Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/05-НД НИЙТЛЭГДСЭН

Өмгөөлөгч Н.Цогт: Бушуухан л гэртээ харих минь гээд уучлал гуйцгаасан

Б.Энхзаяа
2015 оны 3 сарын 5
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир/mpa.mn

Монгол Улсад 35.2 тэрбум төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял сонссон “Саусгоби сэндс” компанийн экс захирал Жастин Капла нар Ерөнхийлөгчийн уучлалыг хүртээд нутаг буцлаа. Хоёр жил гаруй үргэлжилсэн уг хэргийн эргэн тойронд өрнөсөн үйл явц Монгол төдийгүй олон улсын анхаарлын төвд байв. Хэргийн мөрдөн байцаалт, шүүх хурлын явц, Ерөнхийлөгчийн уучлал зэрэг цаг үеийн асуудлаар өмгөөлөгч Н.Цогттой ярилцлаа. Тэрбээр “Саусгоби сэндс компанийн санхүүгийн менежер Кристобал Дэвидийн өмгөөлөгчөөр ажилласан бөгөөд шүүгдэгчид Ерөнхийлөгчид хандахад гурвууланг нь төлөөлжээ.

-Ерөнхийлөгч Жастин Капла нарт уучлал үзүүлсэн нь Монгол төдийгүй гадны улсуудын анхааралд байлаа. Одоо ч олон нийтийн ярианы сэдэв хэвээр байна. Шүүгдэгчдийн өмгөөлөгчийн хувьд юу хэлэх вэ?

- Мэдээж үйлчлүүлэгчдийг маань уучилсанд баяртай байна. Энэ бол анхнаасаа маш их улстөржсөн хэрэг байсан. 2012 оны сонгуулийн өмнөөс эхэлсэн асуудал шүү дээ. Хятадуудад "Таван толгойн" нүүрсийг урьдчилж зараад 220 сая ам.доллар авч түүнийгээ тараалаа гэцгээж байсан.

Дараа нь "Чалко” компани “Саусгоби сэндс” компанийн хувьцааг худалдаж авах гэж байна, Хятадын төрийн өмчит компани манай бүх нүүрсийг авлаа, эзэгнэлээ гээд л Засгийн эрхэнд байсан, сөрөг хүчин аль аль нам нь улстөржсөн.

Урд хөрш маань эдийн засгийн хөгжлөө дагаад дэлхий даяар түүхий эд, эрдэс баялаг тэр дундаа нүүрсний найдвартай эх үүсвэрийг хайж байсан. Нэг сонголт нь Монгол Улс байсан. Энэ нь хаа сайгүй байдаг улс гүрний эдийн засгийн шийдэх асуудал.

Манайх шатахууны хангамжаа гаднаас авдаг шиг тэд ч том гүрнийхээ хувьд асуудлаа шийдсэн.

Манайх шатахууны хангамжаа гаднаас авдаг шиг тэд ч том гүрнийхээ хувьд асуудлаа шийдсэн. Уул усаа хамгаалах нь зөв.

Гэхдээ нэг хэсэг нь сонгуулийн, зарим нь улс төр, бизнесийн зорилготой. Мэдээж нэг хэсэг нь уул усаа хамгаалсан. Ийм будлиан дунд нэг асуудлыг дээш нь хөөргөөд том болгочихсон нь одоогийн Жастин Капла нарын хэрэг.

Энэ хэргийг сонгуулиар ялсан, ялагдсан аль аль нам нь ашигласан. Иймд сонгуулийн дараа асуудлыг буцаад сулруулах боломж хэцүү байсан байх. Ямар ч шатны албан тушаалтан асуудлыг шууд шийдвэрлэх боломжгүй болчихсон.

Ний нуугүй хэлэхэд авлигатай тэмцэж байна гээд сонгуулийн дараа нэлээд улстөржсөн шүү дээ. Яг ийм үе нь давхцаад төгс хэрэг болж хувирсан. “Төгс шуурга” гээд кино байдаг даа. Бид гаргасан алдаа, дутагдлаа хүлээж сураагүй муу зуршилтай нэрэлхүү улс учраас муйхраар зүтгүүлээд байсан.

-Одоо бол гадаадын иргэд Монголын хуулийг уландаа гишгэлээ гэж Ерөнхийлөгчийн уучлалыг эсэргүүцэх байр суурь нийгэмд дийлэнх байна?

