Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

Их говийн тэмээний баяр болно

Монголын мэдээ
2014 оны 10 сарын 25
Монголын мэдээ
Зураг зураг

Их говийн тэмээний баяр, тэмээчдийн их наадмыг ес дэх удаагаа зохион байгуулах талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ.

Уг баяр ирэх сарын 16,17-нд Говь-Алтай аймгийн Төгрөг суманд болох юм. “Их говийн тэмээний баяр”-ыг УИХ-ын гишүүн Ц.Дашдорж анх 2005 онд санаачлан зохион байгуулснаас хойш уламжлал болон тогтсон бөгөөд энэ жил Үйлдвэр, Хөдөө аж ахуйн яам хамтрахаар болжээ.

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас энэ арга хэмжээний үеэр Тэмээчдийн зөвөлгөөнийг хийж, тэмээн сүргийн тоо толгойг өсгөх чиглэлд төрөөс явуулж буй бодлого, чиглэлийн талаар хэлэлцэж, тэмээчдийнхээ санал бодлыг сонсох юм байна.

Тэмээний баярын хүрээнд хурдан ат, торомны уралдаан, тэмээчдийн буухиа тэмцээн болж, сайхан тэмээтэй ганган хос болон үржлийн шилмэл ингэ буур шалгаруулдаг уламжлалтай.

Түүнчлэн тэмээний шилдэг сүүн болон ноосон бүтээгдэхүүн, ганган хэрэглэл шалгаруулах үзэсгэлэн худалдаа, тэмээ, тэмээчин, говь нутгийн тухай дуу, бүжиг, ерөөл магтаалыг багтаасан урлагийн тэмцээн болох юм байна. Уралдаан тэмцээн тус бүрийн шалгаруулалтаас гадна шилдэг зохион байгуулалттай оролцсон эхний таван сумыг шалгаруулан шагнадаг аж.

Мөн тэмээгээ жил дараалан тогтвортой өсгөж, ашиг шимийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тэмээ маллагааны арвин баялаг туршлага хуримтлуулсан шилдгийн шилдэг нэг тэмээчнийг хүндэт өргөмжлөл, 10 лангийн мөнгөн буйл, шилдэг хоёр тэмээчнийг хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулахаар болжээ.

Зураг