Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Ням-Очир: Одоо та нар бага ангийн хичээлд нэг сууж үзээрэй

ikon.mn
2014 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг

2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжиж байгаа бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Чингэлтэй дүүргийн Боловсролын газрын дарга Т.Ням-Очиртой ярилцлаа.

-Бага боловсролын шинэ хөтөлбөр хэрэгжиж эхлээд хоёр сар өнгөрлөө. Хэрэгжилт ямархуу байна даа?

-Юуны өмнө энэ хөтөлбөрийг маш системтэй, бэлтгэл ажлаа маш сайн хангаж хийсэн шинэчлэл гэж дүгнэж байгаа. Яагаад гэхээр 2012-2013 оны хичээлийн жилд яам бодлогоо тодорхойлсон. Түүнийхээ дараа лаборатори сургуулиудаа сонгоод хөтөлбөрөө бүтэн жил туршсан. Ингээд 2014-2015 оны хичээлийн жилд орон даяар бүх сургуульд хэрэгжүүлж эхэлсэн. Энэ бол маш их зохион байгуулалт сайтай, багш нэг бүр, удирдлага нэг бүр бэлтгэлтэй байсан. Дээр нь удирдлага зохион байгуулалтын хувьд бүгд их цэгцтэй явж байгаагаараа их давуу талтай. Хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн эхний улирлын байдлаар маш сайн гарч байгаа. Хүнд их хүрч байгаа. Багш, эцэг эхчүүд их дэмжиж байгаа.

- Үр дүн гарч байна гэлээ. Жишээ нь яг ямар үр дүн үзүүлж байна вэ? 

-Багш болгон хичээлээ төлөвлөдөг, бэлтгэдэг, хичээлээ сайн явуулах хүсэл эрмэлзэлтэй, зөв хандлагатай болж төлөвшиж байна. Өөрөөр хэлбэл багш ажлын найман цаг, долоо хоногийн 40 цагийг яаж үр дүнтэй өнгөрүүлэх вэ гэдэгт санаа сэтгэлээ зориулдаг болсон. Манай хэлтэс дүүргийнхээ 50 багшийн 50 хичээлд сууж үзсэн. Ингэхэд 50 цагийн хичээлийн 81 хувь нь маш сайн үр дүнтэй буюу яг бидний зориод байгаа агуулга, арга зүйд нийцсэн сайн хичээл боллоо гэсэн дүгнэлт гарсан. Өөрөөр хэлбэл тэр хичээлүүд дээр хүүхдийн хичээл дэх оролцоог бүрэн хангаж чадаж байна.

Багш ажлын найман цаг, долоо хоногийн 40 цагийг яаж үр дүнтэй өнгөрүүлэх вэ гэдэгт санаа сэтгэлээ зориулдаг болсон

Хүүхдүүд хичээлдээ идэвхтэй, дур сонирхолтой оролцож байна. Хүүхдүүд өмнөхөөсөө илүү өөртөө итгэлтэй болсон нь харагдлаа. Өөртөө итгэлтэй болсон хүүхэд юуг ч сурч, хийж чадна шүү дээ. Багш нар маань ч хичээлээ хэрхэн явуулах, хүүхдүүддээ хэрхэн сонирхолтой аргаар ойлгуулах вэ гэдэг учраа олчихсон байна. Одоо аль ч сургуулиар хамаагүй явж ороод, бага ангийн хичээлд суугаад үзээрэй.

Хичээл, хичээлийн явц, сурагчдын хичээлдээ хандах хандлага бүгд өөрчлөгдсөн байгаа. Энэ бол зөвхөн хоёр сарын хугацаанд буюу эхний улиралд гарч байгаа үр дүн. Тэгэхээр дээр дурдсан 81 хувийн амжилт эхний хагас жилийн байдлаар 100 хувь болгоно гэж зорьж, багш нартаа зөвлөж, чиглүүлж ажиллаж байна.

- Шинэ хөтөлбөр хэрэгжүүлэхэд хүндрэл гарч байна уу?

- Мэдээж боловсролын салбарын гол үйл ажиллагаа бол яг тэр нэгж дээр, нэгж удирдаж байгаа удирдлагаас маш их хамааралтай нь энэ шинэчлэлийн явцад харагдаж байна. Удирдлага ямар байгаагаас, түүний ажилдаа хэрхэн хандаж байгаа, шинэ мэдээллийг хэрхэн хүлээж авч байгаа зэргээс шууд хамаарч байна. Тиймээс бид сургуулийн удирдлагуудтай маш сайн хамтарч, ойр ажиллаж байна. Хоёрдугаарт, анги дүүргэлт байна.

Хичээл, хичээл бас дахин хичээл. Т.Ням-Очир

Манай дүүргийн зарим сургуулиуд гурван ээлжээр хичээллэж байгаа. Хэдийгээр яамны зүгээс сургууль, цэцэрлэгийн тоог нэмэх тооцоо судалгаа гаргаж, ажлууд эхлүүлсэн ч төрөөс хангалттай төсөв баталж өгдөггүй. Дээр нь газар олддоггүй гэх мэт асуудлууд үүсдэг. Гэсэн ч энэ бол зөв хүн төлөвшүүлэх шинэ хөтөлбөр хэрэгжүүлэхэд үүссэн ноцтой хүндрэл биш. Энэ бол цаг хугацааны л асуудал.

-Танай дүүрэг хэдэн бага ангийн багш, сурагчтай вэ?

-Нийт 345 бага ангийн багш, 1420 орчим бага ангийн сурагчид байна. Эдгээр багш нар бүгд хөтөлбөртэйгөө танилцаж, сургалтуудад хамрагдсан байх.

- Шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх тал дээр багш бүр ямар бодолтой байгаа бол. Бүгд дэмжиж, хэрэгжүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа болов уу?

- Манай дүүргийн 345 багшийн 99,3 хувь нь бага боловсролын цөм хөтөлбөрийн арга зүйн сургалтанд суусан. Тийм болохоор бид давхар орон нутагтаа сургалт явуулах шаардлагагүй. Тэртэй тэргүй яамнаас багш нараа хангалттай бэлтгээд өгсөн юм чинь. Багш нар бүгд салбарынхаа бодлого чиглэлийг дэмжиж, дуу нэгтэй ажиллаж байгаа. Одоо бэлтгэгдээд ирсэн багш нараа зөв чиглүүлэх, зөв зохион байгуулах асуудал л байна. 

- Цөм хөтөлбөр хэрэгжээд хоёр сар өнгөрлөө. Багагүй үр дүн гарсан юм байна. Одоо цаашид яаж ажиллах вэ?

- Хамгийн гол нь хичээл л юм байна. Бүх бодлого хичээл дээр зангидагдана шүү. Бүх дэмжлэг хичээл дээр байна шүү. Тэгэхээр бид бүгд нийлээд хичээлийн соёлыг төлөвшүүлье, хичээлээ мундаг явуулдаг багш нартай болъё, сайн багш нарын нөөц бүрдүүлье. Тэгээд хичээл сайхан байх юм бол бүх юм сайхан болох юм байна. Бүх төрийн бодлого хичээл дээрээс эхэлдэг систем рүү орчихлоо. Хичээл, хичээл бас дахин хичээл. Хичээлээ л хүртээмжтэй сайн болгохын төлөө ажиллана даа. 


Л.Цог