-Уучлал үзүүлэх явдал нь Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид олгогдсон бүрэн эрх нь. Шүүхийн шийдвэр хүчинтэй, хүчин төгөлдөр гэж яриад байна. Хүчин төгөлдөр гэдэг бол сүүлд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд орсон тайлбар. Дээд шүүхээр батлагдвал эсвэл давж заалдаагүй бол хүчин төгөлдөр гэж үзнэ гэсэн байдаг.

Харин 1992 онд батлагдсан Үндсэн хуульд хүчинтэй, хүчин төгөлдөр гэсэн үг байдаггүй. Зөвхөн уучилна гэсэн ерөнхий заалт байгаа. Одоогийн мөрдөж буй Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар шүүхийн яллах тогтоол уншиж сонсгосноор ялтан болно гэсэн зохицуулалт бий. Үүний дагуу Жастин Капла нарыг Дүүргийн эрүүгийн хэргийн II шүүхээс тогтоол уншаад ялтан болгоод ачаад явсан. Тэдэнд маргааш нь ч уучлал үзүүлж болно.

-Хүмүүс уучлал хүртэх замаар татвараас зугтах жишиг тогтчих вий гэсэн эмзэглэл ч бас олон нийтэд төрөөд байх шиг байна?

-“Саусгоби сэндс” компани Монгол Улсад 400 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн, ашиггүй хэрнээ 50 гаруй тэрбум төгрөгийн татвар төлсөн байгууллага. 1,000 гаруй хүнийг өндөр цалинтай ажиллуулаад, мэргэшүүлж өгсөн.

Бид өөрсдөө хөрөнгө оруулалт хийгээч, хүрээд ирээч гэж гадныхныг дуудсан. Нүүрс олборлох лицензийг нь олгосон, байгаль орчныг ингэж хамгаал хуулийг ингэж дагах ёстой гэж хууль батлаад үйл ажиллагаа эрхлэхийг нь зөвшөөрчхөөд одоо болохоор бидний баялгийг буу зэвсэгтэй ирээд дээрэмдчихсэн юм шиг ярьж болохгүй.

-Хэрэгт холбогдогчдыг анх нэлээд их хэмжээний мөнгө угаасан гэж байснаа сүүлд 35 тэрбум болж хувирах шиг болсон?

-Too нь их сонин. Анх зургаан их наяд төгрөг угаасан гэсэн дүгнэлт байдаг. Тэр үеийн ханшаар таван тэрбум ам.доллар гэсэн үг. Одоо манай улс 1.5 тэрбум ам.долларын зээл авчхаад сүйд болоод байна шүү дээ.

Зургаан их наяд гэдэг нь ганц шинжээчийн дүгнэлт байсан. Хэн ч итгэхийн аргагүй тоо. Дараа нь татварын гурван байцаагчийг шинжээчээр томилон дүгнэлт гаргуулахад 200 сая ам.долларын нөхөн татвар төлөх ёстой болгосон. Бүр сүүлдээ буураад 80 болоод эцэст нь 35 тэрбум төгрөг болж хувирсан. Хэргийг яривал үнэхээр инээдтэй. Ерөнхийлөгч ч хэлж байсан.

-Прокурор Жастин Капла нарыг татварт ногдох орлогын зардлын тоо хэмжээг зориуд нэмж, татварт ногдох орлогыг зориуд бууруулсан гэж үзэж байсан. Харин та бүхэн валютын ханшийн зөрүүнээс болсон гэж тайлбарлаж байв уу?

Компани өнгөрсөн хугацаанд 400 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийсэн. Тухайн үед ам.доллар 1,000-1,200 төгрөг байсан бол өнөөдөр 2,000 төгрөгт хүрэх гэж байна. 1,000 байгаад 2,000 болоход төгрөгөөр илэрхийлэхээр нөгөө байгууллага 400 сая ам.долларын зээлийг төгрөгөөр бүртгэхэд 400 тэрбум төгрөг болж байсан.

Өнөөдөр бол төгрөгөөр илэрхийлэхэд 800 орчим тэрбум төгрөг болно. Үүнийг өр өсгөх аргаар татвараас зайлсхийлээ гэж дүгнээд байгаа. Ямар ч санхүүч ойлгоно.

