Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

Молдовын банкнууд $1 тэрбумыг луйвардуулжээ

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Молдовын парламентын дарга Андриан Канду тус улсын гурван банкнаас нэг тэрбум доллар алдагдсан хэргийн мөрөөр хийсэн аудитын тайланг нийтэд дэлгэжээ.

Америкийн бие даасан аудитын компани Kroll-ын гаргасан тайланд 28 настай бизнесмэн Илан Шор 2012-2014 онуудад Молдовын гурван банкны удирдлагыг гартаа авч, өнгөрсөн 11 дүгээр сард гурван өдрийн дотор өөрийн холбоотой компаниудад их хэмжээний зээл олгосныг нарийвчлан тайлбарласан байгаа юм.

Энэ луйврын дүнд Молдов улс үндэсний дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 20 орчим хувьтай тэнцэх мөнгийг алдаад байна.

Төв банк эдийн засгаа унагахаас сэргийлж эдгээр гурван банканд 16 тэрбум лейн ($870 сая) яаралтай зээл өгөх хэрэгтэй болжээ.

Кишино дахь Expert-Grup тинктанкын гүйцэтгэх захирал Адриан Лупузор “энэ бол үндэстэн дамнасан, хил дамнасан, янз бүрийн улсын олон банк, компаниуд, олон тооны хүн оролцсон мөнгө угаах ажиллагаа байж болзошгүй” гэж дүгнэжээ.

Тавдугаар сарын 3-ны өдөр хэдэн арван мянган хүн Кишино хотын гудамж талбайд жагсаал хийн аудитын тайланг ил болгох, ерөнхий прокурор, дээд шүүхийн шүүгч нар, хэд хэдэн улс төрчдийг уг луйварт буруутган огцрохыг шаардсан байна.

Хэдийгээр Kroll компани аудитын тайланг ил гаргахаас татгалзсан ч парламентын дарга Канду өчигдөр “засгийн газар ард иргэдийнхээ өмнө нээлттэй байх ёстой” гэж үзээд 83 хуудас бичиг баримтыг ил гаргажээ.

Гэвч хуулийнхан энэ тайланг хүчин төгөлдөр баримт болж чадахгүй гэж үзээд Шорыг баривчлахаас татгалзсан байна.

Мөнгийг зээл болгон авсан гэгдэж байгаа Шор Группын төлөөлөгч тавдугаар сарын 6-нд мэдэгдэл хийнэ гэжээ.

Уг хэргийн цаана Оросын Газпромбанк, Интерпромбанк, Алеф банк гэсэн гурван байгууллага оролцсон байж болзошгүй байгаа гэнэ.

Молдовын компаниуд зээл авангуутаа Латвид үйл ажиллагаа явуулдаг, Их Британи, Хонг Конгод бүртгэлтэй оффшор компаниуд руу шилжүүлжээ.

Kroll-ын тайланд дурдсанаар энэ ажиллагааны бэлтгэл бүр 2012 онд эхэлж Илан Шортой холбоотой улс төрчид, хувь хүмүүс мөнгөө алдсан гурван банкны ТУЗ-д орж эхэлсэн байна.

Хэрэгт холбогдоод байгаа Илан Шор нь Молдовын хамгийн баян хүмүүсийн нэг гэгддэг.

Молдовын хэвлэлд бичсэнээр Шор дөрөвдүгээр сарын 30-нд хувийн онгоцоороо Москва руу ниссэн сурагтай байгаа юм.

Энэ луйврын хэрэг Европын Холбоонд элсэхээр хичээж байгаа Молдов улсын хувьд том асуудал болоод байна.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty