Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

2015 онд ч валютын ХОМСДОЛ МОНГОЛД үргэлжлэхийг ВАЛЮТЫН САН ТААМАГЛАВ!!!

Ч.Болортуяа
2014 оны 12 сарын 19
iKon.MN
  • 2015 онд эдийн засгийн хүндрэл үргэлжлэх үү. 
     
  • Эдийн засгийн өсөлт ямар байх бол. 
     
  • Бид хүндрэлээс гарч чадах уу зэрэг олон сонирхолтой асуулт биднийг хүлээж байна. 

Харин ирж буй жилийн таамаглалыг эдийн засгийн бодит үзүүлэлтүүд дээр үндэслэж Олон улсын валютын сан жил бүр гаргадаг. 

Олон улсын валютын сангийн төлөөлөгчид ч манай удирдлагуудтай уулзаж энэ талаар санал солилцож байна. 

Валютын сангийн таамаглалаас олон тоо сонирхол татаж байгаа юм. 

Энэ жилийн тухайд манай улсын эдийн засгийн өсөлт 6.4 хувьтай байхаар байгаа бол 2015 онд энэ тоо 5.4 хувь болж буурах таамаглалтай байна. 

Мөн улсын төсвийн алдагдал 10.1 хувьд хүрнэ гэж төсөөлсөн байна. Энэ жилийн тухайд алдагдал ДНБ-ийн долоон хувьтай тэнцэж байгаа билээ. 

Экспорт, импортын тухайд  энэ жилийнхээс төдийлөн өөрчлөлт байхгүй байна. 

Мөн сүүлийн хоёр жилийн турш нэмэгдүүлэхээр чармайж байгаа ч буусаар байгаа гадаадын шууд хөрөнгө оруулалт ирэх жил ердөө 100 сая доллараар нэмэгдэнэ гэж төсөөлсөн нь Монгол Улс дахиад л валютын хомсдолд оруулахыг харуулж байгаа юм.

Экспорт, импортын хэмжээнд төдийлөн өөрчлөлт ороогүй тохиолдолд гадаадын хөрөнгө оруулалт л нэмэгдэхгүй бол манай улсын валютын нөөц багассаар мөн хомсдол байсаар байх юм. 

Тиймээс ч валютын нөөцийг 1,2 тэрбум ам.доллар байгааг ирэх жил нэг тэрбумд хүрч доошилно гэж ОУВС төсөөлсөн байна. 

2015 ОНД ЭДИЙН ЗАСГИЙГ ОУВС ХЭРХЭН ТААМАГЛАВ:

  2010 2011 2012 2013 2014 2015
Эдийн засгийн бодит өсөлт, хувиар: 6.4 17.3 12.3 11.6 6.4 5.4
Уул уурхайн салбар 3.6 7.7 8.3 19.4 19.7 8
Уул уурхайгаас бусад салбар 7 19.9 13.3 9.8 3 4.7
Нийт мөнгөний нийлүүлэлтийн өсөлт, хувиар 61.6 37.1 18.8 24.3 8.7 16.5
Инфляци 14.3 9.4 14.2 11.2 11.6 8.4
Улсын төсвийн алдагдлын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь, Хөгжлийн банкийг оруулснаар 0.4 -4 -9.1 -8.9 -7 -10.1
Экспорт, тэрбум доллараар 2.9 4.8 4.4 4.3 5.5 5.7
Импорт, тэрбум доллараар -3.2 -5.8 -5.9 -5.6 -4.8 -4.9
Гадаад худалдааны тэнцэл, тэрбум доллараар -0.3 -0.1 -1.6 -1.3 0.7 0.8
Гадаадын шууд хөрөнгө оруулалт, тэрбум доллараар  1.6 4.6 4.4 2.1 0.8 0.9
Портфолио хөрөнгө оруулалт, тэрбум доллараар 0.88 0.08 2.33 -0.15 0.1 -0.04
Төлбөрийн баланс, сая доллараар  879 364 1497 -1885 -1039 -188
Гадаад валютын нөөц, сая доллараар 2266 2630 4126 2242 1202 1014

Энэхүү таамаглалаас ганц "гэрэлтэй" зүйл нь инфляцийг 3,2 орчим хувиар буурч 8,4 хувьтай болно гэж таамагласан байх юм. 

Монголбанкны зүгээс ч ирэх жил инфляцийг долоон хувьд барих бодлого гаргаад буй. 

Одоогийн инфляцийн задаргааг үзэхээр нийлүүлэлтийн гаралтай буюу мах, шатахуун зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн инфляци тавхан хувийг эзэлж байна. 2010 онд энэ төрлийн бүтээгдэхүүний үнийн нөлөөлөл  инфляцийн өсөлтийн 40 хувийг эзэлж байв. 

Тэгэхээр одоогийн байдлаар гадаад валютын ханшийн нөлөөллөөс буюу импортын бараа бүтээгдэхүүний өсөлт ийнхүү инфляцид сөрөг нөлөө үзүүлж байна. Ханшийн өөрчлөлтийн тогтворжилт дунджаар зургаан сарын дараагаас зах зээлд мэдрэгдэж эхэлдэг байна. Тиймээс 2015 онд импортын гаралтай бүтээгдэхүүний өсөлт харьцангуй тогтворжвол инфляцид үзүүлэх нөлөөлөл буурч инфляцийг долоон хувьд барих боломжтой гэж эдийн засагчид үзэж байгаа билээ. 

Өчигдөр УИХ-ын даргатай уулзсан ОУВС-ын төлөөлөгчид Өрийн удирдлагын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг түргэвчилж, ойрын хугацаанд Улсын Их Хурлаар батлуулах шаардлагатай хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн байна. 

Хэрвээ Өрийн удирдлагын тухай хууль батлагдвал нөхцөл байдал өөр тийшээгээ эргэж болох юм.