Зээлийг өсгөснөөр татвараас зугтдаггүй. 

Зээлийг өсгөснөөр татвараас зугтдаггүй. Хүү нь өсвөл хасагдах зардал хүү болохоос зээлийн үндсэн хүүгээс хасагддаггүй. Хоёрт, зөвхөн ханшийн зөрүүнээс өссөн.

Хэрэв өнөөдөр ханшийн зөрүүнээс өссөнөөр хүмүүсийг шоронд хийдэг бол 1.5 тэрбум ам.доллар оруулж ирсэн Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Сангийн сайд асан Ч.Улаан, Эдийн засгийн Хөгжлийн сайд асан Н.Батбаяр нар яах юм бэ.

Тэдний авсан 1.5 сая ам.долларын дүн төгрөгөөр илэрхийлбэл Монголын өрийг зөндөө өсгөсөн болох нь байна. Ийм утгагүй дүгнэлт хийж болохгүй. Олон улсын санхүүгийн стандарт журам, манай улсын Сангийн яамнаас баталсан Нягтлан бодох бүртгэлийн дүрэм, журамд үүнийг маш ойлгомжтойгоор зохицуулсан.

Өөрөөр хэлбэл, хэрэгжээгүй ханшийн ашиг, алдагдлыг татварт нөлөөлөхгүй болохыг хүлээн зөвшөөрсөн байдаг юм. Компани түүний дагуу тайлагнасан. Бүх бичиг, баримт нь байдаг. Манайд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа, хүн бүхний мэдэх хууль, дүрэм журмыг үл ойшоож улс төрийн зорилгоор ямар нэгэн шалтаг олохын тулд үүнийг. ашигласан.

-Бас татварын хэд, хэдэн хуулийг зөрчиж онц их хэмжээний татвараас санаатайгаар зайлсхийсэн болохыг тогтоосон тухай мэдээлж байсан. Үүнийг юу гэж тайлбарлах вэ?

-Эрүүгийн хуулийн 166.2-т татвараас зориуд, санаатайгаар зайлсхийсэн гэж заасан байдаг. Прокуророос бид зориуд зайлсхийсэн гэдгийг яаж баталсан юм бэ гэхээр шинжээч баталсан гэдэг. Хуулиараа эдийн засгийн шинжээч зориудыг нотлохыг хориглосон. Шинжээч өөрөө ч батлаагүй гэдгээ шүүх хурлын үеэр мэдүүлдэг.

Шүүгч үүнийг хүлээн зөвшөөрч байсан. Гэмт хэргийн санаа зорилго тогтоогдоогүй, зориуд гэдэг нь байхгүй бол иргэний журмаар татвар дээр акт бичээд шалгадаг. Энэ бол маш том алдаа байсан. Улсын яллагч үндэслэлтэй, үндэслэлгүй гэдэг монгол үгийг зориуд, санаатай зайлсхийсэн гэж гуйвуулж буруу тайлбарлаад байгаа.

Мөн төлчихсөн АМНАТ-ыг танайх авлага дансандаа бүртгэсэн байна гэж гүтгээд төлчихсөн татварыг дахиж авна гэж буруу дүгнэлт гаргасан. Тэр нь тав гаруй тэрбум төгрөг болсон. Дараагийн үндэслэл нь бүр инээдтэй. Шатсан экскаваторыг хүнд зарсан байна гэдэг юм.

Экскаватор шатаад компанийн хашаанд хэвтэж байгаа. Гэрчилгээ нь компанийн нэр дээр. Яахав нэг алдаа нь компанийн зүгээс шатсан экскаваторыг акталсан мөрөнд бичихийг алдаж, шилжүүлсэн мөрөнд бичээд санхүүгийн тайландаа тусгасан байгаа юм. Үүнийгээ тэд хүлээн зөвшөөрөөд өөрийн мэдэлд байгааг баримтаар нотолдог. Гэвч манай хуулийнхан “Үгүй, үгийн алдаа. Энэ бол эрүүгийн гэмт хэрэг, таван жилийн ялтай” гэсэн.

