Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/01-НД НИЙТЛЭГДСЭН

Жастин Капла нутагтаа хүрчээ

ikon.mn
2015 оны 3 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын ерөнхийлөгчийн уучлалаар шоронгоос суллагдсан Жастин Капла төрөлх нутаг Миннесотад өчигдөр газарджээ.

SouthGobi Sands компанид ажиллаж байсан түүнийг 2012 онд татвараас зайлсхийсэн хэргээр Монголоос гарч явахыг нь хориглосон юм.

Хоёр жил гаруй хугацаанд байцаагдаж байсан түүнд өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр шоронд таван жил 10 сар хоригдох ял оноосон билээ.

Үнэндээ татварын хэрэг анх шалгагдаж эхлэх үед Капла нь уг компанид ажиллаж байгаагүй юм. Холбоотой гэх баталгаа ч хангалттай байгаагүй.

Ийнхүү гурван жил орчим шүүхдэлцсэний эцэст Эвелин охиноо гартаа тэвэрсэн Капла эхнэр Солонго, хүү Ийгл нарын хамт эх нутагтаа газардаж төрөл садантайгаа тэврэлдэн уулзлаа.

Капла “Би их баяртай байна. Эцсийн мөч хүртэл бид юу болохыг мэдээгүй байсан. Тэд над дээр ирээд өнөөдөр гэртээ харина гэж хэлэхэд маш сайхан мэдрэмж төрсөн” гэжээ.

Эхнэрийнх нь хэлснээр Капла бага зэрэг жин хассан ч шоронгийн нөхцөл байдал хүмүүсийн бодож байгаа шиг муу байгаагүй гэлээ.

“Би залруулга хийх ёстой. Бидэнд тун хүндэтгэлтэй хандаж, ямар нэг байдлаар айлгаагүй. Аймаар зүйл ер байгаагүй. Бусад орны шоронд байдаг шиг муу нөхцөлтэй биш байлаа” гэж Капла тайлбарлав.

Одоо Капла эхнэр хүүхдийн хамт (тэд бүгд Монгол улсын иргэн) нутагтаа төвхнөх гэж байгаа гэнэ.

“Гэр бүлтэйгээ, суллагдахад тусалсан найз нөхөдтэйгээ цагийг өнгөрөөж, сайхан халуун хоол идмээр байна. Одоогоор ийм л төлөвлөгөөтэй байна” гэж Капла ярьлаа.

Эх сурвалж: MyFoxTwincities.com