Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/01/30-НД НИЙТЛЭГДСЭН

13 аймаг түргэн тусламжийн автомашинтай боллоо

А.Ням-Өлзий, iKon.mn
2015 оны 1 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд манай улсад 2,1 тэрбум төгрөгийн үнэ бүхий түргэн тусламжийн тоноглосон автомашин нийлүүлэх ажиллагаа өнөөдөр боллоо

Түргэн тусламжийн автомашин гардуулах ёслолын арга хэмжээнд Эрүүл мэнд спортын сайд Г.Шийлэгдамба, Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шимизү Такэнори болон холбогдох албаны хүмүүс оролцсон байна. 

Нийт 2,1 тэрбум төгрөгийн өртөг бүхий түргэн тусламжийн автомашиныг парк шинэчлэлтийн судалгаанд үндэслэн нэн түрүүнд шаардлагатай аймгуудад ЭСМ-ын сайдын тушаалаар хуваарилжээ. 

Тодруулбал, 13 аймгийн эрүүл мэндийн /Хөвсгөл, Говь-Алтай, Сүхбаатар, Баянхонгор, Дорноговь, Ховд, Архангай, Дорнод, Өвөрхангай, Сэлэнгэ, Баян-Өлгий, Завхан, Увс аймаг/ байгууллагуудад хүлээлгэн өгсөн байна.

Уг автомашинуудыг эмнэлгийн тусламж үйлчилгээг хурдан шуурхай үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжүүдээр тоноглосон байна. Түүнчлэн хүлээн авагч байгууллагын эмч, инженер, жолооч нар хоёр өдрийн сургалтад хамрагдаж, зохих мэдлэг ур чадварыг эзэмшин, автомашинаа авч байгаа аж.

Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нийтдээ 1101 автомашин ашиглагдаж байна

Япон улсын Засгийн газраас Монгол улсын Эрүүл мэндийн салбарыг дэмжин, өндөр хүчин чадалтай, орчин үеийн шинэ дэвшилтэт техник, тоног төхөөрөмжөөр эрүүл мэндийн байгууллагуудыг хангах төсөл хэрэгжүүлэн ажиллаж байна.