Өөр нэг үндэслэл бол Монголын ард түмэнд үзүүлсэн тусламжийн тухай юм. Тусламж үзүүл гэхэд нь хилийн цэргийн байрыг засаж өгсөн, прокурорын байгууллагад 4.5 сая төгрөгөөр тоног төхөөрөмж авч өгсөн. Сургуулийн барилгыг засварласан. Гэтэл танайх орон нутагт сургууль бэлэглэсэн байна НӨАТ-ын 10 хувь, хилийн цэрэгт байр бэлэглэсний НӨАТ-ын 10 хувь, прокурорт тоног төхөөрөмж бэлэглэсэн гээд бас л НӨАТ-ын 10 хувийг авах ёстой байсан гээд хорих ял өгсөн.

Компани тэр 10 хувийг аваад улсад төлнө. Улсын байгууллагаас аваад улсад төлнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл, улсад ямар ч хохирол учруулаагүй, харин хандив өгсний төлөө ял тулгасан. Тэгээд ч бэлэн мөнгөөр хандив өгөхөд НӨАТ суутгах хууль байхгүй.

-Та бүхний үзэж бай-гаагаар бол прокурорын шатанд ч болов хэргийг хэрэгсэхгүй болгох ёстой байжээ гэж ойлголоо. Гэтэл хэрэг шүүхийн шат хүртэл яваад яллах тогтоол гарчихсан шүү дээ?

-Шүүх шийдсэн бол туйлын үнэн гэсэн үг биш. Үүнд л хамаг асуудал байна. Хэрэв намайг худлаа ярьж байна гэвэл шүүх хурлын бичлэгийг үзээрэй.

Прокурор юу хэлэв. Шүүхийн шийдвэр бүр үнэн байдаг уу. Миний дээр ярьсан хэлсэн зүйл бүгд шүүхийн тэмдэглэлд 130 хуудас баримт, CD бичлэгт бүрэн байгаа.

-Олон нийтийн дунд арай өөр ойлголт яваад байна?

-Шүүх хуралд АНУ-аас Монголд суугаа Элчин сайдын яамныхан гурван өдөр, Элчин сайд өөрөө нэг өдрийн шүүх хуралд суусан.

 Шүүх хурал дуусахад “Ийм хурал хийчхээд манай хүнийг таван жил хорихоор боллоо” гэж бухимдаж байсан. Миний ярьсан зүйлд эргэлзэж байвал хэргийг шийдсэн шүүх болон ШЕЗ-өөс хүсэлт гаргаад хурлын явцыг үзэж болно.

-Тэгвэл шүүх нөлөөнд автсан гэсэн үг үү? Үндсэн хууль зөрчлөө гэж үзэж байна?

-Иргэний хариуцагч өөрт холбогдсон асуудлаар давж заалдах эрхтэй. Уучлах бол ялтны асуудал. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд тодорхой бий. Ялтанд уучлал үзүүлэх тухай гэж. Шүүх шийдвэрлэх ажиллагаанд алдаа гарсныг хүлээн зөвшөөрч, төрийн уучлал үзүүлэхэд шүүхийн шийдвэр заавал хүчин төгөлдөр байх ёстой гэсэн хуулийн зохицуулалтыг би олж үзээгүй.

Хүчин төгөлдөр шийдвэр хүртэл шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болох бололцоо бий. Хуучин ЗХУ-д цаазаар авхуулсан хүнийг жинхэнэ алуурчин нь олдсоноор цагаатгаж байсан удаатай.

Иймд шүүхийн тогтоол хүчин төгөлдөр биш байхад уучлал үзүүлсэн гэсэн маргаан нь нөхцөл байдлыг бүрэн ойлгоогүй ухар мөчид мэт санагдаж байна. Хэрэв онол зарчим ярьж байгаа бол шүүх шударга, энэрэнгүй байх зэрэг илүү том зарчмыг үг үсэг хөөсөн процессын чанартай явуургүй мэтгэлцээнээр үгүйсгэх нь зүйд нийцэхгүй.

-Шүүгдэгчид орчуулагчаа нэмэгдүүлэхээр хурлыг хойшлуулсан удаатай. Гадаад хүмүүст хууль зүйн туслалцаа үзүүлж байхад бэрхшээлтэй байв уу?

