Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Боловсролын салбарт хөрөнгө оруулъя"

Б.Туул
2014 оны 9 сарын 24
Зууны мэдээ
Зураг зураг

Жилийн жилд их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийн нэмэгдэл эцэг, эхчүүдийн толгойны өвчин болдог. 

Гэтэл оюутнуудыг угтаж буй сургалтын орчин, багш нарын заах арга барилд дэвшил гардаггүй. Уг нь бол хэн ч харсан сургалтын төлбөрийн нэмэгдлийг дагаад сургалтын чанар сайжрах нь ойлгомжтой. Гэтэл манайд харин ч эсрэгээрээ үнэ, чанар хоёр нь хоорондоо нэмэх, хасахаар өрсөлдөхөөс илүү үр дүн гардаггүй. 

Өөрөөр хэлбэл, дээд боловсролын системдээ бид дорвитой өөрчлөлт хийхгүй байсаар дутуу боловсорсон “түүхий ” нөхдөөр ажилгүйчүүдийнхээ тоог өргөжүүлж, араас нь сураг ажиг тавиад ч ахиц, дэвшил гарахгүй чимээгүй нийгэмд, хэл амаа билүүдсэн болоод өнгөрдөг байсан. Тэгвэл энэ жил боловсролын салбарын гажуудлыг өөрчлөхөөр БШУЯ эрвийх дэрвийхээрээ ажиллаж байна. 

Хэл амтай ч гэсэн их, дээд сургуулиудынхаа данхар бүтцийг цөөлж, давхардсан мэргэжлүүдийг нь цомтхотгосон. Олон жил уламжлалт арга барилаар хичээллэж ирсэн доктор, профессеруудын зарим шинэчлэлд таатай хандахгүй байгаа ч энэ нь хэдэн цагийн лекц уншсан болоод явдаг багш нарын арга барилыг өөрчилж эхэлжээ. 

Энэ жил боловсролын салбарын гажуудлыг өөрчлөхөөр БШУЯ эрвийх дэрвийхээрээ ажиллаж байна. 

Мэдлэг чадвартай нэгэнд нь хөгжиж, дэвших боломжийг илүү нээлттэй олгож байгаа учраас ахмад багш нар хүртэл өөрсдийнхөө арга барилыг өөрчлөөд эхэлсэн гэдгийг оюутнууд хэлж байна.

Мөн сар бүр авдаг 70 мянган төгрөгийн тэтгэлгээ хүлээгээд суучихдаг оюутнуудын дунд ч бас өрсөлдөөн бий болжээ. Сурлага сайтай оюутнуудыг сургалтын төрийн сангаас санхүүжүүлж, 70 мянган төгрөгийн тэтгэлгийг зөвхөн онц сурлагатнуудад өгнө гэсэн журам үйлчилж байгаа нь оюутнуудыг нойрноосоо сэрэхэд хүргэжээ.

Тэтгэлгээр суралцах хүсэлтэй оюутнуудын тоо нэмэгдэж, элсэгчдийн дундаж оноо 610-т хүрсэн байна. Нийгмийн цөөнх гэгддэг эрэгтэй оюутнуудын TOO боловсролын салбарт, тэр тусмаа багшийн сургуульд нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Үүнээс үзэхэд боловсролын салбарт шинэ салхи сэвэлзэж эхэлжээ.

Тиймээс дээд боловсролыг чанаржуулах зорилтынхоо хүрээнд боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийе. Ингэж хэлсний учир нь, ирэх сарын 5-нд “Олон улсын багш нарын өдөр” болно. 1994 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын 5-ныг Олон улсын багш нарын баярын өдөр болгон дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. Манай улс энэ өдрийг анх удаа дэлхийн улс орнуудтай цуг тэмдэглэх гэж байна. 

Энэ жил Олон улсын багш нарын өдрийг дэлхий нийтээр “Боловсролын салбарт хөрөнгө оруулъя” гэсэн уриан дор тэмдэглэх юм. Тиймээс манай улс ч гэсэн энэ уриан дор нэгдэж, эрдмийн их аянд эрэл хайгуул хийж байгаа багш нарт, ихийг сурч мэдэхийн төлөө өөрийгөө дайчилж байгаа оюутан залууст дэмжлэг үзүүлье. Боловсролын салбартаа хөрөнгө оруулъя.

Зураг