Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

Шинэ сургууль нэмэгдсэн ч сурагчдын тоо буурчээ

Э.Орхон
2014 оны 11 сарын 4
polit.mn
Зураг зураг

Дэлхийн улс орнууд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс өөрсдийн үндэсний хүний хөгжлийн илтгэлийг жил бүр боловсруулдаг байна.

Харин манай улс энэ илтгэлийг зургаа дахь удаагаа боловсруулахаар БШУЯ, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн холбогдох төлөөлөгч, их, дээд сургууль болон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдыг хамруулан хэлэлцлээ.

Үндэсний хүний хөгжлийн илтгэл нь бие даасан тайлан бөгөөд тухайн улс орны судлаач, шинжээчид хамтран нийгэмд тулгамдаж буй асуудалд дүн шинжилгээ хийх замаар бэлтгэдэг байна. Зургаа дахь удаагийн илтгэлийг “Залгамж үеийнхээ төлөө, Монгол Улсын хөгжилд залуучуудын оролцоо” сэдвээр зохион байгууллаа.

Энэ удаагийн илтгэлд залуучуудын боловсрол, ажил эрхлэлт, эрүүл мэнд зэрэгт түлхүү анхаарна гэдгээ зохион байгуулагчид онцолж байв. Боловсрол гэдгийг иргэд дээд боловсрол эзэмшихээр дүгнэдэг. Гэтэл боловсрол эзэмшинэ гэдэг энгийн зүйлээс эхэлдэг гэдгийг судлаачид ярьж байна.

Боловсрол гэдгийг иргэд дээд боловсрол эзэмшихээр дүгнэдэг. Гэтэл боловсрол эзэмшинэ гэдэг энгийн зүйлээс эхэлдэг.

2010 оны байдлаар манай улсын 16-19 насны нийт залуучуудын 13 хувь нь бичиг үсэггүй бөгөөд үүний 50 гаруй хувь нь эрэгтэйчүүд гэсэн судалгаа гарчээ. Мөн сүүлийн жилүүдэд нийслэлд шинэ сургуулийн тоо 39 хувиар өссөн хэдий ч сурагчдын тоо 18 хувь буурсан гэсэн үзүүлэлт гарсан байна. Харин хөдөө орон нутагт сурагчдын тоо найман хувиар буурчээ.

Мөн есдүгээр анги төгсөөд ахлах ангидаа оролгүй ажилчин, ажилгүйчүүдийн эгнээнд шилжих тохиолдол нийт дунд анги төгсөгчдийн 10 гаруй хувийг эзэлдэг байна гэсэн судалгааг олон улсын байгууллагаас гаргасныг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зөвлөх, судлаач Д.Хишигбуян танилцуулав.

Түүнчлэн их, дээд сургууль төгссөн залуусыг ажлын байранд авахдаа тавьдаг шалгуур нь бодит байдалд нийцдэггүй зэрэг залууст тулгардаг бэрхшээл олон байгаа гэдгийг судлаачид онцоллоо.

БШУЯ-ны Стратеги бодлого, төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр

“Шинэчлэлийн Засгийн газар дээд  боловсрол болон боловсролын төвшинд чанарын шинэчлэл хийхээр зорьсон. Чанарын шинэчлэл гэдэг нь тухайн боловсрол эзэмшиж байгаа хүн бүр мэргэжлийн болоод хувь хүний ур чадвартай иргэн болж төлөвших явдал юм. Үүний дагуу чанарын шинэчлэл хийж байгаа.

1992 оноос НҮБ-ийн Хүний хөгжлийн хөтөлбөрөөс 2-3 жил тутамд энэ төрлийн илтгэлүүд тавьж эхэлсэн. Энэхүү илтгэл бодит байдлыг судалсан судалгаа, цаашдын гарц шийдэл зэрэг олон талт ач холбогдолтой. Манай улс1997 оноос хойш зургаа дахь илтгэлээ бичиж байна. Манай улсын хөгжлийн гол төв бол хүн. Тэр дундаа хүн амын дийлэнхийг эзэлж байгаа залуучуудын оролцоонд гол анхаарлаа хандуулж байна. 2014-2024 он хүртэл төрөөс боловсролын талаар тодорхойлж байгаа бодлогын нэг нь энэ юм. 

Мөн боловсролын чанарын шинэчлэлтэй энэ илтгэл бичих цаг үе давхдаж байгаа нь чухал ач холбогдолтой болж байна. Бид боловсрол гэхээр дээд боловсрол руу бүх бурууг чихдэг. Гэтэл сургуулийн өмнөх болон бага боловсрол, ерөнхий боловсрол зэрэг нь хоорондоо харилцан хамааралтай байдаг. Тиймээс залуучуудын оролцоонд суурилж, залуучуудад тулгарч байгаа бэрхшээлд түлхүү анхаарах болно” хэмээн БШУЯ-ны Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр ярилаа.



Харин “Толь” дунд сургуулиин 11 дүгээр ангийн сурагч А.Билгүүн “Би сургуулиа төгсөөд их сургуульд орно, Миний мөрөөдөл зохиолч болох. Гэхдээ өөрийн эдийн засгийг дэмжихийн тулд мөн ээж аавынхаа зөвлөснөөр эдийн засагчаар сурахаар шийдсэн. Харин нас тогтсоныхоо дараа сонирхлынхоо дагуу зохиол бичиж эхэлнэ гэж боддог. Өөрийгөө хөгжүүлж боловсрол эзэмшихэд санхүүгийн бэрхшээл нэлээд гардаг гэхдээ тухайн хүн өөрөө хичээгээд хөдөлмөрлөж чадвал юуг ч сурч болно гэж боддог” гэв.

Ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчид мэргэжлээ сонгохдоо мэдээ мэдээлэл дутмагаас буруу сонгох, эцэг эхийнхээ зөвлөгөө, шахалтаар эсвэл сэтгэл хөдлөлөөрөө шийддэг гэдгийг судлаач нар ярьж байв. Тиймээс энэ мэт залуусын боловсрол эзэмшихэд тулгарч байгаа саад бэрхшээлийг арилгах, засч залруулах бодлого үгүйлэгдэж байгаа гэсэн юм.

Зураг