-Хурлын явцад орчуулга муу байсан. Гадаадын иргэдийг авчраад дэлхий нийтийн өмнө шүүж байхдаа ийм хайхрамжгүй алдааг өч төчнөөн гаргачхаад тав, зургаан жилийн хорих ял оноочихно гэж санаагүй. Би өөрөө монгол хүн. Миний, үр хүүхдийн маань нэр төрд хамаатай. 1992 оноос хойш эрхзүйн шинэчлэл хийхээр олон нэртэй хуульчид хөлс хөдөлмөрөө зориулсан.

Би тэдний дунд байсны хувьд 25 жилийн дараа тэр хүмүүсийн ажлын үр дүн нь гарч, манай шүүх ямар ч байсан голыг нь олж шийдэх байх, дэлхий нийтийн өмнө үүнийг зарлах сайхан бололцоо гэж бодож байсан. Гэвч хагас дутуу орчуулчихаад хэргийг шийдсэн болж халтуурдсан. Шүүгдэгчдийн хувьд шударгаар шийдэхийг хоёр жил хүлээх зуур нэгнийх нь өндөр настай аав нь нас барсан, очиж чадаагүй, өөр нэгнийх нь эцэг нь эх нь өвчтэй байдаг.

Ларри нь осолд ороод энд хагалгаа хийлгэсэн ч бүрэн эдгээгүй тахир дутуу болсон. Хоёр жил хагас хүлээлээ. Дахиад хүлээхэд Монголын шүүх шударга шийднэ гэвэл худлаа юм байна гээд бушуухан л гэртээ харих минь гээд уучлал гуйцгаасан. Тэднийг буруутгах ямар ч үндэслэл байхгүй. Харин ч уучлал үзүүлэхийг дэмжсэн хүн бүр энэрэнгүй байж Монголын нэр төрийг өндөрт өргөсөнд хувьдаа талархаж байна.

-Тэд Ерөнхийлөгчийн уучлалыг хүртээд ямар сэтгэгдэлтэй байв?

-Анх шүүхийн тогтоол сонсгоход дэлхий цөмрөх шигболсон байх. Уйлаад л, авраач гэж гуйгаад байсан. Хоёр, гурав хоногийн лараа. шокноос гарсан.Тухайн үед Өршөөлиин хууль яригдаж байсан ч нэг нам нь өөртөө ашигтайгаар батлах гээд, нөгөө нь эсэргүүцээд байхгүй болчихсон.

Тэгээд cap шинийн баяр ч дөхөж байсан. Баярын өмнө уучилдаг юм гээд тэднийг тайвшруулсан. Тэр үед АНУ-ын Элчин сайдын яам, холбогдох байгууллагууд анхаарч эхлэхэд тэд тайвширсан. ШЕЗ-ийнхөн нөхцөл байдлыг судлаад алдаа гарсныг тайлбарласан. Бас уучлал хүсэх боломж, бололцоо ийм байна гэдгийг хэлсэн. Үйлчлүүлэгчид маань баяртай буцацгаасан.

-Шүүх хурлын дараахан тэдэнтэй хотын дарга Э.Бат-Үүл очиж уулзсан. Ямар зорилгоор очсон нь одоо ч бүрхэг байгаа. Та энэ талаар тайлбарлах боломжтой юу?

- Мэдэхгүй юм . Миний хувийн бодлоор прокурорын байгууллага нэр төрөө хамгаалахын тулд өөрсдийнхөө зөв гэж зүтгэж байсан. Тэгэхээр Ерөнхийлөгчийн Тамгын газраас үнэн зөвийг тодруулахын тулд очиж уулз гэсэн болов уу. Тэр хүн бол хал үзсэн, нэртэй улстөрч шүүдээ. Магадгүй өөрөө ч санаачилгаараа дэмжих гэж очсон байж мэднэ.

Тиймээс эр зоригийг нь үнэлж байна. Улс төрийн ямар ч дайралтад өртөж болох байсан. Ядарч явахад нэг хүн ч зөөлөн харцаар харахад ямар сайхан байдгийг ойлгодог учраас очсон болов уу гэж бодно. Үйлчлүүлэгчид Э.Бат-Үүл даргаас сайхан үг сонслоо, орчуулагчтай очоод эрхийг нь тайлбарлаж чадлаа гэж хэлж байсан. Ямартай ч манай улсад алдаа байна. Ардчилсан хүнлэг нийгэм байгуулахын төлөө зүтгэж байгааг олон улсын өмнө харууллаа.

Зураг