Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/11/04-НД НИЙТЛЭГДСЭН

Бага ангийн багш нар эцэг эхчүүдийн оролцоог нэмэгдүүлэхээр ажиллаж байна

ikon.mn
2014 оны 11 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Аймаг, нийслэл, дүүргийн Боловсролын газар, хэлтсийн дарга, бага боловсрол хариуцсан мэргэжилтнүүдийн уулзалт, семинар болж байна. Тэд энэ хичээлийн жилээс орон даяар хэрэгжүүлж байгаа бага боловсролын цөм хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, тулгамдсан асуудлын талаар ярилцаж байгаа юм.

Хэрэгжүүлэхийн өмнө лаборатори 40 сургуульд бүтэн жил туршиж, багш нараа нарийн зохион байгуулалттайгаар сурган, бэлтгэл ажлаа сайн хийсэн болохоор шинэ хөтөлбөр өнгөрсөн хоёр сарын хугацаанд багагүй үр дүн үзүүлж байгаа тухай уулзалтад оролцогчид хэлж байлаа.

Харин тулгамдаж байгаа нийтлэг асуудал нь хуучин сургалтын арга барилдаа дасал болсон багш, эцэг эхчүүдийн хандлагыг өөрчлөх явдал байна гэв.

Тухайлбал, хүүхдүүд ярих, бусадтай харилцах чадвар суулгах хичээлд дэвтэрт тэр болгон тэмдэглэл хийдэггүй. Гэтэл эцэг эхчүүд манай хүүхдийн дэвтэр хоосон байна, та нар юм зааж байгаа юм уу гэхчилэн гомдол мэдүүлдэг байна. Хуучин сургалтын үед хүүхдээр өөрөөр нь хийлгэж, чадавхжуулах гэхээсээ илүү судлуулж, цээжлүүлдэг байсан.

Өөрөөр хэлбэл хүүхэд ярих, харилцах чадварын тухай онолыг дэвтэртээ бичиж, уншин дараа нь шалгуулж дүн авдаг байсан. Харин одоо бол сургах гэж байгаа зүйлээ хийх дээр өөрөөр нь хийлгэдэг арга барилд шилжсэн байна.

Тиймээс эцэг эхчүүдийн оролцоог ахиулах тал дээр боловсролын байгууллага, багш нар ихэд анхаарч байгаа аж. 

Уулзалт гурван өдөр үргэлжилэх юм байна. Өнөөдөр дээрх сэдвээр ярилцаж, хоорондоо туршлага судлаад маргааш дүгнэж хуралдана. Харин нөгөөдөр энэ жилээс туршиж эхлэх суурь боловсролын шинэчилсэн хөтөлбөрийг танилцуулж, санал солилцох юм