Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/26-НД НИЙТЛЭГДСЭН

Францад осолдсон онгоцны хар хайрцагны бичлэгийг сонслоо

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 3 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Мягмар гарагт осолдсон Germanwings компаний Airbus A320 онгоцны үлдэгдлээс нэг хар хайрцгийг өчигдөр олоод байгаа юм.

Онгоц хоёр хар хайрцагтай байдаг ба олдсон нэг нь нисгэгчийн бүхээг дэхь яриа, дуу хоолойг бичиж хадгалсан байдаг.

Харин олдоогүй байгаа нөгөө хайрцаг нь онгоцны сүүл хэсэгт байрладаг ба онгоцны төхөөрөмжүүдийн төлөв байдлыг хадгалдаг юм.

Францын албаны хүний мэдээлснээр бүхээгний дуу бичлэгт нэгэн сонирхолтой зүйл бичигджээ.

Бичлэгт сонсогдож байгаагаар нэг нисгэгч нь түр бүхээгнээс гараад буцаж орж ирж чадаагүй буюу бүхээгний хаалга дотроосоо түгжигдсэн байна.

Нисгэгч бүхээгний хаалгыг тогшиж байснаа, сүүлдээ хүчтэй нүдэж, хаалгыг эвдэхийг оролджээ. Гэвч дотор талаас хэн ч хариу өгөөгүй бөгөөд энэ үед онгоц доошилж эхэлсэн байна.

Мөн энэ үеэр нислэгийн хяналтын төвд ямар нэгэн дуудлага ирээгүй ба нисгэгч нараас ч холбоонд хариу өгөөгүй ажээ.

Ослын шалтгааныг тодруулахад онгоцны хоёр дахь хар хайрцгийг олох хэрэгтэй байгаа бөгөөд эрэл үргэлжилж байна.

 

Эх сурвалж: USAtoday