн газар шаардсан материалыг гаргаж өгсөн тохиолдолд ажлын хэсэг дүгнэлтээ гаргана

Л.Одончимэг, iKon.mn
2015 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Таван толгойн гэрээний төсөлд санал дүгнэлт гаргах ажлын хэсгийн явц ямар байгаа талаар ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэгээс тодрууллаа. Ажлын хэсгийн дүгнэлт хэзээ гарахаас шалтгаалан Таван толгойн гэрээг УИХ-аар хэлэлцэх хугацаа тодорхой болох учраас хүлээлт үүсээд байгаа билээ.

 - Ажлын хэсгийн ажлын явц ямар шатандаа явж байна вэ?

- Ажлын хэсэг 14 зүйлд дүгнэлт гаргах ёстой. Үүнээс 10 гаруй заалтад дүгнэлтээ бэлэн болгосон. Өнөөдрийн байдлаар 40 гаруй худастай, хавсралт материалтай дүгнэлт бэлэн байна.

Засгийн газраас хоёр асуудлын материал ирээгүй байна. Нэгдүгээрт гэрээний Англи эх хувилбар ажлын хэсгийн гар дээр ирээгүй байна. Лондонгийн арбитрын шүүх дээр Англи хувилбарыг баримтална гэсэн учраас шаардлагатай гэж үзэж байгаа. Хоёрдугаарт хөрөнгө оруулагч талын санхүүгийн мэдээлэл ирээгүй байна.

Мөн ажлын хэсэг хоёр заалтыг нэмж оруулах ёстой гэж үзэж байгаа. Нэгдүгээрт Монголын иргэдийн эзэмшиж байгаа 1,072 ширхэг хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах үүргийг хөрөнгө оруулагч тал хүлээх ёстой. Хоёрдугаарт зүүн чиглэлийн 1,300 км замын ажлыг хөрөнгө оруулагч тал урд, өмнө чиглэлтэй хамтад нь хийх  гэсэн дүгнэлтийг нэмсэн.

- Хөрөнгө оруулагч тал санхүүгийн тайлангаа ажлын хэсэгт өгөх эрх зүйн орчин бий юу?

-Энэ бол олон нийтэд нээлттэй компани. Хэн ч ороод санхүүгийн мэдээллийг харах боломжтой. Ажлын хэсэг ч түүнийг авсан. Тэр мэдээлэл дээр хөрөнгө оруулагч тал 1.1 тэрбум долларын өртэй. Өр болон бондонд хувьцаа, үйлдвэрүүдээ барьцаанд тавьсан байгаа гэсэн мэдээлэлтэй байгаа. Тиймээс ийм санхүүтэй компанийг хөрөнгө оруулагчаар шалгаруулж болох уу үгүй юу гэдгийг баталгаажуулах бие даасан олон улсын экспэртийн дүгнэлт гаргаж өгөхийг хүссэн.

- Ажлын хэсэг дүгнэлтээ хэзээ гаргах вэ. Бүх материал ирсний дараа гарах уу?

- Бид шаардсан материалаа авч байж л дүгнэлтээ гаргана. Засгийн газар материалуудаа өгчихвөл бид хоёр хоногийн дотор дүгнэлт гаргаж өгөхөд бэлэн байгаа.